Биржээр 14 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжлаа

БИРЖИЙН АРИЛЖААНЫ ЭХНИЙ ТАВАН САРЫН ТОЙМ

(2024.01.05-05.31)

Э.МИШЭЭЛ

2024 оны эхний таван сард Монголын хөрөнгийн биржээр 1.7 тэрбум ам.долларын, 14 сая тонн уул уурхайн бүтээгдэхүүн арилжлаа. Нийт 397 арилжааны хуваарь зарласнаас 70 хувь нь амжилттай боллоо. Биржээр нүүрс, төмөр, зэсийн 12 төрлийн бүтээгдэхүүн арилжаалж байна. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжааны мэдээллээс багцлан хүргэе.  

Өнгөрсөн онтой харьцуулахад арилжаанд оролцогч компаниудын идэвх сайжирсан байна. Тухайлбал, “Энержи Ресурс” ХХК-ийн нэг удаад арилжих баяжуулсан коксжих нүүрсний хэмжээг 12,800-19,200 тонн болгон өсгөсөн. Мөн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрс гэсэн төрлийг нэмжээ. Тус компани 19,200 тонн, 25,600 тонн гэсэн тогтмол жингээр нүүрсний арилжаанд оролцож байна. Түүнээс гадна өдөрт хоёр дуудлага худалдааны хуваарь зарлаж байсан бол тавдугаар сарын 22-нд гурван хуваарь зарлаж, амжилттай арилжлаа. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК тавдугаар сард эрчим хүчний нүүрс дотроо битумт, үл барьцалдах нүүрс гэсэн төрлийг нэмсэнээр биржийн арилжаанд хамгийн олон төрлийн бүтээгдэхүүнээр оролцож байна.  

Биржийн нүүрсний арилжаанд дөрвөн компани өнгөрсөн оноос тогтмол оролцож байгаа. Тэдэнд дээр “Монголын Алт (МАК)” 1/3 коксжих нүүрсээр тавдугаар сард нэгдлээ.  


Уул уурхайн бүтээгдэхүүний амжилттай арилжааны 41 хувийг гурван төрлийн төмрийн арилжаа эзэлж байна. Төмрийн 58 болон 52 хувийн хүдэр он гарснаас хойших төмрийн арилжааны 80 хувийг бүрдүүлжээ. 


Зэсийн баяжмалыг биржээр арилжаалах Засгийн газрын тогтоолын дагуу “Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ дөрөвдүгээр сарын 28-ны өдөр анхны арилжаанд оролцов. Тус үйлдвэр анхны арилжаагаар 22.35 хувийн агуулгатай 2,718 хуурай метр тонн (ХМТ) зэсийг 5.8 сая ам.доллароор борлуулсан байна. 

Нүүрсний хамгийн өндөр үнийн өсөлт хоёрдугаар сард бүртгэгдлээ. Арилжааны үеийн үнийн өсөлт нэгдүгээр сард 11.7 хувь, хоёрдугаар сард 14 хувь, гуравдугаар сард 8.4 хувь, дөрөвдүгээр сард 9.8 хувь, тавдугаар сард 8 хувьтай байлаа. Нүүрсний дуудлага арилжааны 1/3 нь тавдугаар сард хийгджээ.

Тавдугаар сарын 20-ноос хойш 58 болон 52 хувийн төмрийн хүдрийн арилжаа идэвхтэй явагдлаа. Нийт 26 арилжааны үнийн өсөлт дунджаар 11.2 хувь болж огцом өссөн юм. Төмрийн арилжааны үнийн өсөлт нэгдүгээр сард 1.7 хувь, хоёрдугаар сард 3.7 хувь, гуравдугаар сард 0.3 хувь,  дөрөвдүгээр сард 6.4 хувь, тавдугаар сард  дунжаар 8 хувьтай  байв. 

Оны эхний таван сарын нүүрсний арилжаа

Аж ахуйн нэгжийн нэр

Төрөл

Арилжсан хэмжээ

Арилжаанд оролцсон тоо

"Эрдэнэс Тавантолгой" ХК

1/3 коксжих нүүрс

6.3 сая тн

13

"Эрдэнэс Тавантолгой" ХК

Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс

2.8 сая тн

5

"Эрдэнэс Тавантолгой" ХК

Эрчим хүчний нүүрс

576 мян.тн

3

"Эрдэнэс Тавантолгой" ХК

Эрчим хүчний нүүрс /Битумт, үл барьцалдах нүүрс/

320 мян.тн

1

"Эрдэнэс Тавантолгой" ХК

Дэгдэмхий бодис дундаас их хийн нүүрс

128 мян.тн

1

"Энержи Ресурс" ХХК

Баяжуулсан коксжих нүүрс

1.4 сая тн

83

"Энержи Ресурс" ХХК

Баяжуулсан дунд зэрэг үнстэй, хагас хатуу коксжих нүүрс

1 сая тн

44

"Тавантолгой" ХК

Дэгдэмхий бодис дунд, коксжих нүүрс

467 мян.тн

3

"Хангад Эксплорэйшн" ХХК

Баяжуулсан сул коксжих нүүрс

38 мян.тн

3

"Монгол Алт" (МАК) ХХК

1/3 коксжих нүүрс

3 мян.тн

1

НИЙТ

13.3 сая тн

157

 

Оны эхний таван сарын төмрийн арилжаа

Аж ахуйн нэгжийн нэр

Төрөл

Хэмжээ

Арилжаанд оролцсон тоо

"Монголросцветмет" ТӨҮГ

Төмрийн баяжмал FE-65%

358 мян.тн

56

"Дарханы Төмөрлөгийн Үйлдвэр" ХХК

Төмрийн хүдэр FE-58%

292 мян.тн

39

"Монголросцветмет" ТӨҮГ

Төмрийн хүдэр FE-52%

161 мян.тн

24

 

                           НИЙТ

813 мянган тн

119

 

Оны эхний таван сарын зэсийн арилжаа

Аж ахуйн нэгжийн нэр

Төрөл

Хэмжээ

Арилжаанд оролцсон тоо

“Эрдэнэт Үйлдвэр” ТӨҮГ

22.35%-ийн зэсийн агуулгатай баяжмал

5.4 мянган хуурай метр тн

2

 

Эх сурвалж: МХБ