Тавдугаар сарын наймны өглөө Эрдэнэт хотын “Уурхайчин” соёлын ордонд 150 гаруй хүн “Байгаль орчны тогтвортой хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэхээр цугларсан юм. Уул уурхай, авто зам, барилга, хөдөө аж ахуйн салбарын төлөөллүүдийг өргөнөөр хамруулахыг зорьсон ч зохион байгуулагч Байгаль орчин, аялал жуулчлалын яам болон Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн харьяа болон гишүүн байгууллагууд хүрэлцэн иржээ. Монгол Улс дэлхийн тогтвортой хөгжлийн зорилтод нэгдэж, эрчим хүч, хөдөө аж ахуй, тээвэр, барилгын салбараас ялгаруулж буй хүлэмжийн хийг багасгаж, 2030 он гэхэд 22.7 хувиар бууруулах амлалт өгсөн билээ. Гэвч хэрэгжилт тун тааруу байгаа. Нийт газар нутгийн маань 78 хувь цөлжсөн, байгалийн гамшигт үзэгдлийн тоо хоёр дахин ихэссэн, агаарын дундаж хэм сүүлийн 80 жилд 2.4 хэмээр нэмэгдсэн, хог хаягдлынхаа дөнгөж аравхан хувийг дахин боловсруулж ашигладаг гэсэн дүр зурагтай байна. Хэлэлцүүлэгт БОАЖЯ-ны Хүрээлэн буй орчны зохицуулалтын газрын мэргэжилтэн БДулмаа байгаль орчны өнөөгийн төлөв байдал, тулгамдаж буй асуудлыг танилцуулсан. Түүний танилцуулгад дурдсанаар, бэлчээрийн 42.1 хувь нь 1-5 дахин даац хэтрэлттэй төдийгүй 79.9 сая га талбай доройтож улмаар бэлчээр ашиглалтын зориулалтаар ашиглах боломжгүй болоход хүрчээ. Мөн газар тариалангийн зориулалтаар ашиглаж буй 1.2 сая га талбай дахь ургамлын зүйлийн 50 орчим хувь нь устаж, ургамлан бүрхэвч муудсан гээд сэтгэлд таагүй тоон үзүүлэлт олноор дурдагдсан.
МУИС-ийн багш судлаачид, Монгол орны нийт газар нутгийн 78 хувийг хэдэн арван сая цагаан зээр, мэрэгчид, бусад амьтдыг тооцоолохгүйгээр зөвхөн малын бэлчээрт төлөвлөж даацыг тодорхойлж байсныг дуулгав. Мөн 25-30 саяд тогтоон барьж байсан малын тоо толгой 1990 оноос хурдацтайгаар өссөн. 1970 онд нийт малын 60 орчим хувь нь хонь байсан бол сүргийн бүтэц өөрчлөгдөж, одоо ямаа, адууны тоо толгой дийлэнх хувийг эзэлж байна. Гэтэл таван хошуу малаас бэлчээрийн талхагдалтад хамгийн сөргөөр нөлөөлдөг нь ямаа, адуу аж. Малын тоо толгойноос гадна сүргийн бүтэц бэлчээрийн төлөв байдалд чухал нөлөөтэйг судлаачид хэлж байв. Цөлжих, газрын гадарга доройтох, ургамлан бүрхэвч багасах үйл явц уул уурхай, газар тариалан, зам тээвэр, мал аж ахуй гэх мэт маш олон хүчин зүйлээс шалтгаалж байна. Уул уурхайгаас үүдэлтэй онц хүчтэй талхагдал бий. Гэвч Монгол орны нийт нутаг дэвсгэрийн нэг орчим хувьд нь уул уурхайн үйл ажиллагаа явагддаг. Үлдсэн 70 гаруй хувьд нь мал сүргээс үүдэлтэй талхагдал өндөр байгааг МУИС-ийн багш Ч.Сономдагва танилцуулсан юм. БОАЖЯ, Экологийн цагдаагийн албатай хамтран 2020 онд уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн газрын судалгаа хийхэд “Уул уурхайн үйл ажиллагааны улмаас эвдэрсэн 30 мянган га талбай, хариуцах эзэнгүй, эвдрэлд оруулсан эзэн холбогдогч тодорхойгүй 8000 гаруй га талбай байна” гэх тооцоо гарсан байна.
Өнгөрсөн 4 жилд уул уурхайн нөхөн сэргээлт эрчимжиж, дөрвөн жилийн хугацаанд 9773 га талбайд техникийн нөхөн сэргээлт, 2500 га талбайд биологийн нөхөн сэргээлт хийжээ. “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Оюутолгой” ХХК-иуд нийгмийн хариуцлагын хүрээнд Сэлэнгэ аймаг дахь хариуцлагагүй уул уурхайн улмаас эвдрэлд орсон талбайгуудад нөхөн сэргээлт хийснээр голын горьдрол сайжирсан, урсгал нэмэгдсэн, биологийн олон янз байдал сэргэсэн зэрэг эерэг үр дүнгүүд гарсан байна.
Эвдэрсэн газрыг ургамалжуулах стандарт 2023 онд шинэчлэгдсэн бөгөөд хурдан ургадаг харь ургамлаас зайлсхийх, Монгол орны онцлогт тохирсон, тухайн нутгийн унаган үр ургамлыг ургуулах, үржүүлэх асуудлыг тусгасан нь уул уурхайн салбарт төдийгүй байгаль орчинд нөлөөлөл үзүүлдэг бүхий л салбарт сайн жишиг тогтоож буй аж. Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуулийн хүрээнд салбар бүр өөрсдийн үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулж байгаа нөлөөллийг тодорхойлох, урьдчилан сэргийлэх, бууруулахад төвлөрч ажиллахыг Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа хэлэлцүүлэг дээр уриалсан. Энэхүү хэлэлцүүлэг арга хэмжээнд уул уурхайн салбарынхан өөрсдийн сайн туршлага, эерэг үр дүнгээ хуваалцаж, бусад салбараа байгаль орчны асуудалд анхаарал хандуулахыг уриалах зорилготой иржээ. Мөн “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд хамгийн том үүрэг хүлээж, идэвхтэйгээр дэмжин 600 сая мод тариалах амлалттай ажиллаж байгаагаа дуулгасан юм. Хэлэлцүүлгийн төгсгөлд нийт оролцогчид уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэр болон түүний харьяа ойн генетик нөөцийн “Эрдэнэт” төвтэй танилцахын зэрэгцээ үйлдвэрийн нэрэмжит “Ногоон төгөл”-д шинэс, гацуур тарьсан юм. Дашрамд дурдахад, “Эрдэнэт” төв нь улсдаа цор ганц бөгөөд нэн ховор, ашигт ургамал, модлог ургамлын үрийн сан бүрдүүлэх зорилготой. Одоогийн байдлаар 12 зүйлийн 660 кг үр хадгалж байгаа бол энэ онд 50 зүйлийн мод, сөөгийн үрийн нөөц бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Майнинг Инсайт сэтгүүл, Тавдугаар сар 2024, №5 (030)