МАК 5,000,000 дахь тонн цементээ үйлдвэрлэлээ

Б.БАЯНЖАВЗАН

“Савлах хэсгээс вагонд ачиж, борлуулалтад гаргах цементээ аваад гараад ирсэн чинь үйлдвэрийнхэн бүгд алга ташаад их сандарлаа. Би өдөрт дунджаар 600-700 тонн цементийг вагонд өрж ачдаг. Ингэхдээ ойролцоогоор 60-70 километр буюу манай цементийн үйлдвэрээс Чойр орохтой адил замыг богино зайд туулдаг гэсэн үг.” хэмээн ярих МАК-ийн Цементийн үйлдвэрийн сэрээт ачигчийн оператор Ц.Эрдэнэцогт гартаа “МАК цемент ХХК,  5,000,000 тонн цемент үйлдвэрлэв, 2024.12.07, батлав” гэсэн бичигтэй батламж барьж зогсоно.

Манай улсын жилийн нийт цементийн хэрэглээний тэн хагасыг дангаар хангаж буй “МАК Евро Цемент”-ийн үйлдвэр 5.0 сая дахь тонн бүтээгдэхүүнээ үйлдвэрлэв. Энэ түүхэн үйл явдлынх нь гэрч болж, хоёр цаг гаруйн хугацаанд үйлдвэрийн бүтээн байгуулалт, үйл ажиллагаатай танилцсан тэмдэглэлээ хуваалцъя. 

Шаргалтсан их талд сэвэлзсэн салхи жиндүүлэх нь говийн өвөл ийм байдаг юм уу гэмээр. Улаанбаатар хотоос дөрвөн цаг давхиж Дорноговь аймгийн Даланжаргалан сумын нутагт байрлах “МАК цемент”-ийн үйлдвэрт ирэхэд хамгийн түрүүнд хагас дугуй хэлбэртэй төмөр каркас угсарсан нь нүдэнд тусав. Үйлдвэрийн дарга Б.Батжаргалаас асуувал, ирэх оны хоёрдугаар хагаст ашиглалтад оруулахаар төлөвлөж буй 178 мянган тонны багтаамжтай чулуунцрын агуулах гэнэ. Чулуунцар бол цемент хэмээх стратегийн бүтээгдэхүүний үндсэн түүхий эд юм. 

Төв хяналтын байраар зочлоход Монголын анхны робот лаборатори угтав. Шохойн чулуу, гөлтгөнө, төмрийн хүдэр, элс, шавар гэсэн таван түүхий эдийг эхний шатанд хольж, бутлаад тэндээс авсан 12 удаагийн дээжийн дунджийг цаг тутамд энэхүү робот лабораторид илгээж, шинжлүүлдэг байна. 


Мөн 1300 градуст шатааж чулуунцар болгохын өмнөх шатанд бас л цаг тутам дээж авч чанарын шалгалт хийдэг аж. Энэхүү робот лабораторийн дээжийн шинжилгээнээс хамаараад түүхий эдийн орц найрлага автоматаар тохируулагддаг гэнэ. Хамгийн гол нь хүний оролцоот алдаа бага гардаг. Робот болон хими, физикийн гээд бүх лаборатори нь итгэмжлэгджээ.

Түүхий эд

Орд

Цементийн үйлдвэрээс

Байрлал

1

Шохойн чулуу

Хөхцав

14 км

Дорноговь аймаг Даланжаргалан сум

2

Гөлтгөнө

Ширээгийн хөндий

450 км

Дундговь аймаг Дэлгэрхангай сум

3

Төмрийн хүдэр


50 км

Дорноговь аймаг Баянжаргалан сум

4

Элс, шавар

Шар хоолой

14 км

Дорноговь аймаг Даланжаргалан сум

5

Нүүрс

Хөөт

130 км

Дундговь аймгийн Баянжаргалан


Цементийн үйлдвэр гэхээр хамгийн түрүүнд сааралтсан тоос л төсөөлөгдсөн. “Ганц нэг газраар орж шалгаад, үйлдвэрээ бүтэн тойроод ирэхэд гурван цаг орчим болдог юм” гэж хуучлах үйлдвэрийн даргаас сэвшээ салхинд ширхэг тоосгүй байгаа талаар лавлалаа. Учир нь, тус компанийн нэвтрүүлсэн хуурай аргаар цемент үйлдвэрлэдэг Дани улсын “FLSmidth” технологи нь усны зарцуулалт бага төдийгүй тоосжилт үүсгэдэггүй тул байгальд ээлтэй технологид тооцогддог байна. Энэ нь үйлдвэрлэлд бус тоног төхөөрөмж хөргөлтийн зориулалтаар л ус ашигладаг гэсэн үг. Мэдээж дахин дахин боловсруулаад хэрэглэнэ. Мөн ижил төрлийн үйлдвэрүүдтэй харьцуулахад цахилгаан ашиглалт 25-30 хувиар бага аж. 

Тэд цемент ачих, зөөхөд шаардлагатай хуванцар поддон хүртэл өөрсдөө үйлдвэрлэж байна. 100 хувь дахин боловсруулагддаг, насжилт өндөр, эргэлт олон хийх чадвартай, хөнгөн, хэрэглэхэд хялбар, хүйтэнд тэсвэртэй гэнэ. Бүр модон поддоноос 10 дахин удаан ашиглагддаг ажээ. 

Анх 2017 оны зургаадугаар сарын 9-ний өдөр үйл ажиллагаа эхэлж байсан бөгөөд эхний жилүүдэд хэрэглэгчдэдээ танигдах он жилүүд өнгөрсөн байна. Тэгвэл өнөөдөр (2024.12.07) “МАК Евро Цемент” үйлдвэр 5,000,000 дахь тонн цементээ үйлдвэрлэж, борлуулалтад гаргах ёслолын үйл ажиллагаагаа эхлэв. Савлах хэсгээс поддон дээр өрсөн 2 тонн цементийг сэрээт ачигчаар вагонд ачиж, түүнийгээ лацдан Улаанбаатарын зүг хөдөллөө. “МАК Евро Цемент”-ийн үйлдвэрийн сэрээт ачигчийн оператор Ц.Эрдэнэцогтод түүхэн үйл явдалд гар бие оролцсон батламж гардуулж, дурсгалын зураг татуулснаар ёслол өндөрлөв. 

“МАК цемент” үйлдвэрийн ажилчдын 68 хувийг 18-34 насны залуучууд эзэлдэг. Тэд ногоон хөгжлийг түүчээлэхийг зорьж олон олон ажлыг төлөвлөхийн зэрэгцээ хийж хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, батарей хуримтлууртай, 20 МВт хүчин чадалтай нарны цахилгаан станцын барилга угсралтын ажил хийгдэж буй. Тус станц 16 МВт хэрэглээтэй “МАК цемент”-ийн үйлдвэрийг цахилгаан эрчим хүчээр бүрэн хангах юм.