БНХАУ-аас хөрөнгө оруулалт татахаар алт, нүүрсний төслүүдээ танилцуулна

Зургийн тайлбар: “Торгоны замын хөрөнгө оруулалт: Уул уурхайн төслийн танилцуулга” 

(Бээжин хот, Монголын соёл мэдээллийн төв2024.04.26)

Э.МИШЭЭЛ

Гурав дахь удаагийн "Торгоны замын хөрөнгө оруулалт: Алт, нүүрсний төслийн танилцуулга" арга хэмжээ Бээжин хотод наймдугаар сарын 16-нд зохион байгуулагдана. Энэ удаагийн арга хэмжээ "Хөрөнгө оруулалтын нээлттэй өдөрлөг" үндсэн сэдвийн хүрээнд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Мөн дөрөвдүгээр сард болсон хоёр дахь удаагийн арга хэмжээний оролцогчдын эрэлтэд тулгуурлаж алт, нүүрсийг онцлохоор болжээ. 

Монгол Улс, БНХАУ-ын хөрөнгө оруулагч нарт зориулсан арга хэмжээ энэ удаа УИХ-ын ээлжит сонгуулийн дараа явагдана. Иймээс зохион байгуулагчдын зүгээс сонгуулийн үр дүнд үндэслэн эрх баригч намаас баримтлах бодлогын чиглэл, тэр дундаа салбарын шинэчлэл, хайгуулын талаар холбогдох мэдээллийг албаны эх сурвалжтай хүргэхээр зорьж байна. 

Өмнөх буюу хоёр дахь удаагийн арга хэмжээ "Торгоны замын хөрөнгө оруулалт: Уул уурхайн төслийн танилцуулга"-ыг хүрээнд явагдсан. Энэ үеэр БНХАУ-д суугаа ЭСЯ, УУХҮЯ, Хятадын Азийн эдийн засгийн хөгжлийн нийгэмлэг, Уул уурхайн мэргэжлийн хороо, хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон байна. 


Уул уурхайн төслийн танилцуулгад лити, алт, жонш, агаарын геофизикийн судалгаа, нүүрс, байгалийн хий, молибден-вольфрам, никель-кобальт, газрын ховор элемент, алт-зэсийг багтааж байсан. Тухайлбал, Тайшир төслийн тунамал гаралтай литийн хайгуул, урьдчилсан таамаг нөөц 40 сая тонн хүрсэн Агуйт төмрийн төсөл, "Геосан" ХХК агаарын геофизикийн судалгаа, чартер нислэг, "Эрдэнэс Монгол" ҮТП Багануурын хүрэн нүүрс дээр тулгуурласан нийлэг байгалийн хий үйлдвэрлэх төсөл, "Тригтек" ХХК алтны үндсэн орд, молибден-вольфрамын үндсэн орд, молибден-зэсийн үндсэн орд, нүүрсний орд, Ni-Co төсөл, Халзан бүрэгтэй төслийн ойролцоо Zr-Nb-Ree илрэл бүхий 7 талбай, Баян айраг ордын зэргэлдээ алт-зэсийн үндсэн ордод хөрөнгө оруулалт татахаар оролцсон байна. 

Зургийн тайлбар: “Торгоны замын хөрөнгө оруулалт: Уул уурхайн төслийн танилцуулга”-ын зохион байгуулагчид

Өнгөрсөн удаа зохион байгуулагчдаас гадна БНХАУ-ын 60 орчим оролцогч бүртгүүлсэн байна. Тэдний хувьд зэс, коксжих нүүрс, алт, берилли, төмрийн хүдэр, уран, хөнгөн цагаан, аж үйлдвэрийн ашигт малтмал, металлын хүдэр, лити, кобальт, никель, өнгөт металл, молибдени, хар тугалга, цайр, мөнгө, жонш гэсэн ордуудыг сонирхож буйгаа илэрхийлсэн байна. Иймээс хамгийн их давтагдсан алт, нүүрсийг гурав дахь удаагийн арга хэмжээнд сонгон авчээ. 

Зохион байгуулагч "Тригтек" ХХК нь зөвлөх үйлчилгээ үзүүлдэг мэргэшсэн компани юм. Тус компани хайгуул болон олборлолтын шатны 20 гаруй төслийн хүрээнд Канад, Англи, Хятад, Сингапур зэрэг улсын хөрөнгө оруулагчидтай хөрөнгө оруулалтын зөвлөх үйлчилгээний гэрээгээр хамтран ажиллаж байна.