MMG: Лас Бамбасын зэсийн үйлдвэрлэл 2025 он гэхэд хоёр дахин нэмэгдэнэ

Э.ОД

Хятадын MMG компани ойрын таван жилд Перу улсын зэсийн Лас Бамбас уурхайг өргөтгөхөд 2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулахаар төлөвлөжээ. Тус компани зэсийн үйлдвэрлэлээ 2025 он гэхэд хоёр дахин, 2030 онд нэмж өргөтгөхөөр зорьж байна. Лас Бамбас уурхайн хүдрийн агуулга буурч, орон нутгийн нийгмийн зөрчлөөс үүдэн олборлолт буурч байгаа бөгөөд энэ онд 240 мянган зэс үйлдвэрлэх төлөвтэй.

2016 оноос хойш өнөөг хүртэл нийт 528 хоног Лас Бамбас уурхайн үйл ажиллагаа тасалдсан

Эл орд асар нөөц баялагтай хэдий ч иргэдийн амьдрах нөхцөлийг сайжруулаагүй гэж нутгийн уугуулын зүгээс байнга эсэргүүцдэгээс уурхайн үйл ажиллагаа тасалдаж ирсэн. Үүнтэй холбоотой сүүлд уурхайн үйл ажиллагаагаа 50 гаруй хоног зогсоход хүрэв. Уугуул иргэдийн эсэргүүцлийн улмаас 2016 оноос хойш өнөөг хүртэл нийт 528 хоног уурхайн үйл ажиллагаа тасалджээ. Эдгээр хоног нь зэсийн үйлдвэрлэлээс илүү экспортын тээврийг саатуулсан байна.

Перу нь дэлхийн зэс хоёр дахь том үйлдвэрлэгч улс бол Лас Бамбас зэсийн үйлдвэрлэлээр тэргүүлэгч юм.