2023 онд Тавантолгой-Зүүнбаян төмөр замаар 5 сая тонн ачаа тээвэрлэнэ

Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн төмөр замаар 5 сая тонн ачаа тээвэрлэхээр “Монголын төмөр зам” төлөвлөснийг Гүйцэтгэх захирал П.Ганхүү мэдээлжээ. 2022 онд гуравдугаар сараас ТТ-ЗБ төмөр замын туршилтын тээвэр буюу зүгшрүүлэх тээвэрлэлт эхэлсэн юм. Өнгөрсөн оны эцсийн үзүүлэлтээр ТТ-ЗБ төмөр замаар 729 мянган тонн ачаа тээвэрлэжээ.

Тухайн замын ачаа тээврийг авч үзвэл, 121 200 тонн сайжруулсан шахмал түлшний түүхий эд-мидлинг, экспортын 136 700 тонн нүүрс, 35 800 тонн орон нутгийн тээвэр, хоосон чингэлэг, мөн Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын 436 мянган тонн ачаа тус тус тээвэрлэсэн байна.

2023 он гарснаар зүгшрүүлэх тээвэрлэлтийг үргэлжлүүлэн гүйцэтгэж буй. Энэ оны нэгдүгээр сарын байдлаар ТТ-ЗБ төмөр замаар Улаанбаатар хотыг утаагүй түлшээр хангах нийгмийн хариуцлагын хүрээнд “Тавантолгой түлш” компанийн сайжруулсан шахмал түлшний түүхий эд болох 38 500 тонн мидлинг тээвэрлэжээ.

Засгийн газрын 434 дүгээр тогтоолоор “Монголын төмөр зам” компанид "Зүүнбаян төмөр зам"ХХК-ийг нэгтгэх, 435 дугаар тогоолоор "Тавантолгой төмөр зам" ХХК-ийн хувьцаа эзэмших эрхийг хэрэгжүүлж, нэгдсэн удирдлагаар ханган ажиллах эрхийг 2022 оны арваннэгдүгээр сарын 30-нд олгосон. Энэ дагуу “Монголын төмөр зам” компани төмөр замын суурь бүтцийн төрийн өмчийн ашиглалтыг сайжруулах, чиг үүргийн давхардлыг арилгах, төмөр замын тээврийн үйл ажиллагааг нэгдсэн нэг удирдлагаар хангах, төрөөс хэрэгжүүлэх бодлого шийдвэрийг шуурхай зохион байгуулах үүрэг чиглэлтэй ажиллаж байна. 

Эх сурвалж: Зам тээвэр хөгжлийн яам