2023 оны гуравдугаар сарын эцсийн байдлаар Монгол Улсын гадаад валютын албан нөөц 3.4 тэрбум ам.доллар хүрч нэмэгдсэнийг ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар мэдээллээ. Валютын нөөц нэмэгдэж, сүүлийн саруудад тогтвортой хадгалагдахад хилийн боомтуудын үйл ажиллагаа идэвхжиж, экспорт нэмэгдсэн нь нөлөөлсөн байна.
Оны эхний улиралд 14 сая тонн нүүрс экспортолсон нь өмнөх оны мөн үеэс 10 сая тонн, 2019 оны мөн үеэс 2.5 сая тонн тус тус өсжээ. Мөн бүх төрлийн ашигт малтмалын экспортын гэрээ гааль, татварын автомат бүрдүүлэлтийн системд бүртгэгдсэнээр мэдээллийн ил тод байдлыг хангаж, АМНАТ-ийн тайлагналт, орлого нэмэгдсэн байна. Экспортын нүүрсийг биржээр буюу цахимаар арилжаалж эхэлснээр 2023 оны эхнээс нийт 800 мянган тонн нүүрс дуудлага худалдаагаар борлуулжээ.
“Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 362 дугаар тогтоол хэрэгжиж байгаа билээ. Өнгөрсөн оны есдүгээр сарын үзүүлэлтээр Монгол Улсын гадаад валютын албан нөөц 2.5 тэрбум ам.доллар болж буураад байсан.