2030 он гэхэд Хуримтлалын сан 18-20 их наяд төгрөг хүрэх тооцоололтой

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын чуулганд (2024.12.26) үг хэллээ. Тэрээр “Олон жил гацсан мега төслүүдийг ач холбогдлоор нь эрэмбэлж, гацсан шалтгаануудад дүн шинжилгээ хийж, гадаад талдаа улс орнуудын тогтолцоо, эрх зүйн ялгаатай байдал, дотоод талдаа намууд хоорондын үзэл санаа болон мэдээллийн ялгаатай байдлыг цэгцэлж, нэгдсэн ойлголтод хүрэхэд Засгийн газар бүхий л боломжоо дайчлан ажиллаж, эхнээсээ үр дүнд хүрч эхэлж байна” хэмээн тодотгосон юм.  

2023 онд Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийг УИХ баталж, 126 гишүүнтэй шинэ парламент холимог тогтолцоогоор бүрдэж, Хамтарсан Засгийн газар “Хурдтай хөгжлийн төлөөх Зориг” үйл ажиллагааны хөтөлбөрөө батлуулж, 14 мега төсөлд гол анхаарлаа төвлөрүүлж эхлээд 100 хонож байна.

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ "Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгасан 14 мега төсөл хэрэгжсэнээр Үндэсний баялгийн сангийн Хуримтлалын сан 2030 он гэхэд 18-20 их наядад хүрэх тооцоололтой байна. Монгол Улсын Үндсэн хуульд газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг Үндэсний баялгийн санд төвлөрүүлж тэгш, шударга хүртээхэд чиглэнэ гэж заасны дагуу Засгийн газраас Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг өргөн мэдүүлснээр УИХ (2024.04.19) баталсан. Энэ оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрийн байдлаар дүгнэж үзэхэд Ирээдүйн өв сан дөрвөн их наяд төгрөг, Хуримтлалын сан буюу иргэдийн хадгаламж 495 тэрбум буюу иргэн бүрд 135 мянган төгрөгийн хадгаламж үүсэж, Хөгжлийн санд 240 тэрбум төгрөг төвлөрсөн байгаа нь хууль хэрэгжиж эхлээд найман сар өнгөрсөн гэхэд чамлахааргүй үзүүлэлт юм.  Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордуудын 34 хувь, түүнтэй дүйцүүлэх өгөөжийг иргэд боловсрол, эрүүл мэнд, орон сууцандаа бэлэн бусаар захиран зарцуулах, ногдол ашгийн хувийг бэлэн мөнгөөр авах эсвэл Хуримтлалын сангийн хадгаламждаа хийх, Хөгжлийн санд хандивлах зэрэг  зохицуулалтууд нээгдэж буй бөгөөд баялгийн өгөөжийг төсөл тус бүрээр E-Mongolia-аар дамжуулан иргэд хянах боломж бүрдлээ" гэв.