Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн албан айлчлалын хүрээнд Монгол, Солонгосын бизнес форум Сөүл хотноо боллоо. Тус бизнес форумыг Солонгосын Худалдаа, аж үйлдвэрийн танхим, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулсан байна. Монголын талаас 58 аж ахуйн нэгжийн 70 гаруй, Солонгосын талаас төр, хувийн хэвшлийн 110 байгууллагын төлөөлөл оролцжээ.
БНСУ-ын тал газрын ховор элемент, зэс, жонш олборлох, боловсруулахад хамтарч ажиллах саналаа илэрхийлэв.
Бизнес форумд Монгол Улсын Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар “Монгол Улсын эдийн засаг, хөрөнгө оруулалтын орчин”, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Ж.Ганбаатар “Монгол Улсын Геологи, уул уурхайн салбарын хамтын ажиллагаа”, Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын Ерөнхийлөгч О.Амартүвшин “Монголын бизнесийн орчин, эдийн засгийн боломж, хамтын ажиллагаа”, Солонгосын олон улсын эдийн засгийн бодлогын хүрээлэнгээс “Монгол-Солонгосын Эдийн засгийн хамтын ажиллагааны өнгөрсөн 33 жилийн ололт, амжилт ба Түншлэлийн хэтийн чиг хандлага” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүллээ.
Хоёр орны худалдаа 2022 онд 702.3 сая ам.долларт хүрч, өсөн дүнтэй гарчээ. Үүнээс экспорт 277 сая ам.доллар, импорт 424.6 ам.доллар байна. Нүүрс, алт, молибдены хүдэр, ноос ноолуур экспортолж, тамхи, газрын тос, тээврийн хэрэгсэл, шингэн хүнс, гоймон, цахилгаан хуримтлуулагч тэргүүтэй бараа, бүтээгдэхүүн импортолжээ.