Дөрөвдүгээр сард Засгийн газраас үүрэг чиглэл болгосны дагуу Монголын хөрөнгийн биржийг олон нийтийн болгох буюу IPO гаргах ажлыг эхлүүлж арванхоёрдугаар сарын 26-нд цан цохино.
Монголын хөрөнгийн биржийн Гүйцэтгэх захирал Алтай “Санхүүгийн зохицуулах хорооны шийдвэр гарснаар Монголын хөрөнгийн бирж IPO гаргахад бэлэн боллоо. Ингэснээр төрийн өмчит компаниуд олон нийтийн болох өргөн цар хүрээтэй ажлыг Хөрөнгийн бирж түүчээлнэ. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад хөрөнгийн зах зээл эрчимтэй хөгжиж байна. Тиймээс Хөрөнгийн бирж 100 хувь төрийн өмчөөс гарч зах зээлийн оролцогчид, хувьцаа эзэмшилд шилжих нь олон улсын жишиг стандартад нийцэхүйц томоохон үйл явдал.
Монголын хөрөнгийн бирж IPO хэд хэдэн онцлогтой. Төрийн олон орон нутгийн өмчийн тухай хуулиар нэг этгээд болон түүний харилцан хамаарал бүхий этгээд 5-аас дээш хувийг эзэмших боломжгүй, хуулиар хориотой. Мөн улс төрийн нөлөө бүхий албан тушаалтан болон түүний хамаарал бүхий этгээдүүд хувьцаа эзэмших боломжгүй. Тэгэхээр Хөрөнгийн бирж улс төрийн нөлөөнөөс ангид, аль нэг компани дангаар хувьцааг нь эзэмших эрсдэлгүй. Жинхэнэ утгаараа олон нийтийн хяналтад шилжинэ” гэв.
2021 оны арванхоёрдугаар сард баталсан хуулиар зөвхөн Монголын хөрөнгийн бирж бус Төрийн бодлого зохицуулалтын газар, “Эрдэнэс Монгол” группын харьяаны төрийн өмчтэй 110 гаруй компанийн хяналтын багц буюу 34 хувийг олон нийтэд шилжүүлнэ. Энэ ажил амжилттай болсон тохиолдолд тухайн компаниудын 66 хүртэлх хувь буюу шийдвэр гаргах эрх бүхий хувьцааг олон нийтэд шилжүүлэх ажлыг зохион байгуулах нь зүйтэй гэж Засгийн газар үзэж байна.
2023 он бол төрийн өмчийг олон нийтийн хяналтад эрчимтэй шилжүүлсэн жил болно гэдгийг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдэгдлээ.