Бичил уурхайчдад зориулсан санхүүгийн бүтээгдэхүүнүүд - Олон улсад

М.Дөлгөөн planetGOLD Монгол төслийн Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн

2024 оны зургаадугаар сарын 3-5-ны өдрүүдэд Филиппин Улсын Батангас мужийн Талисай сууринд зохиогдсон “planetGOLD” глобал чуулганаас сонсож мэдсэн бүхнээ энэхүү нийтлэлээр уншигч та бүхэнтэй хуваалцахыг зорилоо. Миний хувьд бичил уурхай эрхлэгчдийн санхүүжилттэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа талаарх улс орнуудын туршлага, шийдлийг сонирхож энэхүү чуулганд оролцсон юм. Уншигч та энэхүү нийтлэлийг уншихдаа бичил уурхайн талаарх тогтсон үзэл бодолдоо авталгүйгээр шинэ санаа бүрийг нээлттэй хүлээн авч, Монгол Улс дахь бичил уурхайтай холбоотой асуудал бэрхшээлийг бусад улс орны туршлагаар хэрхэн бууруулж, шийдэж болох талаар тунгаан бодоосой хэмээн хүснэ.

“planetGOLD” хөтөлбөр нь бичил уурхай эрхлэлт болон ажлын орчныг сайжруулахын тулд Засгийн газар, хувийн хэвшил, бичил уурхайн байгуул­лагуудтай хамтран ажилладаг. Илүү аюулгүй хийгээд үр ашигтай болгох зорилгоор бичил уурхайчдын үйл ажил­лагааг албажуулах, санхүүжилтийн хүртээмжтэй нөхцөлийг бий болгож, улмаар сайжруулах, энэ талаарх мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, мөнгөн усгүй техно­логи ашиглах болон албан ёсны зах зээлд нэвтрэхэд нь дэмжлэг үзүүлдэг байна. 

Зургийн тайлбар: planetGOLD төсөл хэрэгжиж буй улс орнууд

Тус хөтөлбөрийн нэгдүгээр шатны төсөл 2019-2025 онд хэрэгжих бөгөөд Буркина Фасо, Колумби, Эквадор, Гайана, Индонез, Кени, Монгол, Перу, Филиппин зэрэг улсын Засгийн газар болон бусад байгууллагатай хамтарч байгаа юм. Харин хоёрдугаар шат нь Боливи, Бүгд Найрамдах Конго улс, Гана, Хондурас, Мадагаскар, Нигери, Суринам, Уганда, Кот-д’Ивуар, Гвиней, Мали, Никарагуа, Сьерра Леон, Замби зэрэг 23 оронд хэрэгжинэ. Мэдлэг хуваалцах “planetGOLD глобал чуулган 2024”-ыг Даян Дэлхийн Байгаль Орчны Сангийн санхүүжилтээр “planetGOLD” хөтөлбөрөөс зохион байгуулсан билээ. “planetGOLD” хөтөлбөрийнхөн дээр дурдсан улс орнуудын бичил уурхайчид, төр засгийн төлөөлөл, бодлого боловсруулагчид, олон улсын байгууллага, техник технологийн мэргэжилтнүүд болон хувийн хэвшлийн төлөөллийг нэг танхимд цуглуулж чадсан юм. Тэд өөр өөрийн улсад бичил уурхайг хэрхэн албажуулж, мөнгөн усгүйгээр хүдэр боловсруулах арга барил хэвшүүлэхийг зорьж буй шинэлэг санаа, сургамж туршлагаасаа хуваалцаж, сонирхолтой хэлэлцүүлгүүд өрнүүллээ. Зургийн тайлбар: Чуулганд planetGOLD хөтөлбөрийн үндсэн санхүүжүүлэгч байгууллага болох Даян дэлхийн байгаль орчны сан, хэрэгжүүлэгч байгууллагууд болох НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөр, НҮБ-ын Аж үйлдвэр хөгжлийн байгууллага, Консервэшн Интэрнэшнл байгууллага болоод Мөнгөн усны тухай Минамата конвенцын ажлын алба, мөн хөтөлбөр хэрэгжиж буй нийт 23 орны төрийн байгууллага, төслийн баг, бичил уурхайчдын төлөөлөл бүхий 200 гаруй оролцогчид оролцов.

