bolderdene@mininginsight.mn
УИХ-ын ес дэх удаагийн сонгуульд геологи, уул уурхайн салбарт ажилладаг болон салбарын компаниудад хувь эзэмшдэг, хамааралтай 30 орчим хүн нэр дэвшив. Шинэ нэр дэвшигчид дунд геологи, уул уурхайн салбарын олон талын төлөөлөл багтсан гэхэд болно. Тухайлбал, Монголын ашигт малтмалын баяжуулагчдын холбооны Ерөнхийлөгч Б.Чинзориг “Үндэсний эвсэл”-ээс, Монголын үйлдвэрлэлийн геологичдын холбооны Ерөнхийлөгч М.Очирбат, Монголын Нүүрс ассоциацын Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал нар ХҮН намаас нэр дэвшив. Тэднээс 14 нь сонгогдож шинэ парламентад суухаар боллоо. Өмнөх сонгуулиудад ихэвчлэн МАН болон АН намаас салбарынхан дэвшдэг байсан бол энэ удаад олон намаас нэр дэвшиж, 4 нам, эвслээс уул уурхайн төлөөлөл ялсан байна. Мөн 6 нь шинээр УИХ-д сонгогдлоо. Нэг онцлог нь өмнөх парламентад уул уурхайн компанийн эзэд, гүйцэтгэх захирлууд сонгогдож байсан бол энэ удаад салбарын олон талт мэргэжилтнүүд багтаж байна.
Б.УЯНГА (МАН) УУХҮ-ИЙН ДЭД САЙД
Уул уурхай, хүнд үйлдвэрийн Дэд сайд Б.Уянга МАН-ын жагсаалтаар сонгогдож, анх удаагаа УИХ-ын гишүүн болж байна. ШУТИС-ийг геологичоор төгсөж, Харвардын их сургуульд байгалийн ухааны доктор хамгаалсан тэрбээр 2 дахь үеийн геологич. Үндэсний геологийн албаны дэд дарга бөгөөд Ерөнхий геологич, УУХҮЯ-ны Геологийн бодлогын газрын дарга, Сайдын зөвлөхөөр ажиллаж байсан.Мөн түүний гэр бүлийн хүн “Энержи Ресурс” компанийн Ухаахудаг салбарын захирлаар ажилладаг. Г.Уянга уул уурхайн салбарт ажиллах хугацаандаа Монголын геологи хайгуулын салбарыг хөгжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт татах чиглэлээр багагүй ажил амжуулсан. Ялангуяа критикал минерал, газрын ховор элементийн хайгуул судалгааг идэвхжүүлэх, олон улсын хөрөнгө оруулалт, дэмжлэг авах чиглэлд хийсэн ажлуудынх нь эхний үр дүн гарч эхэлж байгаа. Зах зухаас нь дурдвал газрын ховор металлын судалгааны төвийг БНСУ-ын буцалтгүй тусламжаар 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцож, лабораторийн бүтээн байгуулалтын ажил хэрэгжиж буй бол Франц Улс Геологи, уул уурхайн судалгааны албаараа дамжуулан Монголд литийн хайгуул хийхэд 400 мянган еврогийн хөрөнгө оруулалт хийхээр Ли Монголиа төслийн үйл ажиллагаа эхлүүлээд байна.
Д.ҮҮРИЙНТУЯА (МАН) “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР”-ИЙН ЗАХИРГАА, УДИРДЛАГА САНХҮҮГИЙН ГАЗРЫН ДАРГА
Д.Үүрийнтуяа МАН намаас тойрогт нэр дэвшиж УИХ-д сонгогдсон. 2017 оноос Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын зөвлөхөөр ажиллаж байгаад 2019 онд тус үйлдвэрт Онцгой дэглэм тогтооход Санхүү хариуцсан Орлогч захирлаар томилогдсон. Харин 2022 онд Төрийн хэмнэлтийн тухай хууль батлагдсантай холбогдуулан Тамгын газрын дарга, Захиргаа, удирдлага, санхүүгийн газрын даргаар ажиллаж байгаа. Түүний хувьд татварын мэргэшсэн зөвлөх, мэргэшсэн нягтлан бодогч. Харин “Эрдэнэт үйлдвэр” бол уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын тулгамдаж буй асуудлуудын гол цэг. Ажилтнуудын цалин хөлс, татвар, аж үйлдвэрийн парк гээд шийдвэрлэх ёстой томоохон асуудлуудын нэг оролцогч байсны хувьд дээрх асуудлуудыг оновчтой шийдвэрлэхэд Д.Үүрийнтуяагийн оролцоо байх нь дамжиггүй.
