Уул уурхайн салбарт сүүлийн 10 жилд Critical мinеrаl, Critical metal гэх үг трэнд болж байна. Бидний мэдэх газрын ховор элемент гэдгээс арай өөр нэршил. Бас арай өргөн хүрээг хамарсан ойлголт. Монголоор чухал ашигт малтмал гэж хөрвүүлж байгаа. Томоохон судалгааны байгууллагууд Critical mineral-ын эрин үеийг 50 жилийн өмнөх газрын тосны эринтэй харьцуулж эхэлсэн нь нэгийг хэлэх биз ээ. Их гүрнүүдийн хоорондох худалдааны дайны ард чухал ашигт малтмалын төлөөх тэмцэл өрнөж байна гэх судлаачид ч олширч байна. Өдгөө чухал ашигт малтмалын нийт зах зээл 1 их наяд ам.долларт ойртсон бөгөөд өнгөрсөн арван жилд өрсөлдөөн хөшигний ард өрнөж, гол тоглогчоор Хятад, АНУ, Европын Холбоо, Австрали, Канад, Япон илүү тодроод буй. Уур амьсгалын эсрэг ногоон шилжилт, аж үйлдвэрийн IV хувьсгалын түүхий эд ганц зэсээр хязгаарлагдахгүй. Нүүрс, алт, төмрийн хүдэр зэрэг Монголын экспорт, эдийн засагт жин дардаг уламжлалт түүхий эдүүд бүр “сураггүй”. Мэдээллийн энэ эринд үүлэн тооцоолол, квантум компьютер, хиймэл оюун ухаан, робот техник, наноэлектроник, фотоник гэх мэт үсрэнгүй технологийн үйлдвэрлэл нь чухал ашигт малтмалын шинэ төрөл зүйлийг нээхийн сацуу тэдгээрийн хэрэглээг ч тооцоход бэрх. Гагцхүү ирээдүйн асар их эрэлтийг хангахуйц Critical mineral-ын нөөцийг эзэмшигч, томоохон үйлдвэрлэгч улс орон л инновацийг эзэгнэн, дэлхийн геополитикт нөлөөлөхүйц тоглогч байх нь тодорхой байна.
Яагаад чухал гэж?
Уншигч таны гар дахь IPhone утас гэхэд 46 нэр төрлийн чухал ашигт малтмал агуулдаг. Ухаалаг утасны ач тусаар тантал, индиум металлыг хүн төрөлхтөн таньж мэджээ. Алганд багтах энэ төхөөрөмж технологийн хувьслын хамгийн ойрын жишээ юм. Тэгвэл сэргээгдэх эрчим хүчний эрин үедсалхинцахилгаанстанцынганцхан салхин сэнс нь 1 тонн газрын ховор элементийн орц агуулдаг бол монголчуудын хамгийн түгээмэл хэрэглэдэг “Тоёота приус” машин чухал ашигт малтмал, тэр дундаа газрын ховор элементийн хамгийн том хэрэглэгчийн нэг. Өдгөө дэлхий дахинд ногоон шилжилт,дижитал хувьсгал зэрэгцэн өрнөж байна. Улмаар бүхий л салбарт технологи хурдацтай нэвтрэхийн хэрээр ашигт малтмалуудын үүрэг, оролцоо өөрчлөгдөж буй. Өнгөрсөн арванд “ховор” тодотголтой бүлгийн 17 элемент энэ цаг үед илүү чухал болж байна. Түүхий эдийн шинэ супер цикл тохиож байна гэсэн зарим шинжээчийн таамаглал ч үүнтэй холбоотой. Шинэ мөчлөгийг ойлгосон улс орнууд чухал ашигт малтмалын эрэлт хэрэгцээ, түүнд чиглэсэн стратеги бодлого, хууль эрх зүйгээ шинэчилж эхэллээ. 1976 онд АНУ-ын стратегийн түүхий эдийн жагсаалтад газрын тосыг оруулахдаа дотоодын хэрэглээ болон түүхий эдийн зах зээл, түүгээр дамжуулан бусад улс орнуудад нөлөөгөө тэлэхийг тандаж тооцсон хэрэг. Тухайн үеэс дэлхийн газрын тосны эрэлт гурав дахин өсөж, илрүүлсэн геологийн нөөц бараг 50 хувиар нэмэгджээ.
Тэгвэл өдгөө газрын тос ганцаараа стратегийн өндөр ач холбогдолтой байхаа больж, Critical mineral-тай байр сууриа хуваалцах болж. Цар тахлын хямралын оргил үе 2020 оны гуравдугаар сард “Tesla Model 3” цахилгаан машины үйлдвэрлэл 1 сая ширхэгт хүрч, мөн хэмжээгээр сарын хугацаанд борлуулагдсан дэлхийн анхны авто машинаар тодров. Өөрөөр хэлбэл цахилгаан машины хэрэглээний өсөлтийн улмаас газрын тосны ач холбогдол буурч байна. Үүний адил нүүрсийг халж цэвэр эрчим хүчээр орлуулахаар улс орнууд хүчтэй ярьж эхэллээ. Чухал ашигт малтмалын чамгүй нөөцтэй Өмнөд Африкийн нүүрсний шилжилтийг санхүүжүүлэхэд АНУ, Их Британи, Европын Холбоо таван жилийн хугацаанд 8.5 тэрбум ам.доллар зээл, буцалтгүй тусламж үзүүлэхээ мэдэгдэв. Тэд Хятадын газрын ховор элементийн импортоос хараат орнууд юм.
Ерөөс цахилгаан машин, салхин сэнс, нарны хавтан, интернэтийн шилэн кабель, сансрын пуужин, сөнөөгч онгоц хүртэл технологи шингэсэн бүхий л эд зүйлс чухал ашигт малтмалаар бүтээгдэж байна.
Чухал хэмээн тодотгохын шалтгаан нь бусад түүхий эдээр орлуулшгүй цөөн нэр төрлийн металл юм. Тэр хэрээр геологийн нөөцийн хомсдол, байгалийн гамшиг, геополитик, улс хоорондын худалдааны маргаан, бусад хүчин зүйлээс шалтгаалан нийлүүлэлт нь тасалдах эрсдэлтэй. Улмаар тэргүүлэх үйлдвэрлэлүүд доголдож болзошгүй тул хүчирхэг гүрнүүд улсынхаа аюулгүй байдал, эдийн засагт онц чухал эрдэс хэмээн тодорхойлж байна.
Монополийн эсрэг геополитик
Европын Холбоо, Америк болон Япон чухал ашигт малтмалын технологийн хандлага, зах зээлийн нөхцөл байдлыг тандан шинжлэх уулзалтыг 2011 оноос тогтмол хийж ирсэн. Энэ онд тэдэнтэй Канад, Австрали нэгджээ. Дэлхийн нийлүүлэлтийн сүлжээнд Хятадын монополийн эсрэг нөөц хомстой Япон, импортын хэт хамааралтай Америк болон Европ, экспортоо нэмэгдүүлэхээр эрмэлзэж байгаа Канад, баялаг нөөцтэй Австралийн нэгдэл бий болсныг анзаарсан биз ээ. Удахгүй Энэтхэг улс тэдэнтэй нэгдэхээр зэхэж байна.
Хятад. Хятад улс хилийн чанадад томоохон орд уурхайнууд эзэмшин, металл боловсруулах үйлдвэрүүдэд хөрөнгө оруулах замаар дэлхийн чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээнд байр сууриа бэхжүүлсээр байна. Цезий металлын 55 хувийг Канад олборлож байсан бол тухайн металлын пегматит чулуулгийн дэлхийд гуравхан байдаг уурхайн нэгийг 2019 онд Хятадын компани худалдан авсан юм. Кобальтын 70 гаруй хувийг Конго улсад олборлодог ч тэдгээр уурхайн хяналтын багцыг Хятадын компаниуд эзэмшдэг. Газрын ховор элемент, зарим металын үйлдвэрлэл болоод нийлүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг давуу тал нь Хятадын чухал ашигт малтмалын гол стратеги юм. Тус улс газрын ховор элементийн экспортоо 2011 онд хязгаарласнаас зах зээл дээр ханш 3000 хувиар өсөхөд хүрсэн. Тухайн үед Япон руу газрын ховор элементийн нийлүүлэлтээ 59 хоног зогсоосон удаатай. Эндээс үзэхэд чухал ашигт малтмалын зах зээлд монопольчлол өндөр. Энэ нь нийлүүлэлтийнх нь хамгийн том эрсдэл юм. Үүнийг улс хоорондын худалдааны дайнаас тод харж болно.
