Саудын Араб дахь 25 сая тонн цайр, зэсийн ордыг ашиглах тендерийн хураангуй жагсаалтад тус улсын уул уурхайн Ma’aden болон Ivanhoe Electric, Alara Resources болон AlTasnim Enterprises, мөн Moxico Resources болон Ajlan & Bros Mining гэсэн 3 консорциум тунажээ. Тэднээс Роберт Фрийдландын цэвэр эрчим хүчний металлуудад төвлөрсөн Ivanhoe Electric компани олны анхаарлыг татаж байна. Эцсийн шалгаруулалт ирэх сарын 4-нд өндөрлөх аж.
Уул уурхайн салбарыг эдийн засгийнхаа гурав дахь тулгуур болгох бодлогын хүрээнд Саудын Араб нь томоохон нөөцтэйKhnaiguiyah ордын 75 хүртэлх хувьд гадаадын хөрөнгө оруулалт Саудын Аж үйлдвэрийн хөгжлийн сан (SIDF)-ээр дамжуулан татаж байна. Тухайн төслийг хэрэгжүүлэх гадаадын хөрөнгө оруулагчдад 5 жилийн хугацаатай АМНАТ-өөс чөлөөлөх, үйлдвэрлэлд нөөц ашигласны төлбөрийг 30 хувь бууруулах зэрэг хөнгөлөлт олгоно. Саудын Араб нь уул уурхайн салбартаа, ялангуяа критикал минералын хайгуул, олборлолтод гадаадын хөрөнгө оруулалт татах зорилгоор “Ирээдүйн эрдэс баялгийн форум”-ыг нэгдүгээр сард зохион байгуулжээ. Мөн 2021 онд Ашигт малтмалын хөрөнгө оруулалтын тухай хуулийг шинэчлэн баталж, хайгуулын 133, ашиглалтын 8 тусгай зөвшөөрөл олгосон байна.
Өнөөгийн байдлаар, тус улсын уул уурхайн салбарт BarrickGold, Ma’aden хамтран зэсийн төсөл хэрэгжүүлдэг бөгөөд 2016 оноос JabalSayid уурхайн олборлолт эхэлжээ.