Дэлхийн эрдэс баялгийн салбарын тэргүүлэх платформын нэг Future Minerals Forum (FMF)-аас “Эрдэс баялгийн ирээдүйг тодорхойлох нь” цогц тайланг энэ сарын 4-ний өдөр танилцуулсан билээ. Уг тайланд дэлхийн өсөн нэмэгдэж буй эрэлт хэрэгцээг хангахын тулд уул уурхай, боловсруулах салбарын хүчин чадлыг өргөтгөхөд 2035 он гэхэд 5.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай гэжээ. Энэхүү хөрөнгө оруулалтын 40-өөс илүү хувь нь хөгжиж буй зах зээлүүд рүү чиглэх шаардлагатай гэснээрээ эрдэс баялгийн салбарын тогтвортой ирээдүйд эдгээр орны гүйцэтгэх үүргийг чухалчилсан байна.
FMF буюу “Ирээдүйн эрдэс баялаг чуулган “нь дэлхийн эрдэс баялгийн бодлогыг тодорхойлох нэг талбар болж, Засгийн газрууд болон олон улсын байгууллагууд, салбарын тэргүүлэгчдийг эгнээндээ нэгтгэн, улам өргөжсөөр байгаа билээ. 178 орны 14,000 оролцогч, түүний дотор 75 улсын Засгийн газрын төлөөллийг хамруулсан уг форум нь эрдэс баялгийн салбарын хамтын ажиллагаа, шинэлэг санаачилгыг өрнүүлэх нэг тулгуур болон хөгжиж байна.
Future Minerals Forum-ын 2025 оны чуулган ирэх нэгдүгээр сарын 14-16-ны өдрүүдэд Саудын Арабын Рияд хотноо зохион байгуулагдах юм. Тус чуулганы медиа түншээр Mining Insight Сэтгүүл ажиллахаар болж, Рияд хотоос мэдээлэл хүргэх гэж байгаадаа баяртай байна.
УУЛ УУРХАЙН САЛБАРЫН ЭРГЭЛТИЙН ЦЭГ
Дэлхий нийт нүүрсхүчлийн хийг бууруулах зорилт тавьж, цэвэр эрчим хүч рүү шилжихэд эрдэс түүхий эд чухал хөдөлгүүр болж байна. Гэсэн хэдий ч уул уурхайн салбараас хүрээлэн буй орчинд үзүүлж буй сөрөг нөлөөлөл, нөөцийн тэгш бус хуваарилалт, орон нутгийнхан үр өгөөжийг хангалттай хүртэхгүй байх зэрэг шалтгааны улмаас салбарын нэр хүнд унасаар байгаа билээ. Эдгээр бэрхшээл нь салбарын алсын харааг шинээр тодорхойлох, олон нийтийн итгэлийг эргүүлэн олж авах зорилгыг шинээр тавих шаардлагатайг харуулж байна.
Ирээдүйн эрдэс баялаг чуулган энэхүү сорилтыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахыг зорьж байна. Тус чуулганаас гаргаж буй “Эрдэс баялгийн ирээдүйг тодорхойлох нь” хэмээх шинэ тайлан энэхүү зорилгын төлөө хийж буй алхмын нэг юм. Тайланд Vale Base Metals компанийн дарга Марк Кутифани, Baker институтын доктор Мишель Фосс, CRU, Wood Mackenzie болон Clareo-DPI зэрэг байгууллагын мэргэжилтнүүдийн санал санаачилга, үзэл бодлуудыг багтаасан байна. Тайлангийн гол мессежийг “Дэлхий нийтэд эрдэс баялаг шаардлагатай, харин эрдэс баялагт итгэлцэл хэрэгтэй” гэжээ.
ӨРСӨЛДӨӨНӨӨС ИЛҮҮ ХАМТЫН АЖИЛЛАГАА
Тус тайланд салбарын оролцогчид өрсөлдөөнөө түр хойш тавьж, эрдэс баялгийн үнэ цэнийн сүлжээг хамтран бүтээхийг онцолжээ. Марк Кутифанийн хэлснээр, энэхүү хүчин чармайлт нь нийгэмд үзүүлэх үнэ цэнийг арилжааны ашгаас дээгүүрт тавьж байгааг харуулж байна. Харин Маадэн компанийн Гүйцэтгэх захирал Роб Вилт салбарын тулгамдсан асуудлыг шийдвэрлэхийн тулд боловсон хүчний стратегийг эрс шинэчлэх шаардлагатайг онцолсон байна.