Америк. Америк-Хятадын зөрчилдөөний гол шалтгааны нэг нь газрын ховор элемент, чухал металлын нийлүүлэлт юм. АНУ-ын Critical mineral-ын урьдчилсан жагсаалтын 35 нэр төрлийн ашигт малтмалаас 31 нь импортын хамааралтай байна. Трампын үед Цагаан ордны захирамжаар “Чухал ач холбогдолтой ашигт малтмалын найдвартай нийлүүлэлтийн холбооны стратеги”- ийг боловсруулахдаа жагсаалтыг шинэчилсэн юм. Жагсаалтад оруулах эрдсийн тоо 50 гаруйд хүрчээ. Шинээр никель, цайрыг нэмсэн бол нийлүүлэлт нь тасалдах эрсдэл багатай гэсэн үзүүлэлтээр гели, кали, рени, стронци, ураныг хасжээ. Ерөнхийлөгч Ж.Байдены засаг захиргаа уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх технологид ихээхэн хөрөнгө оруулалт төлөвлөж, чухал ашигт малтмалын дотоодын үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхийг зорьж байна. АНУ-ын эдийн засагт тэргүүн ээлжинд лити-ион батарей, бичил схем чип, эмийн найрлагын үндсэн түүхий эдийн эрдсийн (газрын ховор элемент, кобальт) дотоодын үйлдвэрлэл, боловсруулалтыг чухалчилж байна. Лити-ион батарей үйлдвэрлэлийг цахилгаан машины салбартай хамт цогцоор хөгжүүлэх 10 жилийн хөтөлбөр боловсруулж байна. Газрын ховор элементийн хамгийн том “Lynas Rare Earths” компанийг өргөжүүлэхэд хөрөнгө оруулахаа тус улсын Батлан хамгаалах яамнаас зарлав. Мөн Калифорни, Небраска, Техас муж дахь газрын ховор металлын томоохон төслүүддээ анхаарч байна. “Рио Тинто” групп Юта муж дахь зэс цэвэршүүлэх үйлдвэртээ тулгуурлан теллур металлыг ялган авах үйлдвэр байгуулахаар төлөвлөжээ. Түүнчлэн Хятад улсаас голдуу нийлүүлдэг металлын импорт нь Америкийн үндэсний аюулгүй байдалд нөлөөлж буй эсэхийг мөрдөх ажиллагаа эхлүүлж байна. БНХАУ-аас бусад олон улсын чухал ашигт малтмалын тогтвортой олборлолт боловсруулалтад хөрөнгө оруулна гэдгээ АНУ-ын Засгийн газар мэдэгдлээ.
Япон. Үе үе хурцдах Япон Хятадын улс төрийн маргаан бүрт газрын ховор элементийн нийлүүлэлт хөндөгддөг. Арлын орны далайн гүн дэх арвин нөөцийг эс тооцвол чухал металлаар тун чиг “тарчиг”. Японы далайгаас илрүүлсэн газрын ховор элементийн нөөц дэлхийг бүхэлд нь хангаж чадахуйц гэдэг ч үр ашигтай олборлох аргыг хараахан олоогүй байна. Технологийн дэвшлийг тодорхойлогч улсын хувьд чухал ашигт малтмалын импортын эмзэг байдал тулгамдсан асуудал нь юм. Арван жилийн өмнө Хятадын хоригтой тулгарсан цагаас газрын ховор элементийн импортоо төрөлжүүлэхэд анхаарч ирсэн. Газрын ховор элемент, чухал ашигт малтмалыг дахин боловсруулах, орлуулах судалгаа туршилтад ихээхэн хөрөнгө зарцуулж байна. Энэ амбиц нь ч ахицтай. Хятадын нийлүүлэлтээс 90 хувийн хараат импортоо 58 хувь хүртэл бууруулж чадсан. Дэлхий даяар түншлэл тогтоож чухал ашигт малтмалын хайгуул, олборлолтод хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэхээр эрмэлзэж байна. 2011 онд “Jogmec”, “Sojitz” корпораци хамтран 250 сая ам.долларын хөрөнгөөр Австралийн “Lynas” компанийн өрийг санхүүжүүлсэн. Дампуурлаас аварсныхаа хариуд Японы компаниуд 2038 он хүртэл газрын ховор элементийн нийлүүлэлтээ баталгаажуулаад авсан. Япон 2050 он гэхэд хүлэмжийн хий ялгаруулдаггүй орон болно гэж зоригтой амлалаа. Энэ өөрчлөлтөөр тус улсын чухал ашигт малтмалын хэрэглээ огцом өсөх төлөвтэй байна.
