Н.АРИУНТУЯА
ariun@mininginight.mn
Хорин дөрвөн онд Монголын уул уурхай 8 их наяд төгрөг олохоор ажиллаж байна. Ингэснээр түүхэндээ уул уурхайгаас хамгийн их орлогыг Улсын төсөвт төвлөрүүлсэн жил болох юм. Олсны хэрээр бас хамгийн ихийг ард түмэндээ хүртээх ёстой. Өөрөөр хэлбэл, дээрх 8 их наядын 1.2 их наяд нь Баялгийн санд хуримтлагдана. Уул уурхайгаас олсон орлогын 15 хувийг ард түмэндээ хүртээж байна гэсэн үг. Улмаар сонгуулийн өмнө батлагдсан Баялгийн сангийн хууль бодитоор хэрэгжиж буйг нотлон харуулах юм. Энэ нь Монголын эрдэс баялгийн салбар нэрээ сольсон яам, эмч мэргэжлийн сайдтайгаар нэгэн шинэ мөчлөг эхлүүлж буй цаг хугацаатай давхцаж байна. Эмч сайдын хийх ажил, гүйцэтгэх үүрэг нь уул уурхайгаас олох орлогыг нэмэгдүүлэх.
Манай улсын хувьд Сангийн яам, Эдийн засаг, хөгжлийн яам, өөр бусад ямар ч яамнаас илүүтэйгээр хөрөнгө мөнгө олох, төвлөрүүлэх үүрэг уул уурхайн салбарт оногддог. Тэр л тавилан заяагаар Баялгийн санг баян байлгах үүргийг Ц.Туваан сайд хүлээн авлаа. Эхний даалгавар нь 2024 онд Баялгийн санд 1.2 их наядыг хуримтлуулах.
Тэгж чадлаа гэхэд тэр нь Ц.Туваан сайд амсхийнэ гэсэн үг биш юм. Ирэх жил, түүний дараа жил гээд жилээс жилд Баялгийн санд хуримтлуулах мөнгөн дүн тасралтгүй өсөн нэмэгдсээр байх болно. Тиймээс шинэ сайдын хувьд их мөнгө олдог байхын тулд хийх ажил, шийдэх асуудал арвин байна. Хамгийн том давуу тал нь тэр зах зээл хамгийн таатай үед Салбарын сайдаар томилогдлоо. Нүүрс, зэс, алт гээд бүгд таатай байна. Ирэх жил ч энэ байдал үргэлжлэх төлөвтэй. 8 их наядыг олчихно гэж онгирох боломжийг түүхий эдийн зах зээл, тэр тусмаа нүүрс олгож байна. Гэхдээ энэ нь найдвартай орлого биш. Нүүрсэнд хэт найдах нь Баялгийн санг эмзэг болгох нэг нөхцөл нь. Түүний хэрээр хамтарсан Засаг дахь АН-ын нэр хүнд болон Салбарын сайдын байр суурь ч эмзэг тогтворгүй болно.
Эх сурвалж: www.mof.gov.mn
Анзаарсан бол Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд тамгаа гардаж авсан өдрөөс (2024.07.10) хойшхи 2 сар гарангийн хугацааг салбарынхаа үйл ажиллагаатай танилцах уулзалт, томилолтоор дүүрэн өнгөрөөсөн. Магадгүй Салбарын сайд нарын түүхэнд салбартайгаа танилцахад хамгийн их цаг зарсан нь Ц.Туваан сайд байж мэднэ. Эмч мэргэжилтэй нь ч холбоотой биз. Үзэж харж, тэмтэрч чагнан байж мөнгө олох сувгийг хэрхэн нээхээ оношлохоос ажлаа эхэлж байгаа нь магадгүй зөв байх. Ямар онош тавьж байгааг нь түүний хэлж ярьж буй үгс, гаргаж буй шийдвэрүүдээс харж болохоор байна. Харин хэр зөв онош тавьсныг, салбарыг “тэнхрүүлж” чадах эсэхийг ирэх өдрүүд нь харуулна. Түүний тавьж буй эхний оношуудыг Уншигч та зурагнаас харж байна. Эдгээр нь Ц.Туваан сайдын амнаас унасан үгс юм. Өнгөрсөн хугацаанд төрийн өмчит уурхай, үйлдвэрийн газрууд, харьяа агентлаг, мэргэжлийн байгууллагуудтай танилцах үеэрээ хамгийн их давтан хэлсэн үгсээс энд эшлэв.
• Үндэсний баялгийн санд хуримтлал бий болгох ёстой
• Геологи хайгуулыг нэмэгдүүлэх ёстой.
• Шинэ төслүүдийг дэмжиж, ашиглалтад хурдан оруулах ёстой.
• Үйлдвэрлэл, технологийн паркуудыг байгуулах ёстой.
Ц.Туваан сайдын хэлж буйгаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам хайгуулыг нэгдүгээрт тавих нь байна. Тэгвэл өнөөдрийн нөхцөл байдал гэвэл Монголын геологи хайгуулын салбар үлгэн салган хөлөө зөөж ядан яваа. Хамгийн оргил үе нь өчигдөрт үлдсэн. Харьцангуй судлагдаагүй бүс нутгаа харгалзан үзвэл дэлхий дахинд ач холбогдолтой шинэ нээлт хийх бололцоотой гэж салбарынхан ярих дуртай. Гэвч бодит байдал дээр хайгуул хийх боломжит талбай хязгаарлагдмал, шинээр хайгуулын лиценз олголт хомс, геологиуд ажилгүй байгаа. Геологи хайгуулыг нэмэгдүүлэхийн тулд хайгуулыг зогсоосон, хязгаарласан асуудлуудаа эхлээд шийдэх ёстой болно. Зарлах талбайгаа мөн нэмэгдүүлэх ёстой. Бас дэлхийн хэмжээнд өрсөлдөхүйц таатай хөрөнгө оруулалт, татварын орчин хэрэгтэй. Хууль эрхзүйн орчинд өөрчлөлт оруулахаас эхлээд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам болон Сангийн яамтай тохиролцох, орон нутагтай хэл амаа ололцох гээд түмэн асуудал ундарна. Нэн тэргүүнд лиценз шилжүүлэлт, роялтийн асуудлыг Сангийн яамтай ярих хэрэгтэй болно. Сангийн сайдтай тохиролцохын тулд мөнгө олж өгдөг байх ёстой. Баялгийн санд тэдийг өгнө гэх хүч чадалтай байж гэмээнэ зарим татварыг буулгах асуудал ярих “эрхтэй” болох юм.
Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамтай тусгай хамгаалалттай газар нутгийг оновчлох асуудлыг ярих ёстой болно. Нийт газар нутгийн 70 шахам хувь тусгай хамгаалалт нэрээр газрын хэвлийн баялгаа танин мэдэх боломжийг хааж байгааг ойлголцох ёстой. С.Одонтуяа сайдтай нэг нам тул учраа ололцох байх. Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлагдахад С.Одонтуяа гишүүний хичээл зүтгэл багагүй нөлөөтэй байв. Тэрээр ажлын хэсгийг ахалж байхдаа уул уурхайн асуудлыг ул суурьтай ойлгосны үндсэн дээр төвийг сахихын сацуу цөөнгүй дэвшилтэт үзэл санаа шигтгэсэн бодлого батлуулж чадсан. Энэ бүхэн БОУАӨЯ-тай хэл амаа ололцоход дөхөм байж мэднэ. Энэ мэтээр хуримтлагдсан асуудлуудыг ганц нэгээр ч атугай шийдвэрлэж байж геологи хайгуулыг алхам алхмаар урагшлуулна. Ц.Туваан сайд харьяа агентлаг, мэргэжлийн байгууллагуудаас хамгийн түрүүн Үндэсний геологийн алба, Геологийн судалгаа-шинжилгээний төв ТӨҮГ-тай танилцсан ба мэргэжлийн холбоодоос Монголын Геологийн холбоодын нэгдсэн зөвлөлийн төлөөллийг хүлээн авч уулзсан. Гэхдээ тэр бүхнээс илүүтэйгээр “Занаду Майнз” компанийн төслийн талбайд очсон нь салбарынхны анхаарлыг ихээр татсан билээ.
Өнгөрсөн хугацаанд түүний зорьж очсон цор ганц хувийн хэвшлийн төсөл. Монголд олон жил хайгуул хийсэн, түүнийгээ дуусгасан, сайн үр дүн зарласан, хүлээлт өндөртэй цөөн хэдэн төсөл бий. Гэхдээ хөдөлсөн нь бараг үгүй. Тэдний нэг нь алт зэсийн Хармагтай төсөл юм. Шинэ сайд бараг эхний шахуу томилолтын маршрутдаа Хармагтайг багтаасан нь төслийг хөдлөх нь үү гэх мессежийг салбарынханд өгсөн. Бас хайгуулын томоохон төслүүдийг дараагийн шатанд гарахад бодлогын ямар дэмжлэг үзүүлэх нь вэ гэж хүлээж харах сэдлийг төрүүлэв. Энэ хүлээлтийг шинэ сайдын гаргасан хамгийн эхний шийдвэр бүр ч бататгасан юм. Зогсоочихоод байсан “Ачит Ихт” ХХК-ийн үйл ажиллагааг үргэлжлүүлэн явуулах шийдвэрийг Ц.Туваан сайд гаргасан. Хэдийгээр Ц.Туваан сайд ““Ачит Ихт” компанитай холбоотой хүхрийн хүчлийн уусмал байгальд алдагдах ноцтой асуудал тулгарсан учраас Засгийн газраас яаралтай шийдвэр гаргах үүргийг өгсний дагуу шийдвэрлэсэн. Компанийн шүүхийн маргаан, 34 хувьтай холбоотой асуудал үүнд хамаагүй, тусдаа үргэлжилж байгаа” гэж тайлбарласан ч үүнийг уул уурхайн төслүүдийг явуулах, орлогоо өсгөхийн тулд олон сувагтай байхын төлөө хийж буй алхам хэмээн харж байна.
