Монголын Уул уурхайн үндэсний ассоциац (МУУҮА)-аас санаачлан хэрэгжүүлж буй “Future Engineers” буюу “Ирээдүйн инженерүүд” уулзалт Хөвсгөл аймгийн Мөрөн хотноо өнөөдөр (2024.09.11) боллоо. МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтуяа уулзалтыг нээж, “Ирээдүйн инженерүүд” хөтөлбөрийн агуулга, зорилгыг танилцуулаад, эрдэс баялгийн салбарын боловсон хүчний өнөөгийн нөхцөл байдал болон цаашдын чиг хандлагын талаарх мэдээллийг сурагчидтай хуваалцав.
Дэлхий даяар уул уурхайн түүхий эдийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж буйтай холбогдон ажиллах хүчний хомсдол бий болж буйн зэрэгцээ техник технологийн хөгжил дэвшилттэй уялдан энэ салбарт эмэгтэйчүүдийн ажиллах боломж нэмэгдэж байгааг тэрээр онцолсон юм.
“Манай улсын хэмжээнд 2023 онд их, дээд сургууль төгссөн төгсөгчдийн 12.3 хувь нь инженер мэргэжлээр төгссөн. Одоо их, дээд сургуульд идэвхтэй суралцагчдын 13 хувь нь инженер мэргэжлээр, үүний 1.1 хувь буюу 1700 оюутан “Уул уурхайн инженер” мэргэжлээр суралцаж байгаа нь маш бага тоо юм. Монгол Улсад төдийгүй дэлхийд тэргүүлэх мэргэжлүүдийг эхнээс нь жагсаагаад үзэхэд уул уурхайн салбарын мэргэжлүүд зонхилж байна. Нөгөөтэйгүүр инженер гэдэг нь маш олон салбар чиглэлийнх байдаг. Зөвхөн эрчим хүчний салбарт өмнө нь цахилгааны инженер л гэж мэддэг байсан бол өнөөдөр нар, салхины эрчим хүчний, газрын гүний дулааны, биомассын энергиэс эрчим хүч үйлдвэрлэж байгаатай холбоотойгоор тэдгээр чиглэл бүрд инженерүүд хэрэгтэй болж байна. Тиймээс хүүхэд залуус ажил мэргэжлийн давуу тал, хөрвөх чадвар, ирээдүйн ач холбогдлыг сайтар судалж, мэдэж, сонгон суралцах хэрэгтэй”-г зөвлөөд салбар бүрийн инженерийн ажил мэргэжлийн ялгаа, уул уурхайн салбарын мэргэжилтэнд ямар давуу талууд бий болдгийг дэлгэрүүлэн ярьсан юм.
МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтуяа “Хувцас, машин эд зүйлс дээр трэнд дагаж, моод “хөөх” нь түгээмэл. Харин сурагч та бүхэн ирээдүйд хэн болох, хэрхэн амьдрах нь одоо сонгох мэргэжлээс ихэд хамаарах учир маш хариуцлагатай, судалгаатай байх хэрэгтэй. Улс орны ирээдүйг инженерүүд л авч явна” гэв.
Түүний дараа Хөвсгөл аймагт үйл ажиллагаа явуулж буй “Хургатай Хайрхан” ХХК-ийн Захиргаа, удирдлагын газрын дарга Т.Гүнжээ “Мэргэжил сонголт ба инженер мэргэжил” сэдвээр инженер хүн юу хийдэг, улс орондоо ямар хувь нэмэр оруулдаг, үүний тулд ямар ямар ур чадваруудыг эзэмшсэн байх ёстойг ярилаа. Авьяас чадвар, хүсэл сонирхол болоод ажил мэргэжлүүдийн эрэлт хэрэгцээг судалсны эцэст мэргэжил сонголтоо хийх нь зүйтэйг тэрээр сурагчдад зөвлөсөн юм.
“Хургатай хайрхан” компанийн хувьд коксжих нүүрсний Овоотын төслийг хэрэгжүүлж байгаа бөгөөд олборлолтын үйл ажиллагаа эхлээгүй байгаа. Тус компани орон нутагт шинээр 1100 ажлын байр бий болгох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа тул уул уурхайн чиглэлээр мэргэжил сонгосон оюутнууд цалинтай дадлагажих, сургалтын тэтгэлэгт хамрагдах, сургууль төгсөөд бэлэн ажлын байртай болох боломжтойг илтгэлдээ танилцуулсан.
Гуравдагч илтгэгч “Платинум Ланд ХХК”-ийн Хүний нөөцийн менежер Ц.Өлзийдаваа тус компаниас хэрэгжүүлж байгаа төслүүдтэй холбогдуулан инженер мэргэжлээр элсэн суралцагчдын дунд хоёр төрлөөр тэтгэлэгт хөтөлбөр зохион байгуулдаг, дөрвөн төрлийн цалин хангамжаар ажилтнуудаа урамшуулдаг, ижил төстэй компаниудтай ажилтан-солилцоо хөтөлбөр явуулдаг тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэв.
“Ирээдүйн инженер” уулзалтын хэлэлцүүлэгт МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Д.Эрдэнэтуяа, ХБНГУ-ын Геошинжлэх Ухаан, Байгалийн Нөөцийн Холбооны Хүрээлэн (BGR)-гээс хэрэгжүүлж буй “Байгаль орчинд ээлтэй хариуцлагтай уул уурхай” төслийн Захирал О.Батболд, “Хургатай Хайрхан” ХХК, “Платинум Ланд ХХК”-ийн төлөөлөгчид сурагчдын сонирхсон асуултад хариулж, өөрсдийн ажил мэргэжлийн талаар сонирхолтой яриа өрнүүлсэн юм. Уулзалтад Мөрөнгийн ЕБС-ийн 10-12 дугаар ангийн 360 орчим сурагч оролцсон юм.
“Уурхайн олборлолт хийгээд, хаагдсаны дараа тухайн бүс нутаг ямар болдог вэ? Нөхөн сэргээлтээр яг хуучин байсан шиг нь болгож чаддаг уу?”, “Олборлосон ашигт малтмалаа хэрхэн ашигладаг вэ? Шууд гадаад руу зөөж гаргадаг уу, энэ нь Монгол Улсад хэр өгөөжтэй вэ?”, “Эрдэс баялгийн салбарт олон жил ажилласан инженерүүдтэй уулзаад, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломж олдох уу?” зэрэг асуултыг сурагчид нээлттэй асууж, хэлэлцүүлгийн зочдоос сонирхсон хариулт мэдээллээ авсан онцлог арга хэмжээ боллоо.
“Future Engineer” уулзалтыг “Хариуцлагатай уул уурхай” бүсийн чуулгантай уялдуулан зохион байгуулж буй юм. Маргааш (2024.09.12) Мөрөн хотод ““Хариуцлагатай уул уурхай” Хойд бүсийн чуулган болно.
Э. Мягмарсүрэн