Австрали. Австралийн нүүрсний эсрэг Хятадын импортын хориг нь 5G технологи, хоёр улсын худалдааны маргаанаас үүдэлтэй. Ашигт малтмалын баялаг нөөцтэй Австрали улс одоо чухал ашигт малтмалын экспортоо тэлж, ирээдүйд өсөн нэмэгдэх эрэлтээс ашиг олохыг зорьж байна. Геологийн нөөцийн чадамж, бэлэн төслүүддээ хөрөнгө оруулалт татах, инновацийг идэвхжүүлэн чухал ашигт малтмалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төвлөрч байна. Чухал ашигт малтмал олборлох дотоодын төслүүдэд зориулан 2 тэрбум долларын (1.45 тэрбум ам.доллар) зээлийн шугам нээхээр Ерөнхий сайд С.Моррисоны танхим шийдвэрлэв. Мөн энэ онд Чухал ашигт малтмалын сан байгууллаа. Тус улсын Аж үйлдвэр, шинжлэх ухаан, эрчим хүч, нөөцийн яамнаас хийсэн дэлхийн түүхий эдийн зах зээл дээрх Австралийн өрсөлдөх чадварын дүн шинжилгээгээр лити, никель, зэс, уран, цэвэр устөрөгчийн ихээхэн нөөцийн чадамжийг тодорхойлжээ. Ирэх таван жилд дэлхийн литийн үйлдвэрлэлийн 38 хувийг дангаар хангаж, 26 тэрбум австрали долларын ашиг олохоор тооцсон байна. Өнгөрсөн онд Холбооны Засгийн газраас чухал ашигт малтмалын хөрөнгө оруулалт татах200 гаруй төслийг танилцуулсан. Үүнд газрын ховор элементийг ашиглах боловсруулах үйлдвэрүүд багтаж байна. АНУ, Европын Холбооноос ялгаатай нь Австрали улс геологийн нөөцийн чадамжтай ашигт малтмалуудаа чухалчилж байна. Энэ нь Хятадын чухал ашигт малтмалын стратегитай төстэй.
Австрали. Австралийн нүүрсний эсрэг Хятадын импортын хориг нь 5G технологи, хоёр улсын худалдааны маргаанаас үүдэлтэй. Ашигт малтмалын баялаг нөөцтэй Австрали улс одоо чухал ашигт малтмалын экспортоо тэлж, ирээдүйд өсөн нэмэгдэх эрэлтээс ашиг олохыг зорьж байна. Геологийн нөөцийн чадамж, бэлэн төслүүддээ хөрөнгө оруулалт татах, инновацийг идэвхжүүлэн чухал ашигт малтмалын үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд төвлөрч байна. Чухал ашигт малтмал олборлох дотоодын төслүүдэд зориулан 2 тэрбум долларын (1.45 тэрбум ам.доллар) зээлийн шугам нээхээр Ерөнхий сайд С.Моррисоны танхим шийдвэрлэв. Мөн энэ онд Чухал ашигт малтмалын сан байгууллаа. Тус улсын Аж үйлдвэр, шинжлэх ухаан, эрчим хүч, нөөцийн яамнаас хийсэн дэлхийн түүхий эдийн зах зээл дээрх Австралийн өрсөлдөх чадварын дүн шинжилгээгээр лити, никель, зэс, уран, цэвэр устөрөгчийн ихээхэн нөөцийн чадамжийг тодорхойлжээ. Ирэх таван жилд дэлхийн литийн үйлдвэрлэлийн 38 хувийг дангаар хангаж, 26 тэрбум австрали долларын ашиг олохоор тооцсон байна. Өнгөрсөн онд Холбооны Засгийн газраас чухал ашигт малтмалын хөрөнгө оруулалт татах200 гаруй төслийг танилцуулсан. Үүнд газрын ховор элементийг ашиглах боловсруулах үйлдвэрүүд багтаж байна. АНУ, Европын Холбооноос ялгаатай нь Австрали улс геологийн нөөцийн чадамжтай ашигт малтмалуудаа чухалчилж байна. Энэ нь Хятадын чухал ашигт малтмалын стратегитай төстэй.
