Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбооны Дэд ерөнхийлөгч, доктор Томас Холленбергтэй MSight-ийн Э.Мишээл ярилцлаа.
Та уншигчдад өөрийгөө танилцуулна уу?
Намайг доктор Томас Холленберг гэдэг. Миний үндсэн мэргэжил бол уул уурхайн инженер. Хорь гаруй жил уул уурхайн бизнесийн чиглэлээр дагнан ажиллаж байгаад 2009 оноос хойш уул уурхайн зөвлөх, хажуугаар нь цагаар багшилж байна. Багшийн ажлын хувьд ХБНГУ-ын Клаустал Технологийн Их Сургуульд багшилж, Намиби Улсын Виндхук хотын Намибигийн Шинжлэх Ухаан, Технологийн Их Сургуулийн Уул уурхайн инженер хөтөлбөрийн захирал, профессор хийж байсан. 2018 онд Намибигаас Германд буцаж ирсэн. 2020 онд Герман дахь олон улсын оюутнуудад сар бүр тэтгэлэг олгодог Германы Эрдмийн Солилцооны Албанд орсон. Хэрэв би буруу санаагүй бол 200 орчим монгол оюутанд ийм тэтгэлэг олгоод байна. Энэ хооронд зөвлөхийн бизнесийн ажлаа өргөжүүлсээр байгаа. Сүүлийн жилүүдэд би зөвхөн оюутнуудаар хязгаарлахгүй монголчуудтай уулзаж, хуримтлуулсан мэдлэг, ойлголтоо хуваалцахаар хэлэлцүүлэг өрнүүлж байна. Монгол Улсын уул уурхайн салбартай 2014 онд Дэлхийн банкны санхүүжүүлсэн “Эрдэнэс Монгол” ХХК болон охин компаниудын стратеги төлөвлөгөө боловсруулах ажлаар холбогдсон. Мөн 2020 онд “Оюутолгой” гэрээний асуудалд УУХҮЯ-ны дэргэд уул уурхайн зөвлөх багт орж ажилласан. ХБНГУ-ын Холбооны Гео шинжлэх ухаан, байгалийн нөөцийн хүрээлэнгийн өмнөөс УУХҮЯ, АМГТГ, ҮГА-нд олон улсын JORC болон NI 43-101 таамаг нөөц, геологийн нөөц тооцох аргачлалыг Монголын аргатай харьцуулан сургалт явууллаа. Түүнчлэн гадаргын болон далд газрын геомеханик, геотехникийн чиглэлээр сургалтууд явуулж байсан. Зөвлөх, сургалтын ажлууд хийхээс гадна 2021 онд “Монголын уул уурхай”, 2023 онд “Монголын тээвэр, логистик” гэсэн сэдвээр судалгааны ажил бичиж, манай ГерманМонголын Бизнес Эрхлэгчдийн Холбоо (ГМБЭХ)- ны сайтад байршуулсан. Өнгөрсөн жилээс ГМБЭХ-ны жил бүр явуулдаг хурлаар холбооны дэд ерөнхийлөгчийн албыг хаших болсон. Энэ жил газрын ховор элементийн судалгаагаа танилцуулах төлөвлөгөөтэй байна.
Герман-Монголын Бизнес Эрхлэгчдийн Холбооны талаар танилцуулна уу? Танай холбооны хувьд хоёр орны бизнес эрхлэгчдэд хэрхэн тусалж, хамтарч ажиллаж байна вэ?