Гэхдээ... Есдүгээр сар гарснаас хойш Засгийн газрын хоёр ч хурлаар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл олголт хийгээд стратегийн ордын жагсаалтыг шинэчлэх асуудлыг хэлэлцэж, АҮЭБ-ын сайдад тодорхой үүргүүд өгөөд байна. Эхнийх нь (2024.09.11) ЗГХЭГ-ын дарга Н.Учралын танилцуулсан “лицензтэй холбоотой асуудлыг Засгийн газар нэгдсэн байдлаар шийдэхээр болсон” гэх хачирхалтай мэдэгдэл. Түүнийгээ тэрээр “Хайгуулын лицензийг газартай нь цуг шийдэхгүй бол нэг агентлаг Засгийн газарт мэдэгдэлгүйгээр асуудал шийддэг байдлыг таслан зогсоох ёстой. Тиймээс ийм шийдэлд хүрч байна” хэмээн тайлбарласан ч хэн ч, юу ч ойлголгүй үлдэв. Энэ хурлаас ашигт малтмалын лицензийн асуудлаар Засгийн газарт танилцуулга хийх үүргийг АҮЭБ-ын сайдад өгсөн. Удаах Засгийн газрын хуралдаанаар (2024.09.25) Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоол батлагдав. Энэ талаар сэтгүүлд тусгайлан нийтлэгдэж буй тул давтан бичсэнгүй.
Салбарын сайдад хамаарч буй асуудал нь стратегийн ордын жагсаалтыг шинэчлэх, стратегийн ач холбогдол бүхий 16 ордоос хил зааг нь тогтоогдоогүй ордуудын талбайн хил заагийг тогтоох санал боловсруулан, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, шийдвэрлүүлэхийг даалгасан явдал. Засгийн газрын эдгээр шийдвэрт ойлгомж муутай, бүрхэг зүйлс олон ч нэг л зүйл маш тодорхой байгаа нь уул уурхай дахь төрийн оролцоо улам бүр нэмэгдэх хандлага юм. Ийм байхад Ц.Туваан сайд геологи хайгуулыг нэмэгдүүлэх, шинэ төслүүдийг эхлүүлэх, үйлдвэрлэл, технологийн паркууд байгуулна гэж хэчнээн хичээгээд ч эрх мэдэл нь хүрэлцэх үү гэдэг эргэлзээтэй. Учир нь түүний хэлээд байгаа уул уурхайгаас олох орлогыг нэмэгдүүлэх, байнгын тогтмол, орлогын олон урсгалтай байх эдгээр зорилтыг гадны хөрөнгө оруулалт, хувийн хэвшлийн оролцоогүйгээр дан ганц төр хэрэгжүүлэх боломжгүй нь бодит үнэн юм. Өнгөрсөн хугацаанд Салбарын яамыг дийлэнхдээ МАН-ын сайд нар толгойлж ирсэн. 2012-2016 он л АН-ын үе. 2012 онд АН парламентийн сонгуульд ялснаар АН-ын сайд нар (Д.Ганхуяг, Р.Жигжид) Уул уурхайн яамыг удирдсан. Санаж байгаа бол, багагүй бужигнасан, бодитой том шийдвэрүүд гарсан үе юм.