Канад. Чухал ашигт малтмалын экспортод чиглэсэн бодлоготой бас нэг улс бол Канад. 2021 оны улсын төсөвт нь чухал ашигт малтмалын салбар онцгой байр суурь эзэлж байна. Дараагийн гурван жилд АНУ-тай хил дамнасан бодлого, тэргүүлэх технологийн мэдээлэл судалгааны төв байгуулахад нийт 46.4 сая канад долларын санхүүжилт хуваарилжээ. Гуравдугаар сард Канадын Засгийн газраас баталсан жагсаалт дахь чухал 31 эрдсийг улсынхаа далбан дээр дүрслэн энэ салбарын томоохон тоглогч болохоор тунхаглаад байна. Канад улс, Европын Холбоо хооронд чухал ашигт малтмалын стратегийн түншлэлийн гэрээг саяхан үзэглэлээ. Critical minerals гэх нэр томьёогоор анх 2008 онд Европын Холбоо аж үйлдвэрлэлийн нэн ач холбогдолтой эрдсийг тодорхойлсон юм. Гурван жил тутмын шинэчлэлээр жагсаалт дахь чухал ашигт малтмалын төрөл хоёр дахин өргөжөөд байна. Гадаад худалдааны зөвшилцөлд хүрэхэд нөлөөлөхүйц, чухал үүрэгтэй түүхий эд хэмээн бодлогодоо тодорхойлжээ. Европын холбоо нь АНУ-ын адил чухал металлуудын импортоос хараат. 2020 онд танилцуулсан “Чухал ашигт малтмалын төлөвлөгөө”- гөөр дотоодын үйлдвэрлэлийг бэхжүүлэх,гуравдагч орноос эх үүсвэр төрөлжүүлэхээр Европын Холбоо зорьж байна. Ашигт малтмалын хэт хараат импортыг төрөлжүүлэхийн тулд уул уурхайн компаниуд,Европын хөрөнгө оруулалтын банк, холбооны орнуудын төлөөллөөс бүрдсэн “Европын чухал ашигт малтмалын холбоо”-г байгуулсан. Чухал ашигт малтмалын төлөөх өрсөлдөөн эрчээ авсан энэ үед дэлхийн нийлүүлэлтийн сүлжээг ил тод болгох зорилгоор АНУ, Канад, Австрали хамтран газрын ховор элемент, чухал ашигт малтмалын ордуудын интерактив газрын зургийг хийж байна. Кобальт, лити, газрын ховор элемент тэргүүтэй ашигт малтмалын хамгийн том мэдээллийн сан бий болох юм. Энд 60 гаруй орны 7000 гаруй чухал ашигт малтмалын шинэ бүс нутгийг тoдорхойлно.
