Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний ээлжит уулзалтаа "2023 оны сорилтуудыг даван туулах нь" сэдвийн хүрээнд уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулдаг төр, хувийн хэвшлийн төлөөлөл, бизнес эрхлэгчидтэй хийлээ.
Энэ удаагийн уулзалтын зорилго нь Засгийн газраас хэрэгжүүлж буй "Шинэ сэргэлтийн бодлого"-ын боомтын болон аж үйлдвэржилтийн төслүүдийг эрчимжүүлэх, эдийн засгаа тэлэх, уул уурхайн олборлолтоос боловсруулалтад шилжиж, аж үйлдвэржилтийг хөгжүүлэх зэрэг суурь бодлогыг уул уурхай, ашигт малтмалын салбарт оновчтой болгох, үүнд төр, хувийн хэвшлийн үүрэг, оролцоо ямар байх талаар ажил хэрэгч санал, шийдэл гаргахад чиглэжээ.
Ерөнхий сайд "Ганц удаагийн “Өглөөний уулзалт”-аар уул уурхайн салбарын бүх асуудлыг шийдэх боломжгүй, асуудлаа тал талаас нь ярилцаж дундын шийдвэр гаргах нь дараагийн хүндрэл үүсэхээс сэргийлнэ гэдэг агуулгаар шинэ хандлага бий болгох нь чухал. Уул уурхай бол ухдаг, сүйтгэдэг гэсэн өрөөсгөл ойлголтыг төр, хувийн хэвшлийнхэн хамтдаа засах шаардлагатай. Цаашид уул уурхайг дангаар нь бус аж үйлдвэржилттэй хамтад нь хөгжүүлэх цаг болсон" гэдгийг онцолсон.
Монгол Улсын эдийн засгийн 93 хувийг бүрдүүлдэг уул уурхайн салбарын онцлог, өнөөгийн нөхцөл байдал, дэлхий нийтийн цаг үе, геофолитикийн өөрчлөлтийн талаар болон эдгээр хүчин зүйлүүдэд Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-д тусгагдсан төслүүдийг нийцүүлэх гол онцлог, давуу талыг дэлгэрэнгүй танилцуулжээ. Мөн Ашигт малтмалын тухай, Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар боловсруулж байгаа энэ үед хувийн хэвшлийнхэн оролцоотой байх хэрэгтэйг онцоллоо. Хууль батлагдсаны дараа шүүмжлэх бус өмнө нь хэлж ярих хэрэгтэй, төрийн байгууллага ч дангаараа хуулийн төслүүдийг боловсруулж “хуурай” хууль гаргахгүй байхыг холбогдох сайд нарт анхаарууллаа.
УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар: Биржээр зөвхөн нүүрс гэлтгүй зэс, төмрийн хүдэр, жонш арилжаалдаг болно
”Монгол Улс эрдэс баялгийн салбарт Уул уурхайн биржийг ашиглахад бэлэн болсон. Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль энэ оны долоодугаар сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. Одоо Монголын хөрөнгийн биржээр нүүрсээ арилжаалж байна. Тонн нь 70, 80 ам.доллар байсан нүүрсний үнэ 170-180 ам.доллар болж өссөн үр дүн гарч байна. Цаашдаа биржээр зөвхөн нүүрс гэлтгүй зэс, төмрийн хүдэр, жонш арилжаалдаг болно. Баялгийн сангийн тухай хуулийг Засгийн газар боловсруулж байна. Засгийн газар, Ерөнхий сайдын хувьд ашигт малтмал олборлолтоос боловсруулалт руу шилжих бодлогыг барьж ажиллаж байна. Монгол Улс газрын ховор элементийн салбарт дэлхийд тэргүүлэх боломжтой. Гадаад улс орнууд, томоохон компаниуд, мэргэжилтнүүд Монгол Улсыг маш их сонирхож байна”
МУУҮА-ийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл: Уул уурхайн дэд бүтцийн асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн ярилцаж шийдмээр байна
“Уул уурхайн салбарт тулгамдаж буй зургаан асуудал байна. Нэгдүгээрт, уртын ээлжийн зохицуулалт болон хүний нөөцийн хомсдол. Хоёрт, байгаль орчны баримт бичгийн баталгаажуулалт буюу орон нутгийн иргэдийн зөрүүтэй ойлголт, эсэргүүцэл. Гуравт, тусгай ачаа бараа буюу тэсрэх бодисын хадгалалт, тээвэрлэлт. Дөрөвт, Ерөнхий сайдын дэргэдэх хорт болон аюултай бодисын зөвлөлийн үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлагатай байна. Тавд, АМНАТ-ийг тооцоолох жишиг үнээс болж олоогүй орлогод үндэслэсэн татварын хүндрэл нь хувийн хэвшилд дарамт үүсгэдэг. Энэ нь төр, хувийн хэвшлийн хооронд маргаан үүсгэж байна. Зургаад, уул уурхайн салбарын дэд бүтцийн асуудлыг төр, хувийн хэвшлийнхэн ярилцаж шийдмээр байна”
Уулзалтад Сангийн сайд Б.Жавхлан, УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар, ЭХ-ний сайд Б.Чойжилсүрэн зэрэг Засгийн газрын гишүүд, АМГТГ-ын дарга Л.Баярмандал, мөн төрийн өмчит "Эрдэнэс Монгол"-ын удирдлага, "Эрдэнэт"ТӨҮГ-ын Ерөнхий захирал Г.Ёндон, МУУҮА-ийн Зөвлөлийн дарга Г.Батцэнгэл, МУУҮА-ийн Гүйцэтгэх захирал Г.Эрдэнэтуяа "Монголын Алт МАК" ХХК-ийн Бодлогын зөвлөлийн дарга Б.Нямтайшир, "Макс" группын захирал Б.Ганбаатар, "Саус гоби сэндс" ХХК-ийн захирал А.Далангурван, "Эрдэнэ Ресурс Девелопмент Корпорэйшн”-ийн Бизнес хөгжил хариуцсан Дэд ерөнхийлөгч А.Билгүүн, QMC группын Ерөнхий захирал М.Дагва, "Цайрт минерал" ХХК-ийн Ерөнхий захирал С.Батхүү, “Бадрах Энержи” компанийн Гүйцэтгэх захирал Марк Мелеард зэрэг уул уурхайн салбарын хувийн хэвшлийн төлөөллүүд оролцсон байна.