Өнөөдөр (2024.08.27) УИХ-ын ээлжит бус чуулганаар Төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг үргэлжлэн явагдлаа. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Ганбаатар "Эрдэнэс Тавантолгой" ХК нүүрсний хэдэн хувийг биржээр арилжаалсныг тодрууллаа.
Тэрээр "Биржийн тухай хууль хэрэгжээд хоёр жил болж байгаа. Эрдэнэс Тавантолгой нүүрсээ 100 хувь биржээр зарах ёстой. 2023 онд Эрдэнэс Тавантолгойн нүүрсний 30-40 хувийг зарсан. Харин энэ оны хагас жилээс хойш биржээр нүүрс зарахгүй байна. Сангийн сайд мэдэж байгаа гэж бодож байна. Дээрээс нь зэсийг яагаад зарахгүй байна вэ. Биржээр хоёр удаа зарсан байна. Зогсчихсон юм уу, зарахгүй байгаа юм уу. Биржийн тухай хуулиа хэрэгжүүлэхгүй бол тодотголоор 72 сая тонн нүүрс экспортлохоор орж ирж байгаа юм байна. Нүүрсний үнэ чинь эрсдэлтэй байна. Гол төсвийг бүрдүүлж байгаа зүйл чинь нүүрс. Тэгээд зэс. Эрдэнэс Тавантолгой энэ жил 100 хувь нүүрсээ биржээр зарах ёстой. Явцын дунд биржийн тухай хууль буруу байна, болъё гэх асуудал гарч магадгүй шүү. Янз янзын юм руу оруулах магадлалтай. Нүүрс биржээр арилжаалах асуудал хэдэн хувьтай байна вэ?"
Ж.Ганбаатар гишүүний асуултад Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын Л.Энх-Амгалан хариуллаа.
Тэрээр "Биржийн тухай хууль хэрэгжээд явж байгаа. Биржээр 2024 онд 16.8 сая тонн нүүрс борлуулсан байна. Сүүлийн хагас жилд биржийн арилжаа гишүүний хэлсэнчлэн удаашралтай байгаа. 4-5 дугаар сард дунджаар сард 4 сая тонн нүүрс арилжиж байсан бол долоодугаар сард 1.1 сая тонн нүүрс арилжсан. Наймдугаар сард 700 мянга орчим тонн нүүрс арилжсан байна. Нүүрсний арилжаа буурсан шалтгаан бол гадаад зах зээл үнэ буурсан. Иймээс эрэлт буурсан. Эрэлт цаашид өснө гэсэн хүлээлттэй байгаа учраас компаниуд зарах саналаа багасгасан. Зэсийн баяжмал 4-5 дугаар сард нэг нэг арилжаа орж ирсэн. Зэсийн баяжмалын тухай АҮЭБЯ-наас асуух нь зөв байх. Тэнд ажлын хэсэг байгуулагдаад явж байгаа."
- Ж.Ганбаатар гишүүн "Нийт 52 сая тонн нүүрс зарчхаад байгаа юм байна. 16 сая тонн нүүрс биржээр зарсан гэхээр хариуцлагагүй байна. Биржээс зугтана гэдэг хулгай нүүрлэнэ шүү. Би сайд байхдаа зэсийн баяжмалыг шахсаар байгаад зэсийн баяжмалыг биржээр зарсан. Үүнээс хойш байхгүй байна гэдэг, үүнийг шахахгүй бол болохгүй шүү. Эрдэнэт үйлдвэрийн зэсийг биржээр зарсан. Энэ сайн зүйлээ үргэлжлүүлээд яваач ээ. Нүүрс нэмэгдэж байгаа төсвийн дийлэнхийг бүрдүүлж байгаа юм биш үү."
- Сангийн сайд Б.Жавхлан "Өнгөрсөн Засгийн газрын үед Ж.Ганбаатар гишүүн уул уурхайн яамыг хариуцаж байхдаа энэ хуулийг санаачилсан. Ер нь Монголын баялаг төрд бүртгэлтэй компаниуд биржээр арилжаалах ёстой. Энэ их амжилттай хэрэгжсэн. Засгийн газрын том ажлын нэг. 2023 онд энэ ажлууд амжилттай хэрэгжсэн. Сүүлийн хоёр жил төсөв эерэг гарахад нөлөөлсөн. Харин энэ жил тээвэр дээр очоод боомилогдоод байна. Жишээ нь, миний сонссоноор Дархан Төмөрлөгийн Үйлдвэрийн арилжаалагдсан хэмжээгээр хил дээр очиж чадахгүй байна. Хилээр гарч чадахгүй болонгуут биржээр дахин арилжаалах боломжгүй болж байна. Энэ нь биржийн шалтгаангүйгээр бирж дээр гацчихаад байна. Энэ цаашид тээвэр, логистикийн нэвтрэн өнгөрүүлэх чадвартай уялдах хэрэгтэй байна."
- Ж.Ганбаатар "Биржийн үйл ажиллагааг гишүүнийхээ хувьд үүнийг шахаж ажиллана гэдгээ хэлье. Хэрэв биржийн ажиллагаа доголдох юм бол хулгай нүүрлэнэ. Үүнийг хүсэж байгаа олон хүн байгаа шүү. Хяналтаа сайжруулах хэрэгтэй. Янз янзын шалтаг, шалтгаанууд ярьдаг юм. Наад тээвэр, гааль гээд. Энийг бол зохион байгуулалттай даван туулах хэрэгтэй. 52 сая тонн нүүрс зарчхаад 16-хан саяыг нь биржээр зардаг байж болохгүй. Хууль 100 хувь хэрэгжих ёстой. Үүн дээр маш анхааралтай ажиллахгүй бол буцаад олон хүн дээр асуудал үүсэх байх даа" гэлээ.