Э.МЯГМАРСҮРЭН
Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов болон бусад төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. (2024.08.12) Уулзалтын эхэнд Ц.Туваан зочид төлөөлөгчдийг хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, манай хоёр орны аж үйлдвэр, эрдэс баялаг, газрын тосны салбарын харилцаа, хамтын ажиллагаа цаашид улам бүр өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байна гэсэн юм.
Түүнчлэн уулзалтын үеэр газрын тосны бүтээгдэхүүн тээвэрлэгчдийн маргаантай асуудлыг онцгойлон авч үзэх шаардлагатай байгааг онцлон газрын тосны нөөц хадгалах сав байгуулах, цаг тухайд нь Монголын талд бараа бүтээгдэхүүн нийлүүлэх асуудлыг авч хэлэлцэх, нийлүүлэлтээ зогсолтгүй тогтвортой хангах чиглэлд анхаарч ажиллахаа ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд А.А.Козлов мэдэгдсэн юм.
Харин манай улсын Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны зүгээс газрын тосны бүтээгдэхүүний худалдан авалт, тээвэрлэлт, азотын бордооны импорт болон геологийн судалгааны чиглэлээр ОХУ-тай хамтран ажиллах асуудлуудыг хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөнд батлуулан хэрэгжилтэд онцгой анхаарал хандуулан ажиллаж байгаагаа уулзалтын үеэр тэмдэглэн хэлж байв.
Эх сурвалж: АҮЭБЯ