Индонезийн нүүрсний экспортын хориг Хятад, Солонгост хүчтэй нөлөөлнө

Индонезийн Засгийн газраас энэ 1-р сард нүүрсний экспортод хориг тавьж байгаагаа мэдэгдсэн. Гол шалтгаан нь нүүрсний экспорт дотоодын эрчим хүчний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байна гэжээ. Учир нь Индонезийн нүүрс олборлогчид жилийн үйлдвэрлэлийнхээ 25 хувийг төрийн өмчит Perusahaan Listrik Negara (PLN) компанид тонн тутмыг нь одоогийн зах зээлийн үнээс доогуур буюу дээд тал нь 70 долларын үнээр хангах ёстой ч уг үүргээ биелүүлэхгүй байгаа аж. Учир нь нүүрс олборлогчид тонн тутмыг нь дунджаар 90-100 ам.долларын үнээр, 10-р сард бүр 158 ам.доллараар экспортолж буйтай холбоотой юм. Индонезийн Эрчим хүчний яамнаас мэдээлснээр нүүрсний экспортод хориг тавихгүй бол нийт 10,850МВт-ын хүчин чадалтай 20 дулааны цахилгаан станцад сөргөөр нөлөөлөх бөгөөд эдийн засгийн тогтвортой байдлыг алдагдуулж болзошгүй гэжээ. Харин Индонезийн Нүүрсний ассоциаци экспортын хориг нь 38-40 сая тонн нүүрсний үйлдвэрлэлд саад учруулах магадлалтайгаас гадна Засгийн газар сард 3 тэрбум ам.долларын экспортын орлого алдана хэмээн мэдэгдээд байна.
Индонези улс нь нүүрсний олборлолт, экспортоор дэлхийд тэргүүлэгчдийн нэг. 2021 онд 611 сая тонн нүүрс олборлож, 300 гаруй сая тонныг экспортолсон хэмээн S&P Global Platts мэдээлжээ. Нүүрсний экспортын 48 хувийг Хятад, 15 хувийг Энэтхэг, Өмнөд Солонгос, Япон улс тус бүр 5 хувийг нь бүрдүүлдэг байна.
Индонезийн нүүрсний экспортын хориг Өмнөд Солонгост хүндээр тусаж магадгүй байна. Тус улсын эрчим хүчний нүүрсний импортын 50 хувийг Австрали хангадаг бол Индонези 20 хувь, ОХУ болон АНУ тус бүр 10 хувийг нь бүрдүүлдэг. Уг асуудал эрчим хүчний хэрэглээ нэмэгддэг өвлийн улиралд тохиож байгаа нь Солонгосын эрчим хүчний үйлдвэрлэлд нөлөөлөх хэмжээнд байгаа аж. Өмнөд Солонгост нийт 53 нүүрсний цахилгаан станцын 45 нь ажиллаж байна. Уг хориг богино хугацаанд хязгаарлагдмал нөлөө үзүүлнэ хэмээн Солонгосын Худалдааны яам өчигдөр мэдээлжээ.

Б.Энхмаа