ГМБЭХ нь Улаанбаатар хотод 1995 онд анх байгуулагдаж, 2009 оноос бүртгэгдсэн төрийн бус байгууллага. ГМБЭХ нь ХБНГУ-ын гадаад улс орнууд дахь Худалдаа, аж үйлдвэрийн танхимын үйлчилгээг Монгол Улсад санал болгодог. Мөн Германы Аж Үйлдвэрийн Холбооны түнш байгууллага. Хоёр улсын эдийн засгийн чухал үүрэг гүйцэтгэгчээр ажилладаг. Манай холбоо Германы бизнес эрхлэгчдэд Монгол Улсын татвар, хөрөнгө оруулалт, уул уурхайн хууль, эрх зүйн орчин гээд олон талын зөвлөгөө өгдөг. Тухайн харилцагч ямар зөвлөгөө авах талаараа бидэн рүү илгээвэл хариулдаг. Монголд ирж байгаа Герман компаниуд ихэнх нь манайхаар дамжин ирж байгаа. Одоогоор би Германаас манай холбооны хоёр бизнесийн түнштэй ирчихсэн, Монгол Улсын холбогдох төрийн албаныхтай уулзалт хийгээд явж байна. Энэ хоёр компани Монголд хайгуулын болон ашиглалтын лиценз эзэмшдэг. Аль хэдийнээ Монголд алтны чиглэлээр лиценз худалдаж авсан хөрөнгө оруулагч нар, бас гангийн үйлдвэр байгуулахыг талын мэдээллийг сонирхож ирсэн. Энэ компаниуд олсон ашгаа эргээд Монголд хөрөнгө оруулж, бизнесээ томруулж, нэмүү өртгөө шингээх гэсэн байдлаар урт хугацааны төлөвлөгөө хэрэгжүүлэхээр зорьж байна.
Өнгөрсөн хугацаанд Монгол Улс, ХБНГУ-ын хоорондох эдийн засаг, бизнесийн харилцааг ахиулахад танай холбоо ямар үүрэгтэй ажиллаж ирсэн бэ?
Манай холбооны үйл ажиллагаа бол Герман, Монголын бизнесийн гүүр нь болдог. Аль аль талынхаа бизнес эрхлэгчдэд бизнесээ эхлүүлэх явцыг нь хялбарчилж өгдөг. Гишүүн байгууллагуудтайгаа байнгын холбоо харилцаатай байж, мэдээлэл солилцоход тусалдаг. Манай холбооны хамтрагч Герман-Монголын Эдийн засгийн хороо гэж бий. Энэ хороог Монгол Улсад 2011 онд ХБНГУ-ын Канцлер Ангела Меркел төрийн албан ёсны айлчлал хийх үеэр байгуулж байсан. Хорооны зүгээс жил бүр хоёр улсын улс төрийн болон бизнесийн томоохон төлөөллүүдийн уулзалтыг зохион байгуулдаг. Герман, Монголын бизнесийн орчин, бизнес эрхлэгчдийг хооронд нь таниулахын тулд хоёр орны бизнесийн арга хэмжээнүүдийг хамтран ажиллагч нартаа мэдээлдэг. ГМБЭХ-ны хувьд өргөн хүрээний эдийн засаг, бизнесийн хамтрагчидтай. Манай холбоо Монгол Улсад үйл ажиллагаа явуулдаг гадаадын байгууллагуудаас хамгийн олон буюу 105 компанийг нэгтгээд байна.
Та өмнө нь Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургуульд багшилж байсан шүү дээ?
Би Монгол-Германы хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль (МГТИС)-ын доктор Рольф Петер гэсэн хүнээр дамжуулан 2015 онд анх холбогдож байсан. МГТИС-д ажиллахаар 2021 онд Монголд ирж, 2022 онд дэд ректороор ажиллах болсон. МГТИС-д багшилж байх хугацаандаа инженерийн хөтөлбөрүүдийг шинэчилж, Германы хоёр их сургуультай хамтын ажиллагаа үүсгэсэн. Өнгөрсөн жилийн зургаадугаар сард ажлаа хүлээлгэж өгөх үедээ МГТИС-ийн ивээл дор таван тивийн профессор, аж үйлдвэрийн төлөөлөгчдийг цуглуулдаг Уул уурхайн профессоруудын нийгэмлэгийн Олон улсын бүсийн хурлыг зохион байгуулж, удирдаж явуулсан. ГМБЭХ ШУТИС-тай ноу-хау талаасаа хамтарч ажилладаг. Ер нь Монголд уул уурхайн нарийн мэргэжлийн мэргэжилтнүүдийн асуудал тулгардаг. МГТИС-д ажиллах хугацаанд ХБНГУ руу геомеханик чиглэлийн дадлагаар хэд хэдэн оюутан явуулсан. Эдгээр төгсөгчид одоо Оюутолгой уурхайд ажиллаж байгаа. Миний төгсөгчдийн нэг Австралид геотехникийн инженерээр суралцаж байна. Герман гэлтгүй улс орнуудад сурч төгссөн, тэндээ амьдардаг монгол хүмүүс цахимаар Монголын компаниудад туршлагаа харамгүй хуваалцдаг.
