Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн (GIZ) төсөл, хөтөлбөрүүдийн Захирлаар Монголд арван жил ажилласан Др. Штефан Ханселманныг Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Алтангадас одонгоор шагнажээ. Алтангадас одонг есдүгээр сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Эрүүл мэнд, спорт, нийгмийн бодлогын зөвлөх Т.Мөнхсайхан гардуулав. Тэрээр шагналыг гардуулах үедээ ноён Ш.Ханселманны Монгол Улсын эдийн засаг, нийгэм, боловсрол, хөдөлмөр, байгаль орчны салбарын хөгжилд оруулсан бодит хувь нэмрийг үнэлж, ийнхүү шагнаж буйг онцолсон байна.
Доктор Ш.Ханселманныг Монгол Улс дахь үүрэгт ажлаа дуусгасны дараа буюу 2019 оны арваннэгдүгээр сард Алтангадас одонгоор шагнасан байсан юм. Гэвч цар тахлын нөхцөл байдлын улмаас 3 жилийн дараа Монгол Улсад ирж шагналаа өөрийн биеэр гардан авсан байна.
Др. Штефан Ханселманн нь Монгол Улсын хөгжлийн нэн сонирхолтой мөчлөгт буюу 2008-2018 оны хооронд манай улсад ажилласан юм. Тэрээр Монгол-Герман Улсын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээний дагуу GIZ-ийн хэрэгжүүлсэн Хөрөнгө оруулалтын бодлогын зөвлөгөө төсөл, Бүс нутгийн эдийн засгийн хөгжил хөтөлбөр, Эрдэс баялаг, Түүхий эдийн Иж бүрэн Санаачлага хөтөлбөрийн 1-3 дахь үе шатуудыг амжилттай удирдсан. 2013 онд Ерөнхийлөгчийн Тамгын газраас Ашигт малтмалын хуулийг шинэчлэн боловсруулах, 2013 онд Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамнаас Байгаль орчны хохирол тооцох аргачлалыг шинэчлэх, 2014 онд Хөдөлмөрийн яамны Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн эрхзүйн орчин, тогтолцоог бэхжүүлэх санал санаачилга гарахад Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Эдийн Засаг, Эрчим хүчний яаманд хандан санхүүжилт босгож, төслүүдийн хэрэгжилтийг дэмжин, техникийн туслалцаа үзүүлэхэд үнэтэй хувь нэмэртэй ажиллажээ.
Тэрээр 2018 оны зургаадугаар сараас Камбож Улсад томилогдон, GIZ-ийн Бүс нутгийн эдийн засгийг дэмжих төсөл, ЖДҮ-ийг дэмжих төсөл, Хувийн хэвшлийн өрсөлдөх чадварыг дэмжих төслүүдийг удирдан ажиллаж байна. Манай улсад олон жил ажилласан туршлагатай мэргэжилтний хувьд эдгээр төслийн хүрээнд Монгол Улсаас зөвлөхүүд авч ажиллуулах, мөн Камбожуудад Монголын туршлагыг танилцуулах, Монгол Камбож Улсын бизнесүүдийн хооронд хамтын ажиллагаа үүсгэх зэрэг ажлуудыг санаачлан өдгөө ч Монгол Улстай хамтын ажиллагаа өрнүүлэн ажилласаар байна.