Ардчиллыг анхаарлын төвд авчирсан сонгууль

Ерөнхий эрхлэгч Н.АРИУНТУЯА

ariun@mininginsight.mn

Ес дэх удаагийн УИХ-ын сонгуулийн үр дүнгээр Монголын улс төрийн нэгэн шинэ мөчлөг эхэлж байна. Зургаадугаар сарын 28-ны өдөр 1.4 сая монгол хүн санал авах байранд очиж, саналаа өгснөөр 126 гишүүнтэй, анхны өргөтгөсөн Парламентаа сонгож бүрдүүлэв. Үндсэн хуулийн өөрчлөлтийн дараа Сонгуулийн тухай шинэчилсэн хуулиар 126 гишүүнийг сонгох энэ удаагийн сонгууль холимог тогтолцоогоор явагдсан. Бүсчилсэн 13 тойргоос 78 хүн, нам, эвслийн жагсаалтаар 48 хүн УИХ-ын гишүүнээр сонгогдлоо. Монгол Ардын Нам 68 (54 хувь), Ардчилсан нам 42 (33.3 хувь), ХҮН 8 (6.3 хувь), Үндэсний Эвсэл 4 (3.2 хувь) Иргэний Зориг Ногоон Нам 4 (3.2 хувь) суудал аваад байна. Өнгөрсөн 8 жил Монголын ирээдүйг удирдан чиглүүлж ирсэн эрх баригч Монгол Ардын Нам гурав дахь удаагаа олонх болсон ч үнэмлэхүй ялалт байгуулж чадсангүй. УИХ-ын суудлын бараг тэн хагасыг бусад нам, эвсэл авлаа. Жижиг намууд парламентад суудал эзлэв. Ингэснээр Ардчилсан намтай нийлэн олон намын төлөөлөл бүхий хүчтэй сөрөг хүчин, хяналт бий болох бүрэлдэхүүн сонгогдлоо. Бодитоор олон намын ардчилал тогтох суурь бүрдэв. Сонгуулийн үр дүн манай улсын Парламентийн түүхэнд анх удаагийн тодотголтой цөөнгүй жишгийг бий болгож байна. Анх удаа парламент 6 намын (Үндэсний эвсэлд нэгдсэн Монголын Үндэсний Ардчилсан Нам, Монголын Ногоон Намыг оролцуулаад) буюу олон намын төлөөлөлтэй болов. 

Мөн хамгийн олон эмэгтэй гишүүн сонгогдсон анхны парламент болж байна. Шинэ парламентын гишүүдийн 25 хувь буюу 32 нь эмэгтэй. Түүн дотор анхны казах эмэгтэй орж ирлээ. Пропорцианал тогтолцоо буюу жагсаалтын үр нөлөө эмэгтэйчүүдэд илүү эергээр тусаж, парламентийн түүхэн дэх хамгийн олон гэгдэж байсан 10 төлөөллийн тоо 3 дахин нэмэгдэв. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл хамгийн өндөр санал авсан 2 намын жагсаалтаар УИХ-д багтлаа. Бас экс ерөнхийлөгч нараас анх удаа буусныхаа дараа парламентийн сонгуульд нэр дэвшиж, УИХ-ын гишүүн болсон тохиолдол гарав. Гэхдээ үүнээс илүүтэйгээр энэ сонгуулийн хамгийн бодитой үр дүн бол нэг нам найман жил улс төрд ноёрхсоны дараах хяналт, тэнцвэрийг хүсэмжилсэн нийгмийн эрэлт, хүлээлтийн тусгал юм. Нэг намын хязгаарыг давсан үнэмлэхүй эрх мэдлийг хазаарлах, хаалттай битүү дэглэм тогтохоос эмээж болгоомжилсон ард иргэдийн хүсэл зоргын илрэл байв. Гэхдээ эмх замбараагүй, зохион байгуулалтгүй, 30 гаруй жил инститүци болж төлөвшиж чадахгүй яваа Ардчилсан намд биш, ардчилсан тогтолцоонд, эрх чөлөөт нийгэмд, хувь хүний хийгээд бизнесийн эрх чөлөөнд өгсөн монгол хүмүүсийн сонголт юм. Тэр утгаараа ардчиллыг түүнд элэгтэй хүн бүхний анхаарлын төвд авчирсан сонгууль байлаа. Тийм ч учраас Парламентад суудал авсан намуудын хувьд том жижиг гэхгүйгээр улсынхаа эрх ашиг, хөгжил дэвшил, иргэдийнхээ хүсэл тэмүүллийн төлөө итгэл дааж ажиллах жилүүд ирж байна. Намууд олон талт үзэл бодлын мэтгэлцээнээр улс орныхоо хөгжлийн төлөөх зөв бодлогыг хамтран олдог, гацааж зогсоодог биш гарц шийдлээ уралдуулдаг Парламентийн ардчиллын байр суурийг бэхжүүлэх, төлөвшүүлэх хариуцлагатай үе цагийн эхэнд зогсож байна. Энэ бол Монголын парламентийн 32 жилийн арга барилд шинэ салхи оруулах адармаатай сорилт боловч заавал хийх ёстой үүрэг юм. 

Mining Insight Монголын уул уурхайтай учир жанцан холбогдох үйл явдлын талаарх мэдээллийг тань үргэлж шинэлэг байлгахыг зорьдог билээ. Тийм ч учраас энэ дугаартаа шинэ Парламентийн гишүүдээс уул уурхайтай ямар нэг байдлаар хамаарал бүхий гишүүдийг онцлон танилцуулж байна. Уул уурхайн салбарын төлөөлөл болсон, эсвэл уул уурхайн компани болон компанийн хувь эзэмшдэг, ашигт малтмалын лиценз эзэмшдэг шинэ Парламентийн гишүүдтэй танилцана уу. Түүнчлэн Парламентад суудал авсан нам, эвслүүд сонгуулийн мөрийн хөтөлбөртөө уул уурхайтай холбоотой юу амласныг хүргэж байна. Намуудын мөрийн хөтөлбөрт ижил ба ялгаатай үзэл баримтлал цөөнгүй байна. Харьцуулах тусам содон жишээ олон. Түүнийг Mining Insight сэтгүүлийн зургаадугаар сарын дугаараас дэлгэрүүлэн уншаарай.

Майнинг Инсайт сэтгүүл, Зургаадугаар сар 2024