Засгийн газрын ээлжит хуралдааны (2025.01.14) шийдвэрээр, Монгол Улсын Засгийн газраас Монгол, Францын хамтарсан “Бадрах Энержи” ХХК-ийн хөрөнгө оруулагч БНФУ-ын төрийн “Орано Майнинг” компанитай байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг ЗГХЭГ-ын дарга Н.Учрал, Сангийн сайд Б.Жавхлан, АҮЭБ-ийн сайд Ц.Туваан, БОУАӨ-ийн сайд С.Одонтуяа болон Цөмийн энергийн комиссын Нарийн бичгийн дарга Г.Манлайжав, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал С.Наранцогт нарт олгосон байна.
Хөрөнгө оруулалтын гэрээнд 2025 оны нэгдүгээр сарын 17-нд гарын үсэг зурахаар төлөвлөжээ. Энэ нь Монгол Улсын Засгийн газраас гуравдагч оронтой байгуулах хоёр дахь томоохон хөрөнгө оруулалтын гэрээ юм. Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, улс, орон нутгийн төсөвт хөрөнгө төвлөрүүлэх, ажлын байр бий болгох, шинэ технологи нутагшуулах, олон улсын хамтын ажиллагаа зэрэг нийгэм, эдийн засагт үзүүлэх шууд нөлөөллөөс гадна цаашид уул уурхай, ашигт малтмалын салбарт хийгдэх хөрөнгө оруулалтын гэрээнд жишиг тогтооно гэж Засгийн газар үзэж байна.