Зэсийн үнэ хагас жилийн хамгийн өндөр үзүүлэлтэд хүрч өсөв

Э.ОД

Зэсийн ханш 8 өдөр тасралтгүй өсөж лхагва гаригт 9680 ам.доллар/тонн хүрсэн байна. Энэ нь сүүлийн хагас жилийн хамгийн өндөр үнэ бөгөөд энэ оны эхнээс 12 хувиар өсжээ.

Нью-Йоркийн Comex зах дээр гуравдугаар сард нийлүүлэх зэс 9581 ам.доллар/тонн үнэтэй болж нэмэгдсэн. Дэлхийн зэсийн талаас илүү хувийг хэрэглэдэг Хятад цар тахлын хөл хориог цуцалснаар тус улсын эдийн засаг сэргэнэ гэсэн хөрөнгө оруулагчдын өөдрөг хүлээлт нь зэсийн үнийн өсөлтөд нөлөөлж буй.

2023 онд зэсийн нөөц хомсдол хэвээр, Хятадын зэсийн эрэлт нэмэгдэнэ гэж BMO-ийн шинжээч Колин Хэмилтон үзэж байна.

LME, COMEX, Shanghai Futures биржид бүртгэлтэй Хятадын баталгаат агуулахууд нийт 285 мянган тонн зэсийн нөөцтэй байгаа нь цар тахлын өмнөх үеийнхээс хамаагүй доогуур байна. 

Энэ оны сүүлийн хагаст зэсийн зах зээл сайжирч үнэ 8000 ам.доллар давна гэсэн төлөвийг ING тайландаа танилцуулжээ. Bank of America-ийн шинжээчид мөн л оны хоёрдугаар хагаст зэсийн үнэ сэргэж 10 мянган ам.долларт ханш хөөрнө гэжээ. Тун өөдрөг төсөөлөл дэвшүүлдгээрээ алдартай Goldman Sachs-ийн хувьд дунджаар үнийг 9750 ам.доллар, харин 2024 онд ханш 12 мянган ам.долларт өсөх боломжийг харж байна.