 Зургийн тайлбар: Зүүн гар талаас: planetGOLD Монгол төслийн Хөрөнгө оруулалтын мэргэжилтэн М.Дөлгөөн, "planetGOLD Хөтөлбөр хэрэгжиж буй улс орнууд дахь санхүүгийн загварууд" сэдэвт хэлэлцүүлгийн илтгэгчид

Чуулганы зочид төлөөлөгчид гурван өдрийн турш бичил уурхайн тулгамдсан асуудлуудын нэг болох мөнгөн усгүйгээр алтны хүдэр боловсруулах технологи, санхүүжилтийн механизмыг хүртээмжтэй болгох, бичил уурхайчдын хүний эрх, нийгмийн эрх ашгийг хамгаалах, татварын бодлого зэрэг сэдвээр хэлэлцсэн.

Эхний өдөр, нэгдүгээр шатны төсөл хэрэгжүүлэгчид болох Монгол, Филиппин, Буркина Фасо, Колумби, Эквадор улсын бичил уурхай дахь санхүүгийн хүртээмжийг дээшлүүлэх чиглэлээр хэрэгжүүлж буй арга туршлагаас хуваалцсан юм. Уншигч та дараах туршлагуудаас Монголд нутагшуулж болох санаа шийдэл болон хэрхэн сайжруулах арга замыг эргэцүүлэн уншаарай. 

Колумб - Батлан даалтын сан

Колумбид бичил уурхайчдад зориулсан зээлийн бүтээгдэхүүн байдаггүй. Бичил санхүүжилтийг зөвхөн жижиг дунд бизнест олгодог байна. Үүнийг шийдэх, бичил уурхайчдад зээл олгохтой холбоотой эрсдэлийг бууруулахаар “planetGOLD Колумб” төсөл нийт 66 мянган ам.долларын батлан даалтын сан байгуулжээ. 

Бичил уурхай дагасан зээлийн эрсдэлийг Монгол төдийгүй дэлхийн олон оронд өндөр гэж үздэг. 2019-2020 онд Колумбийн төслийн баг үйл ажиллагаа эхлүүлээд арилжааны банкуудтай уулзахад бичил уурхайг үл ойшоох хандлага нийтлэг байжээ. Бичил уурхайтай холбоотой санхүү­жилтийн арга хэрэгслийн хүртээмж бага байдгийн гол шалтгаан нь бичил уурхайг дагадаг эрсдэл, албан бус байдал болон олон нийтийн сөрөг үзэл бодолтой холбоотой байв. 

Гэхдээ Колумб энэ саад тотгорыг даван туулж чаджээ. planetGOLD төсөл банкуудад бичил уурхайг зөвөөр ойлгуулах чиглэлээр сургалт сурталчилгаа явуулж, бичил уурхайчдад зориулсан зээлийн механизм боловсруулсан байна. Зээлийн шинэ бүтээгдэхүүн гаргахад тухайн салбарын онцлогийг мэдэх нь чухал байдаг. Монгол Улсын нөхцөлд жишээ авахад, бичил уурхайчин үйл ажиллагаандаа зориулж зээл авах тохиолдолд эргэн төлөлтийн хуваарь гаргахдаа тухайн бичил уурхайн ажиллах хуваарь, улирлын чанартайг харгалзан үзэх хэрэгтэй болно. Алтны нөөц, олдцоос хамааран бичил уурхайчин сар бүр тогтмол хэмжээгээр төлбөрөө төлөх боломжгүй байж мэднэ. Үндсэн орд дээр үйл ажиллагаа явуулж буй бичил уурхай бүтэн жилийн турш ажиллах боломжтой бол шороон ордын хувьд дулааны улиралд идэвхтэй ажилладаг. Түүнчлэн тухайн хувь хүн эсвэл бичил уурхайн байгууллага нь бичил уурхайгаас гадна хөдөө аж ахуй, газар тариалан давхар эрхэлдэг бол ургац хураалтын зэрэг тодорхой үед бичил уурхайгаа түр завсарлах шаардлага гарч болно. Аливаа зээлийн бүтээгдэхүүн гаргахдаа тухайн салбарын онцлогийг сайтар мэдэж, харгалзан үзэх шаардлагатай гэсний учир энэ юм. 

Колумб Улсын хувьд энгийн жижиг дунд бизнесийн зээлийн жилийн хүү 16-20 хувь байдаг бол бичил уурхайг өндөр эрсдэлтэй гэж үзэн, жилийн 30-35 хувийн хүүтэй байхаар тооцжээ. Эрсдэлийг ингэж өндрөөр тооцож байгаа нь нэг талаас банк санхүүгийн салбарынхны бичил уурхайн талаарх мэдлэг ойлголт дутмаг, салбарт чиглэсэн зээлийн бүтээгдэхүүн гаргах туршлага байхгүйтэй холбоотой гэж үзсэн байна. Нөгөө талаас тухайн бичил уурхайгаас шууд хамаарахгүй хууль эрхзүйн орчны хангалтгүй зохицуулалт, алтны үнэ ханшийн хэлбэлзэл, нийлүүлэлтийн тогтмол бус байдал зэрэг хүчин зүйлс ч нөлөөлөх талтай юм. 

“planetGOLD Колумб” багийнхан энэ нөхцөл байдлыг өөрчлөхийн тулд улсынхаа банкуудтай хамтран зээлийн эргэлтийн сан байгуулаад зогсохгүй, бичил уурхайчдад хөрөнгө оруулалтын хэрэгцээгээ тодорхойлох, зээлийн хүсэлт гаргахад нь тусалж чадавхжуулах байдлаар дэмжлэг үзүүлж эхэлжээ. Банк болон төслийн багийнхан одоо зээлийн бүтээгдэхүүнийхээ хэрэгжилтийг сайжруулж, хэвшүүлэн тогтоохын зэрэгцээ анх удаа зээл хүссэн бичил уурхайчдад илүү өндөр дүнтэй зээл олгох хүсэлтийн дагуу судалгаа хийж эхэлсэн байна. 

Тэдний илтгэлээс “Хөгжлийн байгууллагын тусламжтай бий болсон алив санаачилга, сайн туршлагыг тухайн улс оронд хэрэгжүүлж хэвшүүлэх, тогтвортойгоор хөгжүүлэн авч үлдэх, жижиг эхлэлийг илүү томруулж сайжруулах, бусад бүс нутгаар түгээн дэлгэрүүлэхэд улс орон бүр онцгойлон анхаарал хандуулах нь чухал юм” гэсэн бодол төрсөн билээ. Олон улсын байгууллагуудын санаачилгыг тухайн улсын төр засаг дэмжин ажиллахаас гадна хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллага зэргээр бусад олон талын идэвхтэй оролцоог бий болгож чадвал төсөл дууссан ч цаашид тогтвортой үргэлжлэх эхлэл болох талтайг энэхүү жишээ харуулж байна. 

Буркина Фасо -Эргэлтийн сан

Буркина Фасо Улсын бичил уурхайн санхүүжилтийн механизм нь бичил уурхайчдад техник тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл худалдан авахад нь дэмжлэг үзүүлэхдээ байгаль орчинд хал багатай нийгмийн хариуцлагатай, үр ашиг бүхий үйл ажиллагааг дэмжихийг гол зорилгоо болгодог байна. 

Тус улсын Корис банк нь planetGOLD төслөөс авсан 50,000 ам.долларын үндсэн санхүүжилтээрээ зээлийн бүтээгдэхүүн гаргажээ. Туршлагатай, найдвартай банкинд санхүүжилтээ байршуулсан нь үр ашигтай ажиллагаа, сайн засаглалын баталгаа болж чадсан хэмээн төслийн багийнхан ярьж байлаа. 

Тус банкны энгийн зээл жилийн 10 хувийн хүүтэй бол бичил уурхайн зээлийн шинэ бүтээгдэхүүн нь ногоон зээлийн шалгуур хангадаг тул жилийн 8 хувийн хүүтэй гаргажээ. Төслийн хамт олны танилцуулснаар оролцогч гурван тал болох сан, бичил уурхайн байгууллага болон банк нь зээлийн эрсдэлийг тус бүр 1/3 гэсэн харьцаагаар хариуцдаг байна. Гэхдээ банк зээл гаргахдаа барьцаа хөрөнгөд үл хөдлөх хөрөнгө шаарддаг нь бичил уурхайчдын зээл хүсэх боломжийг хязгаарлаж, ялангуяа эмэгтэйчүүдэд илүү их хүндрэлтэй тусдаг тул үүнийг хөнгөвчлөх арга замыг хайж байгаа аж. 

Хэдийгээр төсөл нь зээлийн хөтөлбөрийн эхлэлийг тавьсан ч цаашид томоохон уул уурхайн компаниуд болон бусад бичил уурхайн байгууллагуудаас санг томруулах талаар дэмжлэг хүсээд байна. Одоогоор уг зээлийн бүтээгдэхүүний удирдлагын багт бичил уурхай, төслийн баг, төр засаг, орон нутгийн төлөөллүүд багтаж байна. 

Анх зээлийн бүтээгдэхүүн танил­цуулагдахад бичил уурхайн 7 хоршоо хүсэлтээ өгснөөс 3 нь батлагджээ. Төслийн баг хоршоодыг зохион байгуу­лалтад орж, үйл ажиллагаагаа албажуулан, зээлийн бичиг баримт бүрдүүлэхэд тусалсан байна. Банк материалыг хүлээн авч, өөрсдийн дүрэм журмын дагуу үнэлгээ хийснээр зээл гаргах эсэхээ шийдэж, зээл гарсны дараа санхүүжилт нь зориулалтын дагуу зарцуулагдаж буй эсэхийг хянаж ажилладаг байна. 

Монгол Улс - Хадгаламж зээлийн хоршоо


2019 онд төслийн багийнхан Монгол Улс дахь бичил уурхайн хууль эрх зүйн нөхцөл байдлын судалгаагаар ажлаа эхлүүлсэн. Уул уурхайн салбарт хувьцааны хөрөнгө оруулалтын жишиг тогтсон байдаг ч Монгол Улсын хууль эрх зүйн орчинд бичил уурхайд хөрөнгө оруулах хувилбар тохиромжтой биш байв. Түүнээс гадна 2022 он хүртэл бичил уурхайг зохицуулдаг үндсэн хууль эрх зүйн акт “Бичил уурхайгаар ашигт малтмал олборлох журам”-ын гол заалтын хэрэгжилт болох газар олголтыг хориглочихоод байсан юм. 

Иймээс “planetGOLD Монгол” төсөл банк санхүү, хөрөнгө оруулалтын байгууллагуудад мэдлэг ойлголт түгээх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн ба албан бус, хууль бус хэмээн үздэг бичил уурхайчдын санхүүгийн хүртээмжийг сайжруулах асуудлыг хөндөж, хэлэлцүүлэг өрнүүлсэн анхны байгууллага юм. Төслийн баг төр засаг, санхүүгийн байгууллагууд, банк болон хувийн хэвшлийнхэнд чиглэсэн уулзалт, хурал, чуулганыг цөөнгүй удаа зохион байгуулж, бичил уурхайг албажуулах, хууль эрх зүйн орчныг сайжруулах, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэхийг зорьж ажиллажээ. 

Техник технологийг сайжруулах чиглэлд Сэлэнгэ аймгийн Мандал суманд байрлах хүдэр боловсруулах хоёр үйлдвэрт нийт 190,000 ам.дол­ларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Төслийг хэрэгжүүлэгч “Алтны бичил уурхайн зөвлөл” нь хамтарч ажиллах бүс нутгаа сонгохдоо маш нарийн шалгуураар сонгодог бөгөөд тэрхүү шалгууруудыг эдгээр үйлдвэрүүдэд мөн адил дагаж мөрдсөн.

Дээрх хоёр үйлдвэр нь эргэн төлөх нөхцөлтэйгөөр хөрөнгө оруулалтыг авсан хэдий ч эргэн төлөлтийг төсөл рүү биш төслийн дэмжлэгтэй шинээр байгуулагдсан “Баатар вангийн хишиг арвижих” нэртэй хадгаламж зээлийн хоршоонд (ХЗХ) шилжүүлэх юм. Тухайн орон нутгийн бичил уурхайчдын төлөөллөөс сайн дурын үндсэн дээр байгуулагдсан энэхүү ХЗХ нь гишүүдийнхээ санхүү, эдийн засгийн хэрэгцээг хангах үндсэн зорилготой болно. Эргэн төлөлтөөр санхүүжиж буй ХЗХ нь хариуцлагатай бичил уурхайд чиглэсэн жижиг зээлийг гишүүддээ олгох юм. Одоогоор 22 гишүүнтэй эхлээд байгаа ч Мандал сумын 400 гаруй бичил уурхайчныг гишүүнээр элсүүлэх томоохон зорилготой ажиллаж байна. 

