Энэтхэг 5.9 сая тонн литийн нөөцтэй орд нээжээ

Г.БААТАР

Энэтхэг литийн томоохон нөөцтэй ордыг нээн илрүүлсэн тухай тус улсын Уул уурхайн яамнаас мэдээлжээ. Тодруулбал, Энэтхэгийн геологийн алба нь Жамму, Кашмир мужийн Реаси дүүргийн Салал-Хаймана бүсэд нээсэн тус ордод 5.9 сая тонн литийн таамагласан нөөцийг (G3) тогтоосон байна. Энэ нь тус улсын хувьд литийн анхны томоохон нээлт бөгөөд хоёр жилийн өмнө Карнатака мужид 1600 тонн нөөцтэй орд илрүүлжээ.

Шинэ ордыг нээснээр Энэтхэг улс литийн нөөцөөрөө дэлхийд тавдугаар эрэмбэлэгдэх юм байна.
Одоогийн байдлаар Энэтхэг литийн хэрэглээнийхээ 80 хувийг голчлон Аргентин, Чили, Австралиас импортолж буй ажээ.

Олон улсын литийн холбооны (ILA) судалгаагаар 2040 он хүртэл дэлхийн цахилгаан болон сэргээгдэх технологид шаардлагатай литийн эрэлт 6 дахин өсөх төлөвтэй.