Ирээдүйн хандлага: Монголын уул уурхайг дахин сэргээх дараагийн боломж буюу Критикал минерал

Н.АРИУНТУЯА, Б.БУЛГАН

9 дэх удаагийн УИХ-ын сонгуульд улс төрийн 19 нам, 2 эвсэл өрсөлдөж, мөрийн хөтөлбөрөө танилцууллаа. Сонгогчдын сонголт, сонгуулийн үр дүнд намуудын мөрийн хөтөлбөр голлох үүрэгтэй байгаагүй ч Парламентад суудалтай намуудын байр суурь, баримтлах бодлогоос ирэх жилүүдийн эрдэс баялгийн салбарын хөгжлийн хандлага ихээхэн хамааралтай. Тиймээс парламентад суудал авсан улс төрийн нам, эвслүүд буюу Монгол Ардын Нам (МАН), Ардчилсан нам (АН), ХҮН, Үндэсний эвсэл, Иргэний зориг ногоон нам мөрийн хөтөлбөртөө уул уурхайн чиглэлээр ямар чухал үзэл баримтлал баримталж, ямар бодлого зорилт дэвшүүлснийг тодорхой хэдэн сэдвийн хүрээнд харьцуулж үзлээ. 

ИРЭЭДҮЙН ХАНДЛАГА: МОНГОЛЫН УУЛ УУРХАЙГ ДАХИН СЭРГЭЭХ ДАРААГИЙН БОЛОМЖ БУЮУ КРИТИКАЛ МИНЕРАЛ 

Монголын уул уурхайг чиглэсэн хөрөнгө оруулалтын эхлэлийг 2010-аад оны үед БНХАУ-ын эдийн засгийн өсөлт бий болгосон билээ. Хөрөнгө оруулалтын тэрхүү урсгалыг дахин сэргээх, идэвхжүүлэх, нэмэгдүүлэх хоёр дахь боломж гарах уу? Тийм бол тэр нь юу байх вэ? Тэгвэл дараагийн боломж буюу ахиж хэзээ ч давтагдахгүй гэгдэж асан гадаад хүчин зүйл дахин бий болж байна, оройтож хожимдохоосоо өмнө бодлоготой хөдөлье хэмээн Монголын уул уурхайнхан ойрын хэдэн жилд хангалттай ярьж байна. Тэр нь критикал хэмээн нэрлэж буй эрдэс түүхий эдийн эрэлт хэрэгцээ. Дэлхий дахинаа өрнөж буй ногоон шилжилтийг дагаад критикал минерал буюу чухал ач холбогдолтой ашигт малтмалын эрэлт эрс нэмэгдэж байна. Дэлхийг асар хурдан өөрчилж буй шинэ нөхцөл байдалтай уялдуулан, улс орнууд өөр өөрийн критикал минералын стратеги, жагсаалт гаргаж, эдийн засаг дахь ач холбогдлыг тодорхойлж байна. Энэ чиглэлд ямар хөрөнгө оруулалт хийх, ямар хамтын ажиллагаа өрнүүлэх, ямар үйлдвэрлэл хөгжүүлэх бодлогоо тодорхойлж, зарласаар удлаа. Тэр тусмаа их гүрнүүдийн чухал ашигт малтмалын төлөөх өрсөлдөөнд байгалийн баялагтай улс орнуудын ач холбогдол нэмэгдэж байгаа бөгөөд энэ нь Монгол Улсын хувьд алдаж болохгүй боломж юм. 

Эдийн засгийн өсөлт төдийгүй геополитикийн хүчин зүйл, гадаад харилцаанд нэн чухал ач холбогдолтой, цөөн улсад олборлодог эдгээр ашигт малтмалын потенциалтай орны тоонд манай улс ордог ба эн тэргүүнд нарийвчилсан хайгуулыг өргөн хүрээнд хийж, хөрөнгө оруулагчдын сонирхол татах дата мэдээллээ зарлах шаардлагатайг салбарын мэргэжилтнүүд хэлсээр. Тэгвэл энэхүү эрэлт нийлүүлэлтийн сүлжээнд оршин тогтнох орон зайгаа монголчууд хэрхэн бий болгох вэ, түүний төлөө юу хийх вэ? Өөрөөр хэлбэл, өнөөгийн өөрчлөлтийг даган бий болж буй эрэлт хэрэгцээнд эрдэс баялгийн салбарын бодлогоо хэрхэн нийцүүлж тохируулах вэ? Сонгуульд оролцсон нам, эвсэл бүгд л эдийн засгийг өргөжүүлж тэлнэ гэж мөрийн хөтөлбөртөө тунхаглажээ. 