Цаашид банк эсвэл аль нэг хөрөнгө оруулагч нь бичил уурхайн алтны хүдэр боловсруулах үйлдвэрт хөнгөлөлттэй зээл олгон, түүний эргэн төлөлтийн ашгаас жижиг зээлийн сан бүрдүүлэх нь хэрэгжих боломжтой туршлага юм. Уг санаачилгыг Монголбанк болон бусад хамтрагч талуудын тусламжтайгаар бусад бүс нутагт хэрэгжүүлэх бүрэн боломжтой.

Эквадор - Алт худалдан авах хөтөлбөр

Эквадор Улсын Төв банк нь Монгол­банкны адилаар бичил уурхайчдаас алтыг шууд болон алт арилжаалагчдаар дамжуулан шууд бусаар худалдан авдаг байна. Төв банкных нь зорилгод бичил уурхайчдыг албажуулах, санхүүжилтийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх зэрэг зүйлс тусгагджээ. Түүнчлэн бичил уурхайчдаас алт худалдан авахдаа дараах шаард­лагыг тавьдаг байна. Тухайлбал, 

→ Зөвхөн албажсан бичил уурхайчидтай хамтран ажиллах;

→ Бичил уурхайчид байгаль орчинд ээлтэй хүдэр боловсруулах техник технологи ашигладаг байх;

→ Магадлан шинжилгээ хийгдсэн байх. 

Одоогоор Эквадорын Төв банк нь хоёр ч салбараараа дамжуулан алт худалдан авдаг. 2025 онд гурав дахь салбараа бичил уурхайн үйл ажиллагаа явагддаг бүс нутагт нээхээр төлөвлөсөн бөгөөд уг салбар нээгдсэнээр бичил уурхайчдын замын зардал багасах юм. Эквадор Улс нь planetGOLD төслийн дэмжлэгтэйгээр бичил уурхайчдын санхүүгийн нөхцөл байдал болон байгаль орчны хариуцлагатай байдлыг сайжруулах зорилго бүхий салбар дундын гэрээг боловсруулжээ. Гэрээний гол хамтрагч талууд нь Эквадорын төв банк, Эрчим хүч, уул уурхайн яам, Байгаль орчны яам, төрийн өмчит арилжааны банк болох БанЭкуадор юм. Энэхүү гэрээгээр Төв банкинд алтаа борлуулдаг бичил уурхайчид БанЭкуадор банкнаас үйл ажиллагаандаа зориулсан зээл авах боломж бүрдүүлсэн байна. Одоогоор уг зээлийн бүтээгдэхүүний үр ашгийг бичил уурхайн 2 байгууллага хүртээд байгаа ба нийт 170,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ. Түүнчлэн бичил уурхайн 21 байгууллага зээлийн хүсэлтээ өгөөд байгаа юм байна. 

Филиппин-Нийлүүлэлтийн гэрээ

Филиппин ч бас Монгол болон Эквадор улстай адил алтны худалдан авалтыг Төв банкиндаа төвлөрүүлдэг. Глобал чуулганы үеэр танилцуулсан “Нийлүүлэлтийн гэрээ” хэмээх бичиг баримт нь Төв банк болон бичил уурхайн харилцааг албажуулаад зогсохгүй бичил уурхайн байгууллагын орлогыг нотлох баталгаа болох зориулалттай гэрээ юм. Мөн үүнийг ашиглан planetGOLD шалгуурын тусламжтайгаар бичил уурхайчдын үйл ажиллагаанд магадлан шинжилгээ хийх боломжтой аж. 

