Японы Төвбанкны гэнэтийн шийдвэр алтны ханшийг өсгөв

Г.БААТАР

Японы Төвбанк бодлогын өөрчлөлтийн гэнэтийн шийдвэр гаргаснаар алтны үнэ 1814.22 ам.долларт хүрч өсөв. Энэ нь наймдугаар сараас хойших алтны хамгийн өндөр үнэд тооцогджээ.

Инфляцтай тэмцэхийн тулд дэлхийн бараг бүх төв банкууд бодлогын хүүгээ өсгөсөн бол дэлхийн гуравдах эдийн засаг Японы Төв банк зөөлөн бодлогоо хадгалсан.

Гэвч олон жил барьж ирсэн 10 жилийн бондын өгөөжийн дээд хязгаарыг 0.25 хувиас өргөжүүлсэн нь хөрөнгө оруулагчдыг гайхшируулж, хөрөнгийн зах зээлийг цочирдууллаа.

Улмаар Японы Засгийн газрын 10 жилийн хугацаатай бондын өгөөж сүүлийн хорин жилийн хамгийн өндөр өсөлт 0.47 хувьд хүрчээ. Тус улсын Төв банкны шийдвэрийн дараа иений ханш сүүлийн дөрвөн сарын хамгийн дээд хэмжээнд хүрч өсөөд байна.