Австралийн эрчим хүчний хэрэглээнд цөмийн эрчим хүчийг нэвтрүүлэх 311 тэрбум австрали долларын (211 тэрбум ам.доллар) төлөвлөгөөг тус улсын сөрөг хүчний удирдагч Питер Даттон танилцуулжээ. Хэрэв энэ төлөвлөгөө хэрэгжих юм бол Австралийн эрчим хүчний бодлого, уран олборлох салбарыг үндсээр нь өөрчлөх боломжтой гэнэ.
Frontier Economics-ийн эдийн засгийн загварчлалд үндэслэсэн уг төлөвлөгөөгөөр 2050 он гэхэд долоон атомын цахилгаан станц (АЦС) барьж, эхнийх нь 2036 он гэхэд ашиглалтад оруулах аж. Төлөвлөгөө амжилттай хэрэгжсэн тохиолдолд өсөн нэмэгдэж буй эрчим хүчний эрэлт хэрэглээтэй тэмцэж байгаа Австрали улс найдвартай, хямд эрчим хүчээр хангагдаад зогсохгүй цөмийн хүчирхэг гүрэн болно гэж тодорхойлжээ.
Питер Даттон “Цөмийн эрчим хүч нь Австралийн эдийн засгийн ирээдүйн тулгын чулуу бөгөөд эрчим хүчний сүлжээг нүүрстөрөгчөөс ангижруулах, эрчим хүчний зардлыг бууруулах, тогтвортой цахилгааны хангамжид зайлшгүй шаардлагатай” гэж хэлсэн байна. Энэхүү төлөвлөгөө нь хэрэгжсэнээр Австралийн эрчим хүчний ландшафтыг өөрчлөхийн зэрэгцээ тус улсын асар их нөөцтэй ураны олборлолтыг шинэ түвшинд гаргана гэж үзэж байна.
Австрали нь дэлхийн дөрөв дэх том уран үйлдвэрлэгч бөгөөд манай гаригийн мэдэгдэж буй нөөцийн гуравны нэгийг эзэмшдэг. Гэсэн ч томоохон орд газруудтай Баруун Австрали, Квинсленд мужид уран олборлохыг хориглосон хэвээр байна.