Тус гэрээг төслийн багаас санал болгож, Филиппин Улсын Төв банкны хуулийн баг хянах шатанд яваа гэнэ. Гэрээг баталсан тохиолдолд Төв банкинд бөглөж өгөх шаардлагатай алтны худалдаачны бүртгэлийн шат дамжлага хасагдана. Уг дамжлага нь олон алхамтай, зардал өндөртэй байдаг. Нэг ёсондоо, үйл ажиллагааны зээл хүсэж байгаа бичил уурхайн байгууллагын хувьд уг гэрээ батлагдсанаар зээлийн баталгаа болж байгаа юм. Үүний зэрэгцээ дээр дурдсан planetGOLD шалгуур стандартын тайлан нь мөн л зээлийн баталгаа болох боломжтой аж. 

Өмнө нь бичил уурхайн байгууллага болон Төв банкны хооронд зөвхөн харилцагчийн холбоо байсан бол planetGOLD төслийн санаачилсан энэхүү гэрээ нь төрийн байгууллага болон бичил уурхайн байгууллагын хамтын ажиллагааг улам бататгасан алхам болохнээ.

Бусад санаачилга

Чуулганы үеэр planetGOLD хөтөл­­бөрийнх биш боловч бичил уурхайч­дад чиглэсэн бусад зээлийн бүтээг­дэхүүнүүдийг танилцуулав. Тэдгээрээс Конго, Танзани болон Кени Улсад хэрэгжүүлж буй туршлагаас хуваалцъя. 

Траст Мэрчэнт банк (ТМБ) - Бүгд Найрамдах Ардчилсан Конго Улс (БНАКУ)

Траст Мэрчэнт нь Конго Улсад үйл ажиллагаа явуулдаг арилжааны банк юм. Конгод бичил уурхайн салбарын шууд болон шууд бус нөлөөнд байдаг 1 сая орчим хүн бий. Тус банк бүхий л салбарт хүрч ажиллах зорилгынхоо хүрээнд бичил уурхайг эдийн засгийн томоохон ач холбогдолтой гэж үздэг байна. Тиймээс бичил уурхайчдыг албажуулж зохион байгуулах, байгаль орчин, нийгэм, засаглалын стандартуудыг хэвшүүлснээр бичил уурхай нь банк санхүүгийн дэмжлэг хүртэх бүрэн боломжтой гэдгийг бодитоор нотлох зорилготой аж.

ТМБ нь үйлчлүүлэгчдээ эрсдэлийн зэргээр нь ангилсан үнэлгээний систем боловсруулсан бөгөөд үүнд бичил уурхайчид багтжээ. Эрсдэлийн түвшинг үнэлээд зогсохгүй өндөр эрсдэлтэй үйлчлүүлэгчдэд эрсдэлээ бууруулахад нь дэмжлэг үзүүлдэг байна. Банкнаас бичил уурхайчдад санал болгодог зээлийн хүүгийн хэмжээ газар тариалангийн зээлийнхтэй адил. Бичил уурхайчид хот суурин газраас хол байх нь элбэг тул тэдэнд хүрч ажиллахын тулд Пийпл Мобайл нэртэй гар утасны аппликэйшн боловсруулжээ. Үүгээр дамжуулан банк үйлчлүүлэгчийнхээ санхүүгийн нөхцөл байдлын өөрчлөлтийг хянаж чаддаг төдийгүй үүндээ үндэслэн ямар хэмжээний зээл олгохоо шийддэг байна. 

Одоогоор бичил уурхайн 30 үйлчлүүлэгчтэй. Түүний цаана хуулийн дагуу хоршоо, нөхөрлөлийн бүртгэлээ хийлгэж, зохион байгуулалтад орсон 39 бүлэг тус банкны үйлчлүүлэгч болохоор хүлээж байгаа аж.

ТМБ нь бичил уурхайчдын хэрэгцээнд нийцүүлэн өөр нэг сонирхолтой санаачилга гаргаж, түүнийгээ “Хүүгүй зээл” хэмээн нэрлэжээ. Банк хаа нэгтэйгээс нэмэлт санхүүжилт, буцалтгүй тусламж олж чадвал бичил уурхайчдад тоног төхөөрөмжийн лизингийг санал болгох юм. Ингэснээр бичил уурхайчид зээлийн эргэн төлөлтийн түүхтэй болох төдийгүй найдвартай зээлдэгч гэдгээ нотлох боломж үүснэ. Тоног төхөөрөмжийн зээлийн эргэн төлөлтийг тодорхой хугацааны турш 0 хувийн хүүтэй байлгах ба банкны шаардлагыг бүрэн биелүүлсэн тохиолдолд тухайн зээлийг төлөгдсөнд тооцож, үлдэгдэл зээлийг буцалтгүй тусламжаар хөнгөвчлөх санааг чуулган дээр дэвшүүлснийг зочид төлөөлөгчид бүгд хэрэгжих боломж­той санаа хэмээн сайшаан хүлээж авсан. 