Гадаадын хувь эзэмшлийг чангатгаж эхэллээ
Улс орнууд уул уурхайн салбар дахь Хятадын хөрөнгө оруулалтыг илүү нягт нямбай судлах хандлага ажиглагдаж байна. Австрали улс чухал ашигт малтмалын салбарыг хөгжүүлэхдээ гадаадын хөрөнгө оруулалт татах боломжтой гэж үздэг. Гэсэн хэдий ч 2020 онд Австралийн Засгийн газар чухал ашигт малтмалын салбарт Хятадын компаниудын хөрөнгө оруулалтыг хориглосон 2 тохиолдол бий. Энэ нь төрийн “Baogang Group Investment” 20 сая австрали долларын хөрөнгө “Northern Minerals” компанид оруулах, лити-химийн “Yibin Tianyi Lithium Industry” 14.1 сая австрали доллар “AVZ Minerals” компанид хөрөнгө оруулах санал тавихад зөвшөөрөлгүй. 2020 оноос Австралийн экспортын санхүүжилтийн агентлаг (EFA) нь тус улсын газрын ховор элемент, чухал ашигт малтмалын олборлолт, үйлдвэрлэлийн төслүүдийн хөрөнгө оруулалтыг хянаж хариуцан байна. Харин нэгдүгээр сард байгуулсан Чухал ашигт малтмалыг дэмжих алба (CMFO) нь компаниудыг санхүүжилт татах, худалдан авалтын гэрээ байгуулахад нь дэмжихэд чиглэжээ. Тэгвэл Канад чухал ашигт малтмалын нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлыг хамгаалах үүднээс гадаадын хөрөнгө оруулалтын хуулиа чангатгалаа. Канадын чухал ашигт малтмалын олборлолтод оролцдог уул уурхайн компаниудын Хятадын хувь эзэмшилтэй төслүүдийг эрсдэлтэй хөрөнгө оруулалтад тооцож байна. Эрсдэл багатай хөрөнгө оруулалтад Канадын хөрөнгийн биржид бүртгэлтэй, чухал бус ашигт малтмалын уул уурхайн компаниудын хөрөнгийг Хятад эзэмших, худалдаж авахыг санал болгоно. 2012 онд Канад улс гадаадын төрийн өмчит компаниудыг тус улсын газрын тосны олборлолтын төсөлд хяналтын багц эзэмшихийг хориглосон байдаг бол саяхан Хятадын уул уурхайн “Shandong Gold” компанид татгалзсан хариу өгсөн. Япон улсын хэмжээнд газрын ховор элементийн салбар дахь гадаадын эзэмшлийг хязгаарлах асуудлаар олон нийтийн хэлэлцүүлэг эхэлжээ. Өнгөрсөн онд тус улс гадаад валютын хуулийн өөрчлөлтөөр газрын тос, эрчим хүч, хий, цөмийн эрчим хүчний, далайн эргийн дагуу металлын олборлолтын зэрэг тэргүүлэх 12 салбарын 500 компани дахь гадаадын хөрөнгө оруулалтыг чангатгаад байна.
Их наяд долларын зах зээл
2019 онд Тесла компани нийт 367 мянган цахилгаан машин борлуулсан. Мөн хэмжээг өнгөрсөн оны ердөө нэг л улиралд худалдаалсан байна. Цар тахал дэлхий даяар асар богино хугацаанд тархаж эдийн засгийг нэрмэсэн ч цахилгаан машины борлуулалтад огтхон ч нөлөөлсөнгүй. Тесла жил бүр 1 тэрбум ам.доллароор Австралийн лити, никель болон бусад чухал ашигт малтмалыг худалдан авах болсноо өмнө нь мэдэгдэж байсан. Тэгвэл Гленкор корпорацитай кобальт нийлүүлэх 5 жилийн гэрээ байгууллаа. Дараа нь АНУ-ын Невада мужид лити олборлолтын тусгай зөвшөөрөл авснаар Тесла бараг л уул уурхайн салбарт орж ирээд байна. Арван жилийн дараа цахилгаан машины үйлдвэрлэлийн хэмжээг 20 саяд хүргэх амбиц Элон Маскт бий. “Тесла 3” цахилгаан машины зөвхөн батарейд 10 кг лити ордог. Эрэлт ч хэдийн өсөж эхэлсэн. Дэлхийн литийн үйлдвэрлэл 2009 онд 18 мянган тонн байсан бол арван жилийн хугацаанд найм дахин өссөнийг АНУ-ын Геологийн албаны мэдээллээс харж болно. Литийн зах зээлийн 85 хувийг АНУ-ын Албемарле, Чилийн SQM болон FMC гурван компани ноёрхож байсан бол эдний өмнө одоо Хятадын “Ganfeng Lithium”, “Tianqi Lithium” гарч ирсэн.
