Fitch: 2031 онд дэлхийн зэсийн үйлдвэрлэл 7.3 сая тонноор нэмэгдэнэ

Э.ОД

“Fitch Solutions”-ийн шинэ судалгаагаар Чили, Хятад, Конго улсад шинэ төслүүд ашиглалтад орсноор 2031 он хүртэл дэлхийн зэсийн үйлдвэрлэл 7.3 сая тонноор нэмэгдэнэ. Ирэх жил зэсийн үнэ 8400 ам.доллар байх бол 2031 он гэхэд зэсийн өндөр эрэлтийн улмаас ханш 11500 ам.долларт хүрнэ гэж тооцоолжээ. 

Anglo American, Antofagasta компаниудын Los Bronces болон Los Pelambres уурхайд нөлөөлж буй ган гачиг, Codelco дахь эсэргүүцэлтэй холбоотой ажил хаялт, Vale-ийн уурхайн төлөвлөгөөт бус засвар үйлчилгээ зэргээс үүдэн Чилийн зэсийн үйлдвэрлэл богино хугацаанд буурна гэж Fitch-ээс үзэж байна. Гэхдээ ирээдүйд тус улсын зэсийн үйлдвэрлэлийг мэдэгдэхүйц нэмэгдүүлэх төслүүдийг мөн онцолжээ. Тухайлбал, цар тахлын хязгаарлалтыг цуцалснаар Escondida-ийн үйлдвэрлэл өснө. Quebrada Blanca Teck Resources төслийн хоёрдугаар үе шатны өргөтгөл энэ оны сүүлээр дуусах төлөвтэй. Codelco нь Salvadore төслийг өргөжүүлэхэд 1.6 тэрбум ам.долларын хөрөнгө оруулж, уурхайн ашиглалтын хугацааг дахин 47 жилээр уртасгахаар төлөвлөжээ.
Хятадын зэсийн үйлдвэрлэлийн өсөлт ирэх 10 жилд дунджаар 6.9 хувиас 2031 он гэхэд 1 хувьд хүрч огцом саарах ба энэ нь бага агуулгатай уурхайнуудыг хааж, олборлолтын хүчин чадлыг өргөтгөх ажил удааширсантай холбоотой. Гэхдээ Yunnan Copper-ийн Pulang, мөн Zijin Mining-ийн Qulong төслийн уурхайнууд ашиглалтад орсноор Хятадын зэсийн олборлолтын бууралтыг нөхөх боломж бий.

MMG хэрэгжүүлж буй Las Bambas, Southern Copper-ийн Cuajone уурхайнуудын үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн нутгийн уугуул иргэдийн эсэргүүцлийн улмаас Перу улсын зэсийн үйлдвэрлэл буурах магадлалтай. Тус улсын зэсийн үйлдвэрлэл 2024 оноос өмнө ковидын өмнөх түвшинд хүрэхгүй. Мөн Перугийн зэсийн салбар улам бүр Хятадын хөрөнгө оруулалтаас хамаарна гэж Fitch-ийн судлаачид харж байна. Хятадын компаниуд ойрын 10 жилд уул уурхайн 5 төсөлд 10.2 тэрбум ам.долларын хөрөнгө оруулах талаар Перугийн Эрчим хүч, уул уурхайн яам мэдээлжээ.
БНАКонго улсын зэсийн олборлолт ирэх онд анх удаа жилд 2 сая тонн давна. Ivanhoe Mines болон Zijin Mining хамтран хэрэгжүүлж байгаа Kamoa-Kakula төслийн уурхайн өргөтгөлийн нөлөөгөөр 2031 он гэхэд Конго улсын зэсийн олборлолт жилд 3 сая тоннд хүрч мэднэ. Үүнээс гадна Glencore-ийн зэс-кобальтын Mutanda уурхайг дахин эхлүүлж, China Minmetals болон Gecamines хамтарсан Deziwa төсөл ашиглалтад орно.