Импакт Фасилити (ИФ) - Кени болон Танзани

Эрдэс баялгийн салбарын орон нутаг дахь тогтвортой хөгжлийг дэмжиж ажилладаг Импакт Фасилити нь холимог санхүүгийн загвар хэрэгжүүлдэг байна. Тухайлбал, бичил уурхайчдыг мөнгөн усгүй боловсруулалт, хөдөлмөрийн аюулгүй байдал, санхүүгийн менежмент зэрэг чиглэлүүдээр чадавхжуулахын зэрэгцээ техник технологийн буцалтгүй тусламж олгох байдлаар дэмждэг байна. Мөн хөрөнгө оруулалтын сангуудын дэмжлэгтэйгээр бичил уурхайчдад тоног төхөөрөмж зээлээр буюу лизингээр олгодог. 

Дээрх лизингийн үйлчилгээг олгохдоо  нийт төлбөр төлөгдөж дуустал тоног төхөөрөмжийг ИФ нь эзэмшилдээ байлгадаг байна. Тодруулбал, бичил уурхайн байгууллага бичиг баримт бүрдүүлэх үе шатыг давж, хүсэлт нь баталгаажсан бол зээлээ бүрэн төлсний дараа тухайн тоног төхөөрөмжөө эзэмших эрх бүхий лизингийн гэрээнд гарын үсэг зурна. Гэрээ бүрэн баталгаажих сүүлийн нөхцөл нь тухайн байгууллага 12 долоо хоногийн дотор нийт зээлийн 10 хувьтай тэнцэх хөрөнгийг баталгаа болгох үүрэгтэй. Гэрээний нөхцөлүүдэд дараах зүйлс тусгагддаг: 

→ Төлбөрийн хэлбэр: банкны шилжүүлэг, мобайл банк;

→ Нөхцөл: төлбөр төлөх хугацааг дээд тал нь 2 сар сунгах;

→ Сонголт: Жилд хоёр удаа төлбөр завсардаж болно. (уурхай усанд автах, уурхайн хоолой засах, тэлэх болон уурхайн үйлдвэрлэл, орлого зогсоход хүргэсэн бусад нөхцөлд) Энэ эрхээ ашиглах тохиолдолд бичил уурхай нь 24 цагийн өмнө мэдэгдэж, 60 ам.доллар төлөх ёстой;

→ Хоцорч төлсөн эсвэл төлөлтөө алгассан тохиолдолд сар бүрийн төлбөр тушаах хугацаа болох 5-ны өдрөөс хойших өдөр бүрд 7 ам.долларын алданги тооцно. Тухайн сарын 20 хүртэл төлбөрөө төлөөгүй тохиолдолд бичил уурхайг гэрээгээ зөрчсөнд тооцно;

→ Уурхай дампуурч, ашиггүй болсноо зарлавал ИФ тухайн байдлаас гарахад нь туслах бөгөөд үүний эцэст байдал дээрдэхгүй бол ИФ тоног төхөөрөмжөө хураан авч, дараагийн зээлдэгчид хүлээлгэн өгнө;

→ Лизингийн гэрээний дагуу аливаа засвар үйлчилгээг тодорхой нөхцөлтэйгөөр ИФ хариуцна;

→ Лизингийн хугацаа дуусахад бичил уурхайн байгууллага нь тухайн тоног төхөөрөмжийг 0.75 ам.доллар төлснөөр эзэмших боломжтой. 

