Төсвийн тодотгол мега төслүүдийн санхүүжилтийг шийдвэрлэхэд чиглэжээ

Өчигдөр УИХ-д олон суудал авсан гурван намын төлөөлөл Хамтарсан Засгийн газрын гэрээнд гарын үсэг зурлаа. "Хурдтай хөгжлийн төлөөх зориг" нэртэй гэрээнд МАН, АН, ХҮН намын сонгуулийн мөрийн хөтөлбөрт туссан нийтлэг зорилтыг тусгажээ. 

Тухайлбал, МАН нийгмийн бодлогын шинэчлэл, бүсчилсэн хөгжлийн бодлого, авлигагүй төр, шударга ёсыг бэхжүүлэх цахим засаглал, эхлүүлсэн томоохон төсөл, хөтөлбөрүүдийг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх зорилтуудыг оруулжээ. Мөн АН хүний хөгжил, хувийн өмчийн эрхийн хамгаалалт, технологи суурьтай мэдлэгийн эдийн засаг, бизнес, хөрөнгө оруулалтын орчин, эдийн засгийн эрх чөлөөг баталгаажуулах, шударга төрийн зорилтууд, ХҮН нам эрчим хүчний болон боловсролын салбарын реформ, гадаад худалдаа, хөрөнгө оруулалт, төрийн худалдан авах ажиллагааны бодлогыг шинэчлэх, төрийн өмчит компанийн засаглалыг сайжруулах зорилтуудыг багтаасан байна. Харин Засгийн газрын тэргүүлэх чиглэлд

Бүсчилсэн хөгжлийн бодлого,
Хүний хөгжлийн бодлого,
Хүний эрхийг дээдэлсэн засагласан бодлого,
Эдийн засгийн бодлогыг тусгажээ. 

Гурван намын дарга Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, АН-ын дарга, Тэргүүн шадар сайд Л.Гантөмөр, ХҮН намын дарга, Шадар сайд Т.Доржханд нар Хамтарсан Засгийн газрын гэрээнд гарын үсэг зурсны дараа УИХ-ын дарга Д.Амарбаясгаланд 2024 оны Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг өргөн мэдүүллээ. Төсөвт тодотгол хийж буй гол үндэслэл нь Засгийн газрын 2024-2028 оны мөрийн хөтөлбөрт тусгасан мега төслүүдийг эхлүүлэхэд шаардлагатай санхүүжилтийг шийдэхэд чиглэж байна. 

Эх сурвалж: Монгол Улсын Засгийн Газар