FMF нь энэхүү хамтын ажиллагааны уриалгыг хэрэгжүүлэхийн тулд дараах гурван томоохон санаачилга дээр суурилсан шийдэл олохыг зорьж байна:
• Олон улсын чухал ашигт малтмалын тогтолцоог хөгжүүлэх
• Ур чадвар болон инновацыг дэмжих шилдэг төвүүдийн сүлжээ бий болгох
• Хариуцлагатай эрдэс баялгийн ханган нийлүүлэлтийн бүс нутгийн стандартыг тогтоох
БОЛОВСОН ХҮЧНИЙ ХОМСДОЛЫГ ШИЙДВЭРЛЭХ НЬ
Салбарын тулгамдсан асуудлын нэг нь боловсон хүчний хомсдол болж байна. Тайланд дурдсанаар, уул уурхайн захирлуудын 71% нь мэргэжилтнүүдийн хомсдол үйлдвэрлэлийн зорилгод хүрэхэд бэрхшээл болж байгааг дурдсан бол 86% нь чадварлаг ажилтнуудыг ажилд авах болон хадгалахад хэцүү болсныг онцолжээ. Австралид уул уурхайн инженерийн мэргэжил эзэмшигчдийн тоо 2014 оноос хойш 63%-иар, АНУ-д 2016 оноос хойш 39%-иар буурсан нь мэдлэг, ур чадварын тасалдалд хүргэж болзошгүйг харуулж байна.
5.4 ИХ НАЯД АМ.ДОЛЛАРЫН СОРИЛТ
2035 он гэхэд дэлхийд зайлшгүй шаардлагатай болж буй эрдэс баялгийн хэрэгцээг хангахад ойролцоогоор 5.4 их наяд ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Энэхүү хөрөнгө оруулалт нь зөвхөн нийлүүлэлтийг хангахаас гадна дэвшилтэт технологи, төр-хувийн хэвшлийн хамтын ажиллагаагаар дамжуулан тогтвортой байдлыг бий болгоход зайлшгүй шаардлагатай. Эрчим хүчний шилжилт хурдсаж, хүн амын өсөлтөөс шалтгаалсан нөөцийн хэрэгцээ нэмэгдэж буй энэ үед уул уурхайн салбар хариуцлагатайгаар нийлүүлэлт хийхэд анхаарах шаардлагатай байна.
ХАМТЫН АЖИЛЛАГАА БОЛ ТҮЛХҮҮР
CRU-ийн Ионут Лазар эрдэс баялгийн салбарт хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах зорилтыг олон талын оролцоотой шийдлээр хэрэгжүүлэх шаардлагатайг онцолж байна. PwC ч үүнийг дэмжин, уул уурхайн салбар дахь орчин үеийн хэлэлцээрүүд нь зөвхөн үйл ажиллагааны цар хүрээг нэмэгдүүлэхээс гадна үйлдвэрлэлийн экосистемийн хүрээнд хамтран ажиллах чадвар олж авахад чиглэгдэж байгааг тэмдэглэв. Түүнчлэн, Clareo-ийн Питер Брайант Засгийн газруудыг хэтэрхий нарийвчилсан зохицуулалт хийхээс зайлсхийж, хөрөнгө оруулалт татах орчныг бүрдүүлэхэд анхаарлаа хандуулах нь чухлыг дурдсан байна.
ӨӨРЧЛӨЛТИЙН ХӨШҮҮРЭГ
Future Minerals Forum (FMF) нь өөрчлөлтийг эрэлхийлж, бодитой шийдэл, манлайллын санаачилгыг дэмжих платформыг санал болгосноороо тулгарсан сорилтуудыг боломж болгон хувиргахыг зорьж байна. “Эрдэс баялгийн ирээдүйг тодорхойлох нь” тайлан нь энгийн нэг баримт бичиг бус, салбарын тасралтгүй ахиц дэвшлийг хангахад чухал үүрэгтэй юм. Уг форумын үеэр өрнөдөг хэлэлцүүлгүүд нь уул уурхайн салбарт утга учиртай өөрчлөлт авчрахад хувь нэмэр оруулахыг уриалж байна.
FMF 2025-ыг угтаж байгаа энэ цаг үед тайланд тусгасан үр дүн, санаачилгууд нь дэлхийн уул уурхайн салбарын оролцогчдод хандсан уриалга болж байгаа юм. Салбарын ирээдүй нь дасан зохицох, хамтран ажиллах, итгэлийг бий болгох чадвараас шууд хамаарна. Эрдэс баялгийн ирээдүйд хөрөнгө оруулалт хийж буй хэн бүхэн энэхүү санаачилгад нэгдэж, тайланг судлан, тогтвортой бөгөөд цэцэглэн хөгжих замыг хамтдаа бүтээх боломжтой гэж тус тайланд онцолжээ.