ИФ нь бичил уурхайн хариуцлагатай, албан ёсны, мэргэжлийн байдлыг төлөв­шүүлж, бичил хэлбэрээс жижиг, дунд бизнесийн хэлбэр рүү ахиж дэвшихэд нь дэмжлэг үзүүлж, дэвшилтэт тоног төхөөрөмж ашиглан аюулгүй бөгөөд байгаль орчинд хал багатай үйл ажиллагаа эрхлэхийг уриалж ажилладаг. 2026 оны сүүлч гэхэд ИФ нь Танзани болон Кенид нийт 40 уурхайн 3,000 бичил уурхайчинд хүрч ажиллахаар төлөвлөжээ. Ингэснээр жилийн алтны үйлдвэрлэлийг багадаа 25 кг-аар (жилийн 1.5 сая ам.доллартой тэнцэнэ) нэмэг­дүүлж, байгаль орчин, нийгэм, засаг­лалын гүйцэтгэлийг сайж­руулж, мөнгөн усны хэрэглээг бууруулахыг зорьж байна. 

Өөрийн дүгнэлт ажиглалтаас хуваалцвал...

Дээр дурдсан санхүүгийн арга хэрэгсэл, механизмууд бүгд давуу болон сул тал, тус бүрийн онцлогтой ч дор бүрдээ улс орныхоо нөхцөл байдалд тохирсон гэж хэлж болохоор байна. Жишээлбэл, зээлийн санг зохицуулдаг гол байгууллага зарим улс оронд Төв банк нь байгаа бол заримд нь арилжааны банк эсвэл санхүүгийн өөр байгууллага байна. Ихэнх улс оронд planetGOLD төсөл болон төр засгийн төлөөлөл хамтран, бичил уурхайчдад зориулсан санхүүгийн хөтөлбөр хэрэгжүүлжээ. Түүнчлэн зарим улсад арилжааны банк, ТМБ болон бусад олон улсын байгууллагын санаачилгатай санхүүгийн хөтөлбөрүүд байгаа нь сайшаалтай. 

Чуулганд үр дүнгээ танилцуулсан улс орон бүр хөтөлбөрөө эхлэхдээ хамтрагч талууд болон санхүүгийн байгуул­лагуудад бичил уурхайн онцлогийг таниулж, мэдлэг ойлголт түгээн, санхүүгийн дэмжлэг хүртэх бүрэн боломжтойг нотлон харуулахыг зорьж ажиллажээ. Эдгээр улс орны хувьд уулзалт хэлэлцээр хийж, танин мэдүүлэх, ятган ухуулахад багагүй цаг хугацаа зарцуулснаа ч нуусангүй. 

planetGOLD төслийн санхүүгийн хөтөлбөрийн зарим нь аль хэдийн хэрэгжээд, үр нөлөөгөө үзүүлж эхэлсэн бол зарим нь дөнгөж эхэлж байна. Учир нь бичил уурхайд санхүүжилт татах үйл явц нь цаг хугацаа шаардсан ажил юм. Тогтвортой бөгөөд урт хугацааны үр дүнд хүрэхийн тулд хамтрагч талууд болох төр засаг, хувийн хэвшил, банк санхүүгийн байгууллага, бичил уурхайчид, олон улсын төсөл хөтөлбөрүүд нягт хамтын ажиллагаатай байх нь чухлыг бүгд хүлээн зөвшөөрч байлаа. Үүнийг үйл ажиллагаа нь хэвшин тогтсон ТМБ болон ИФ байгууллагуудын жишээнээс харж болохоор байна. Бичил уурхайн хувьд улс орон бүрд харилцан адилгүй бэрхшээл тулгардаг ч бүгд бичил уурхайд санхүүгийн дэмжлэг хэрэгтэй гэдэгтэй санал нийлж, өөр өөрсдийн улс орны нөхцөл байдалд тохирсон гарц шийдлийг эрэлхийлж байна. 

Эцэст нь энэхүү нийтлэл уншсан хэн бүхэнд Монгол Улс төдийгүй дэлхийн олон улс оронд байгаа бичил уурхайчдын ажиллаж амьдрах нөхцөлийг хэрхэн сайжруулах талаар бодлын өчүүхэн ч гэлээ үр суулгасан байгаасай хэмээн найдна.

planetGOLD Монгол төслийн сошиал хуудсуудыг дагаж, төслийн талаар болон салбарын холбогдох мэдээ мэдээлэл авах боломжтой. 

Facebook @Planet-GOLD Mongolia