Заримаас нь дурдвал, Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогыг баталсан, Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийг гацаанаас гаргах шийдвэрийг гаргасан, төр стратегийн тодорхой ордуудад хувь эзэмшихгүй гэж шийдсэн, зарим нэг ордыг хөрөнгө оруулагчийн хүсэлтээр стратегийн ордын ангилалд багтаасан, дараа дараагийн шинэ төслүүдэд гарц болох тусгай роялтийн зохицуулалтыг нээсэн зэргийг хэлж болохоор байна. Харин энэ үе цаг түүхий эдийн зах зээл хамгийн таагүй, уналтын мөчлөгтэй давхацсан билээ. Тэгвэл АН-ын хоёр дахь циклийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан эхлүүлж байна. Тэгэхдээ дээр дурдсанаас ялгаатай нь зах зээлийн хамгийн таатай үед, уул уурхайн салбар их мөнгө олж байгаа үед ажиллах хувь тохиолоо. Ц.Туваан сайд одоохондоо даруухан байх, хоосон амлахгүй байх, чимээгүйхэн сонсох тактиктай байх шиг. Гэхдээ хэт стандарт байдлаар хандвал, эсвэл зарим сайд нар шиг ахуйн ойр зуур асуудалтай зууралдсаар байвал хийсэн юмгүй цаг хугацаа нь дуусна. Харин АН 2012-2016 онд бужигнуулсан шигээ зоригтой байвал жаахан ч атугай шинэчлэл өөрчлөлт гарч мэдэх юм. Нөгөө талаар Ц.Туваан сайдын хувьд “ганцаар” биш. Ингэж хэлэхийн учир нь УИХ дээр Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог С.Ганбаатар даргалж байгаа. Өнөөг хүртэлх улстөрчийнхөө карьерийн хугацаанд уул уурхайгаар хамгийн их популизм хийсэн улстөрчдийн нэг. Гадаадын хөрөнгө оруулагчдын асар ихээр аюун болгоомжилдог, Оюутолгойд харшилтай мэт авирладаг энэ улстөрч өдгөө Аж үйлдвэржилтийн бодлогын байнгын хороог ахалж байна. Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл боловсруулах Ажлын хэсгийн гишүүдийн эхэнд нь түүний нэр байгаа.
Есдүгээр сарын 5-ны өдрийн УИХ-ын даргын захирамжаар байгуулагдсан энэ ажлын хэсэгт Ерөнхийлөгч асан Х.Баттулга, Ж.Мөнхбаясгалан, Д.Жаргалсайхан гээд журмын нөхөдтэйгээ хамт багтан, салбарын гол хуулийг шинэчлэн найруулах гэж байна. АН өөрийн мөчлөгтөө эрдэс баялгийн салбарыг урагш хөдөлгөх үү, хууль эрхзүйн орчинд шинэчлэл хийж чадах уу, аж үйлдвэрийг хөгжүүлэх суурь болох үйлдвэр технологийн паркуудыг байгуулж чадах уу, даажсан хөрөнгө оруулалтын урсгалыг эргүүлж чадах уу, ураны төслийг эдийн засгийн эргэлтэд оруулж чадах уу? Хэрвээ Ц.Туваан сайд Ардчилсан намынхаа философи, үнэт зүйлээ дагаж, салбарт тавьсан оношийнхоо дагуу эмчлэхийн төлөө зоригтой зүтгэж чадвал, зарим талаар эрх баригч нам, Ерөнхий сайдын бодлогыг сөрөх үедээ сөрж чадвал, түүнийгээ Засгийн газар, Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид зөв ойлгуулж, ойлголцож чадвал түүнд боломжууд байна. Тэгж чадвал салбар бүрээс уул уурхайн асуудал руу цөмрөн орж, тал бүрээс нь самардаг байдлыг таслан зогсооход ч дөхөмтэй болно.
Улс төр цаг үргэлж оролддог, хамгаас зовлонтой, хамгаас асуудалтай, улсынхаа эдийн засгийг үүрч ирсэн ч муу нэр болгон очиж наалддаг энэ салбарт Ц.Туваан магадгүй зоримог өөрчлөлт, эрс шинэчлэл хийхийг үгүйсгэх аргагүй. Тэгвэл энэ нь Уул уурхайн яамыг яагаад Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам болгов? Яагаад АН-д энэ яамыг өгөв? Яагаад АН-аас Ц.Тувааныг сайдаар томилов гэх асуултуудын хариулт болох юм. Бас юу ч хийж чадахгүй аваас хариулт нь мөн л энэ байх болно. Уншигч та графикаас Монгол Улс 2010 оноос эхлэн уул уурхайн баялгийн өгөөжийг ард иргэддээ хүртээх бодлого хэрэгжүүлж ирснийг харж байна. Сүүлийн 15 жилд уул уурхайн салбараас 12 их наяд 245 тэрбум төгрөгийг баялгийн өгөөжийг иргэддээ гэсэн зорилго бүхий өөр өөр нэртэй сангуудад төвлөрүүлжээ. Хэр өгөөжтэй, үр дүнтэй зарцуулагдсан бэ гэдэг нь өөр асуудал. Гол нь энэ тоо Баялгийн сангийн хуулийн концепцээр цаашид улам нэмэгдэнэ. Тиймээс уул уурхайн салбар хөгжин тэлж байж Баялгийн сан мөнгөтэй баян байна. Тэр боломжийг нь харин эрдэс баялгийн салбарт бий болгох ёстой. Түүний төлөө шинэ сайд юуг хийснээрээ 4 жилийн дараах дүнгээ тавиулах юм
Майнинг Инсайт сэтгүүл, Есдүгээр сар 2024, №09 (034)