Э.МИШЭЭЛ
Өнөөдөр (2024.05.22) “Чухал ашигт малтмал: Монголын болон глобал чиг хандлага, бодлого, практик” сэдэвт эрдэс баялгийн семинар боллоо. Тус хоёр дахь удаагийн семинар чухал ашигт малтмалын дэлхийн чиг хандлага, чухал ашигт малтмалын Монгол Улсын бодлого, уур амьсгалын өөрчлөлт болон чухал ашигт малтмал гэсэн сэдвүүдийг хөндсөн юм.
Семинарыг нээж УУХҮЯ-ны Уул уурхайн бодлогын газрын дарга М.Мэндбаяр үг хэлсэн. Тэрээр “БНСУ, АНУ, Франц, Польш зэрэг улстай манай улс чухал ашигт малтмалын салбарт хамтын ажиллагааг өргөжүүлж байгаа бөгөөд агаарын геофизикийн судалгааны ажлыг 2024 онд Дундговь, Дорноговь аймгийн ихэнх нутаг дэвсгэрийг хамарсан олон улсын тендер зарласны дагуу эхлүүлээд байна. Өндөр технологийн эрэлт хэрэгцээ жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа өнөө үед дижитал ертөнц, жолоочгүй автомашин, үүлэн технологид суурилсан робот, эрүүл мэндийн салбарын тоног төхөөрөмж, виртуал ертөнц, ухаалаг утас, ирээдүйн уул уурхай, цөмийн эрчим хүч зэрэгт шаардлагатай нөөц баялаг хангахуйц хэмжээнд байгаа эсэхэд эртнээс анхаарах хэрэгтэй болсон. Эдгээрт анхаарахад эрдэмтэд судлаачид, салбарын хамт олны санал зөвлөмж, оролцоо чухал гэдгийг онцлон тэмдэглэе” гэв.
Тус семинар нь "чухал" ашигт малтмалын өнөөгийн нөхцөл байдал, чиг хандлагын талаар мэргэжлийн байгууллагын судлаачид харилцан мэдээлэл солилцох, хэлэлцүүлэг өрнүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилготой юм.
Зарим улс орнууд чухал ашигт малтмал гэдэгт зэсийг оруулсан байна. Тэгвэл Монгол Улсын хувьд тодорхой хугацаанд олборлох зорилт тавьж, улс орны эдийн засгийн салшгүй нэг хэсэг болгон зэсийг чухал ашигт малтмалын тоонд оруулж болох талаар семинарт оролцогчид саналаа хуваалцлаа.
Монгол Улсын хувьд уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн татварыг чухал ашигт малтмал дахь дэлхийн чиг хандлагатай уялдуулан нэмж болохыг “Уур амьсгалын өөрчлөлт, тогтвортой хөгжлийн судалгаа хөгжлийн төв”-ийн гүйцэтгэх захирал Ш.Анармаа хэллээ.
Энэ удаагийн “Чухал ашигт малтмал”-ын семинарт УУХҮЯ, “Эрдэнэс Монгол” ХХК, Канад Улсын Калгари Их Сургууль, БНХАУ-ын Элчин сайдын яам зэрэг байгууллагын төлөөлөл оролцсоноор онцлогтой боллоо.