Таны газрын ховор элементийн судалгаа энэ жил ГМБЭХ-ны сайтад тавигдана гэлээ. Монгол Улс дэлхийн хамгийн том газрын ховор элементийн олборлогч, үйлдвэрлэгч улстай хөрш. Хэрэв манайд газрын ховор элементийн олборлож эхэлбэл улс төр, байгаль орчны талаас сайн, муу ямар үр дагавар гарч болох вэ?
Монгол Улс хоёр аварга том хөршийн дунд оршдог. Хөрш орнуудаар дамжин өнгөрөхгүй байх нэг тээврийн хэрэгсэл байгаа нь агаарын тээвэр. Ийм тээврийн хэрэгсэл өөрөө хязгаарлагдмал хүчин чадалтай. Дээр хэлсэн, Монголд ирсэн Германы хоёр хөрөнгө оруулагчтай ярилцаж байхад ган үйлдвэр заавал том байх албагүй. Гэр бүлийн бизнес, цех маягаар хийж болох юм гэсэн. Түүнээс гадна бусад түүхий эдийг ч ийм жижиг үйлдвэрлэлээр явуулж болох боломжтой. Хэрэв гангийн томоохон үйлдвэр байгуулахаар Германаас тоног төхөөрөмж авчрахаар болбол одоогийн нөхцөлд Оросоор дайрах боломжгүй. Тэгэхээр нөгөө талаас буюу Хятадаар дайрах болж байна. Гэтэл Хятад өөрөө дэлхийн хамгийн том ган үйлдвэрлэгч. Тэгвэл Монгол Улсад баригдах ган үйлдвэрийн технологийг нутаг дээгүүрээ явуулахыг зөвшөөрөх үү гэдгийг бас бодож үзэх болдог. Мөн Монгол Улс ган үйлдвэрлэгч боллоо. Өөрсдийн хэрэгцээгээ хангаад үүнийгээ экспортлох гэвэл бас асуудалтай тулгарч магадгүй. Монголын хувьд анхан шатнаас дараагийн шатны боловсруулалт руу шилжиж, уул уурхайн бүтээгдэхүүнийг экспортлох илүү боломжтой гэж хардаг. Газрын ховор элемент олборлоход улс төр, байгаль орчны хувьд сайн, муу талтай байж болно. Монголчууд өөрсдөө сайн судлах хэрэгтэй. БНХАУ-ын хувьд үндэсний бодлоготойгоо уялдуулан дэлхийн өнцөг булан бүрд газрын ховор элемент, критикал минералын ордуудыг стратегийнхаа хүрээнд эзэмшдэг. Гэхдээ БНХАУ хүнд, хөнгөн газрын ховор элементийн бүх төрлийн боловсруулалтаар тэргүүлж байна. АНУ хүртэл техник, технологитой боловч олборлосон газрын ховор элементээ боловсруулахын тулд Хятад руу экспортолдог. Яагаад вэ гэхээр байгаль орчинд хортой. Түүнээс гадна боловсруулж буй хүмүүсийн эрүүл мэндэд ч тэр. Иймээс Монгол Улс газрын ховор элементийг олборлох, боловсруулах талаар сайн судлах шаардлагатай. Монголчууд газрын ховор элементийн ноу-хауг судлаад 10 гаруй жил болж байна. Ийм хугацаа хангалтгүй. Гэхдээ цаашид судлах хэрэгтэй, энэ хугацаанд технологи илүү хөгжинө. Монголоос гадна дэлхийн бусад улсууд ч тэр хүн, байгальд хортой тооцоололгүй олборлолт битгий хийгээсэй гэж хүсдэг.
Ярилцсанд баярлалаа.
Майнинг Инсайт сэтгүүл, Гуравдугаар сар 2024 №3 (028)