Уул уурхайн 7 хоног: 20 гаруй орны 300 орчим зочин төлөөлөгч оролцоно

Э.МЯГМАРСҮРЭН

Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээг гурав дахь жилдээ зохион байгуулах гэж байна. Монгол Улсын аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарыг гадаадын хөрөнгө оруулагчдад сурталчлах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, оролцогч талуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилттой энэхүү арга хэмжээний талаар АҮЭБ-ийн сайд Ц.Туваан, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа нар (2024.09.18) мэдээлэл хийлээ.  

Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан “Төр, хувийн хэвшлийн, ханган нийлүүлэгч байгууллагууд, банк, олон улсын хөрөнгө оруулалтын сан, худалдааны танхимууд гээд маш өргөн хүрээнд талуудын оролцоог хангасан томоохон арга хэмжээ болно. Энэ жилийн арга хэмжээнд Монгол Улсын төрийн гурван өндөрлөг, УИХ-ын гишүүд, аж ахуйн нэгжүүд  болон Хятад, Канад, Австрали зэрэг 20 гаруй орны төлөөлөл, Элчин сайдын яамд, худалдааны танхимууд оролцоно. Эрдэс баялгийн салбар нь их хөрөнгө оруулалт шаарддаг. Тодорхой байгууллагаас зээл авч, төслөө санхүүжүүлж үйл ажиллагаагаа явуулдаг учир энэ жилийн “Уул уурхайн 7 хоног”-т банк санхүүгийн байгууллагуудыг чухалчилж оролцуулна. Эрдэс баялгийн салбарын өсөлт, шинэ төслүүдийн эрэлтэд тулгуурлан “MinePro” үзэсгэлэнг зохион байгуулах гэж байна. “Mining week”, “MinePro” арга хэмжээг дэмжин уул уурхайн дотоодын 50 гаруй компани, олон улсын 30 гаруй байгууллагууд хамтран ажиллаж байна.  

МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г. Эрдэнэтуяа “Аж үйлдвэр, эрдэс баялгийн салбарт төрөөс баримталж буй бодлогын талаарх Засгийн газрын хуралдаан өмнөх жилүүдийнхтэй адил хэвээр үргэлжилнэ. Энэ жилийн арга хэмжээнээс онцолбол критикал минерал, ногоон эрчим хүчний шилжилттэй холбоотойгоор чухал ашигт малтмалын талаар бодлогын түвшинд анхаарах зүйлд ач холбогдол өгч салбар хуралдаан зохион байгуулна. “Уул уурхайн 7 хоног”-ийг олон улсын хэмжээний хурал болгож өргөжүүлэх хүрээнд Олон улсын ассоциациудын дугуй ширээний уулзалтыг төлөвлөсөн. Эрчим хүчний шилжилтэд түүхий эдийн ханган нийлүүлэлт, тээвэр логистикийн асуудал гэх мэт тулгамдаж байгаа сорилтууд улс орнуудад ижил байна. Энэ талаар ассоциациуд зөвшилцөж, хэрхэн хамтарч ногоон эрчим хүчний шилжилтэд хүрэх талаар чухал хэлэлцүүлэг болно гэж итгэж байгаа.  Мөн Операторуудын холбоотой хамтран хүнд машин механизмын операторуудын “National Operator Challenge” тэмцээн явагдана. Түүнчлэн “Уул уурхайн 7 хоног”-т Английн худалдааны агентлагаас хүрэлцэн ирж, Монгол Улсад зориулж 10 их.наяд төгрөгийн зээл санал болгоно. Энэ мэтчилэн сонирхолтой, үр өгөөжтэй олон арга хэмжээ хөтөлбөрт багтаж байна.

Арга хэмжээний хүрээнд эрдэс баялгийн салбар дахь төрийн бодлого шийдвэр, хууль эрх зүйн орчин, хариуцлагатай уул уурхай, геологи хайгуул, хүний эрх, байгаль орчин зэрэг 20 гаруй сэдэвчилсэн хурал, уулзалт, хэлэлцүүлэг, үзэсгэлэн болно. 

Австрали, АНУ, ХБНГУ, Япон, Франц, БНХАУ, ОХУ, БНСУ зэрэг 20 гаруй орны 300 орчим зочин төлөөлөгч, хөрөнгө оруулагчид, төр, хувийн хэвшил, иргэний нийгмийн байгууллагын 5000 гаруй төлөөлөл чуулна. Энэ жилийн “Уул уурхайн 7 хоног” арга хэмжээ 2024 оны аравдугаар сарын 2-5-ны өдөр Налайх дүүрэгт болох бөгөөд Төв цэнгэлдэх хүрээлэнг 5  дахин томруулсантай тэнцэх хэмжээний талбайг тусгайлан засах аж. Улаанбаатар хотын төвөөс 39 км зайд арга хэмжээ зохион явагдах тул цаг тутам тодорхой байршлаас автобус, унаа олон нийтэд үйлчлэх юм байна.