Ж.ЗОЛЖАРГАЛ (ХҮН) МОНГОЛЫН НҮҮРС АССОЦИАЦИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
ХҮН нам шинэ парламентын гурав дахь том нам болсон. Тус намаас тойрогт нэр дэвшиж сонгогдсон Ж.Золжаргал нь химийн инженер мэргэжилтэй. ОХУ, Япон улсад суралцсан, МАК компанид инженер, Технологийн судалгааны төвийн захирлаар ажиллаж байсан. Монголын нүүрс ассоциацийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Тэрбээр нүүрсийг гүн боловсруулах чиглэлээр чамгүй олон судалгаа хийсний сацуу нүүрс баяжуулах үйлдвэрүүдийг төлөвлөх, барьж байгуулахад гар бие оролцож явсан туршлагатай инженер юм. Үүнээс гадна Монголын нүүрсний салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх, зах зээлийн судалгаа хийх, уул уурхайн салбарт тулгамдаж буй олон асуудлаар голчтой, тулхтай байр сууриа илэрхийлдэг нэгэн.
Р.СЭДДОРЖ (АН) ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА
Өмнөговь аймгийн Засаг дарга Р.Сэддорж АН аас тойрогт нэр дэвшин сонгогдсон. Орон нутгийн өмчит “Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирлаар 8 жил ажиллаад 2020 онд Өмнөговь аймгийн Засаг даргаар томилогдсон. Монголын нүүрсний хамгийн том экспортлогч компаниудын нэгийг олон жил удирдсанаас гадна орон нутгийн удирдах түвшинд ажиллаж байсны хувьд уул уурхайн салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд идэвхтэй оролцох нь дамжиггүй. Энэ удаагийн сонгуульд уул уурхайн үйлдвэрлэл төвлөрсөн өмнийн говь руу гадаргын ус татах төслүүдийг хэрэгжүүлэх гол зорилго тавьсан. Үүнээс гадна тэрбээр Өмнөговь аймгийн хэмжээнд дахин шинээр уурхай нээлгэхгүй гэх байр суурь баримталдаг.
Д.БАТБАЯР (АН) “МОНГОЛЧЕХ МЕТАЛЛ” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
Д.Батбаяр нь АН-аас тойрогт нэр дэвшиж анх удаагаа УИХ-д сонгогдож байгаа. Монголын жоншны салбарын гол төлөөллийн нэг. Монголын жоншны томоохон компаниудын нэг “Монголчех металл” компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг. Өнгөрсөн онд 64 мянган тонн жоншны баяжмал үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрийг ашиглалтад оруулсан үндэсний компани. “Монголчех металл” компанийн гол хувьцаа эзэмшигч нь түүний аав Б.Далай. Үүнээс гадна Д.Батбаяр нь “Баянжонш” компанийн гол хувьцаа эзэмшигч. Тус компани жоншны хайгуулын нэг, ашиглалтын нэг тусгай зөвшөөрөл эзэмшдэг. Жоншны экспорт сүүлийн жилүүдэд эрчимжиж байгаагаас гадна татвартай холбоотой цөөнгүй асуудал тулгамддаг нь “Лицензийн сонсгол”-оор ил болсон. Д.Батбаяр нь уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын гол төлөөллийн нэг гэдгээрээ салбарын өмнө тулгамдаж буй татвар, эрх зүйн орчныг оновчтой шийдвэрлэхэд оролцох нь дамжиггүй.
Ж.БАЯСГАЛАН (АН) “ҮҮРТ ГОУЛД” ХХК-ИЙН ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ
АН-аас жагсаалтад багтан УИХ-д сонгогдсон. Тэрбээр жүжигчин мэргэжлээрээ олонд танигдсан ч уул уурхайн салбарт идэвхтэй үйл ажиллагаа явуулдгийг нь тэр бүр хүмүүс мэдэхгүй байх. Түүний аав н.Жадамбаа геологич бөгөөд аавыгаа даган геологи, уул уурхайн салбарт оржээ. Алтны хайгуул, олборлолтын чиглэлээр ажилладаг “Үүрт Гоулд”, “Бугант Мандал” компанийн хувьцаа эзэмшигч, Ерөнхий захирал. “Бугант Мандал” компани нь Сэлэнгэ аймагт алтны ашиглалтын 3 тусгай зөвшөөрөлтэй. MV-020546 MV-003240 тусгай зөвшөөрөл дээрх алтны нөөцөө 2022 онд ЭБМЗ-д бүртгүүлсэн.
Майнинг Инсайт сэтгүүл, Зургаадугаар сар, 2024 №6 (031)