Олон улсын геополитик, улс орнуудын бодлогын баримжаа, дэлхийн зах зээлийн чиг хандлага, уул уурхайн салбарынхны энэхүү хүлээлтийг улс төрийн намууд хэрхэн харж вэ гэдгийг мөрийн хөтөлбөрөөс нь хайлаа. Энэ чиглэлд ХҮН нам л ганцаараа бодлогоо томьёолжээ. “Стратегийн ач холбогдол бүхий ордыг уул уурхайн салбарын дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн стратегийн ач холбогдол бүхий чухал ашигт малтмалд хамааруулах байдлаар эрх зүйн зохицуулалт хийнэ.” ХҮН намын мөрийн хөтөлбөр дэх энэ заалт нь Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциациас УИХ-д суудалтай улс төрийн намуудын мөрийн хөтөлбөрт хүргүүлсэн 6 саналын нэг юм. “Стратегийн ач холбогдол бүхий ордын зохицуулалтыг уул уурхайн салбарын дэлхий нийтийн чиг хандлагад нийцүүлэн стратегийн ач холбогдол бүхий чухал ашигт малтмалд хамаарах байдлаар шинэчлэх” гэсэн уг саналыг ХҮН нам л хүлээж авчээ. Салбарыг сонсож, саналыг хүлээж авсан нь маш сайшаалтай ч авахдаа харин “Ордын зохицуулалтыг чухал ач холбогдолд хамаарах байдлаар шинэчлэх” гэснийг “...ордыг чухал ашигт малтмалд хамруулна” гэснээрээ ньюнстай хамгийн гол агуулгыг гээсэн нь харамсалтай. Техникийн алдаа юу, эсвэл зориудын өөрчлөлт үү. Тэгвэл МАН-ын мөрийн хөтөлбөрт тодорхой томьёолоогүй ч “Өндөр технологийн үндсэн түүхий эд болох литий, цахиур болон газрын ховор элементийн орд газруудын төслийг эрчимжүүлэн гадаадын хөрөнгө оруулалт, экспортын орлогыг нэмэгдүүлнэ”, “Байгальд ээлтэй өндөр технологийн уул уурхай болон стратегийн ач холбогдолтой төслүүдийн хөрөнгө оруулалт, экспортын орлогыг 50 хувиар нэмэгдүүлнэ” гэсэн заалтууд байна. АН-ын хувьд “дэлхийн эдийн засгийн ногоон шилжилттэй уялдуулсан мега төслүүдийг хэрэгжүүлэх замаар эдийн засгийн эрчимтэй өсөлтийг бий болгоно”, “газрын ховор элемент боловсруулах үйлдвэрийн төслүүдийг тусгайлсан бодлогоор дэмжиж, хэрэгжүүлнэ” гэжээ. 

Эдгээрээс Монголын баруун, зүүний баримжаатай 2 том нам критикал минералын гэгдэх ашигт малтмалуудын төсөл, үйлдвэрлэлийг аль аль нь дэмжих нь гэж харж болохоор байна. Харин яаж гэдэг нь тодорхойгүй. Юутай ч Монгол Улсын хувьд критикал минералд түшиглэн стратегийн түнш улсуудтай хэрхэн харилцах, эдийн засгаа солонгоруулах бодлого, төлөвлөлт нь хойшлуулашгүй хийх ёстой ажил бөгөөд үүнийг улс төрийн намууд анхаарч, эрдэс баялгийнхаа салбарын боломж бололцоог бодитоор үнэлэн, урагш түлхэх ёстой юм.

Нийтлэлийн дэлгэрэнгүйг Майнинг Инсайт сэтгүүл, Зургаадугаар сар 2024, №6 (031) дугаараас уншина уу.