Rio Tinto: Кеннекоттын гүний уурхайг эхлүүлэхэд 55 сая долларын хөрөнгө оруулна

Э.ОД

Rio Tinto групп АНУ дахь зэсийн Кеннекотт төслийн үйлдвэрлэлийг өргөтгөн гүний уурхайн олборлолтыг эхлүүлэхэд 55 сая ам.долларын хөрөнгө оруулах талаар мэдэгджээ. Ингэснээр ирэх жилийн эхэн үеэс 2027 он хүртэл зэсийн үйлдвэрлэлийг 30 мянган тонноор нэмэгдүүлэх аж. Өнгөрсөн онд Кеннекотт-ийн ил уурхайгаас 159.4 мянган тонн зэс үйлдвэрлэжээ. Шинэ гүний уурхайн нөөц нь 2.52 хувийн зэс, 1.27 гр/т алт, 10.56 гр/т мөнгө, 0.056 хувийн молибден агуулсан байна.

Rio Tinto-ийн Зэсийн группын Гүйцэтгэх захирал Б.БолдБид Кеннекоттын томоохон нөөцийг ашиглах хэд хэдэн хувилбарыг боловсруулж байна. Энэ нь цахилгаан машины үйлдвэрлэл, сэргээгдэх эрчим хүчний технологид шаардлагатай зэс болон бусад чухал материалын нийлүүлэлтийг өргөжүүлэх боломжтой” гэжээ.

Гүний уурхайн ТЭЗҮ-ийг 2023 онд хийж дуусгахаар төлөвлөж байгаа бол Кеннекотт дахь ил уурхайн олборлолтыг 2032 оноос сунгах бусад ТЭЗҮ-үүд хийгдэж буй. Мөн нүүрстөрөгчийн ялгарлыг бууруулах, ажилчдын эрүүл мэндэд анхаарах, ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх зорилгоор батарейгаар ажилладаг цахилгаан машинуудыг гүний уурхайд туршиж байгааг Rio Tinto мэдэгджээ.

Тус групп нь зургаан жилийн хугацаанд 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийснээр Кеннекоттын үйл ажиллагааг өргөжүүлж байна. Улмаар 2026-2032 онд бараг 1 сая тонн цэвэршүүлсэн зэс үйлдвэрлэхээр зорьжээ. Rio Tinto 1989 онд Кеннекоттыг худалдаж авсан юм. 1903 онд Bingham Canyon нэртэйгээр уурхайлж эхэлсэн түүхтэй. 2020 оны байдлаар, Кеннекоттын ил уурхайн ашиглалтын 128 сая тонн нөөц 0.46 хувь зэс, 0.24 гр/т алт, 2.12 гр/т мөнгө, 0.02 хувь молибден агуулжээ.