2021 оны эхээр дэлхийн хэмжээнд цахилгаан машины үйлдвэрлэл 10 сая давжээ. Энэ тоо 2030 онд 125 саяд хүрнэ гэж Олон улсын энергийн агентлаг төсөөлж байна. Ийм тохиолдолд зөвхөн лити-ион батарейны зах зээл 400 тэрбум австрали долларт хүрэх ажээ. Энэ нь 2020 оны Австралийн нүүрсний экспортоос олсон орлогоос 8 дахин их юм.
Хятадын “Ganfeng Lithium” компанитай лити нийлүүлэх гэрээ байгуулсан BMW нь лити-ион батарей бүхий цахилгаан загвар гаргахаар бэлтгэж байна. Лити-ион батарейн үйлдвэрлэлд литигээс дутахгүй оролцоотой үндсэн түүхий эд кобальт, никелийн зах зээл 2025 он гэхэд хомсдолтой тулгарахаар байгааг “Platts”-ийн металлын шинжээч Скотт Ярхэм ярьжээ. Ерөнхийлөгч Ж.Байдены зарласан АНУ-ын цэвэр эрчим хүчний дэд бүтцийн 3 их наяд ам.долларын хөтөлбөр батлагдсан тохиолдолд чухал ашигт малтмалын зах зээлийн өсөлтийг мэдэгдэхүйц өргөнө. Учир нь сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэлийн дэд бүтцийг барьж байгуулахад ихээхэн хэмжээний чухал ашигт малтмал ордог байна. 200 улс нэгдсэн Парисын хэлэлцээрийн зорилтод хүрэхийн тулд сэргээгдэх эрчим хүчийг ашиглах, газрын гүний дулааныг хуримтлуулах дэд бүтэц байгуулахад 3 тэрбум тонн чухал ашигт малтмал шаардлагатай гэсэн тооцоо бий. “Carbon Tracker” компанийн сүүлийн судалгаанд өгүүлснээр 1 МВт эрчим хүч үйлдвэрлэх байгууламжийн барилгад ойролцоогоор 6.5 тонн ашигт малтмал,тэр дундаа газрын ховор элемент ордог аж. Жилээс жилд жин нэмж, хил хязгаараас үл хамааран хөрөнгө оруулалт өсөж буй чухал ашигт малтмалын нийт зах зээл эдүгээ 1 их наяд ам.долларт дөхөж байна.
Монголын экспортын шинэ бүтээгдэхүүн
Германы Канцлер А.Меркел Монгол оронд айлчлах үеэр хоёр улс газрын ховор элемент хайх, олборлох, боловсруулах, технологийн судалгааны төслийг хэрэгжүүлэхээр хэлэлцэж байсан тэр цагаас хойш яг арван жил улирчээ. Меркелийн айлчлал Европын холбооны улсууд чухал ашигт малтмалын жагсаалт, стратегиа шинэчилж байх үетэй давхацсан билээ. Монгол Улсын Ашигт малтмалын тухай хуулийн өөрчлөлтөөр “чухал ашигт малтмал” (critical mineral) гэх ойлголт шинээр тусгах, тухайн ашигт малтмалыг ашиглах эрх зүйн орчныг бүрдүүлэхээр бэлтгэж байгаа. “Чухал ашигт малтмал” нь цоо шинэ зүйл биш болохыг олон улсын жишээ харуулж байна. Тэр дундаа стратегийн, эсвэл “critical” гэсэн тодорхойлолттой орд үгүй байна. Шинэ үеийн чухал ашигт малтмалын нэр төрлөөс хэд нь болон хэр хэмжээний нөөцийн чадамж Монголд байгаа вэ? Эдийн засаг, аюулгүй байдлаа хангахад нэн чухлаар ямар ашигт малтмалуудаа тодорхойлох бол? Нөгөөтэйгүүр, манай улс экспортын дараагийн шинэ бүтээгдэхүүн, тэгэхдээ дотоодод нэмүү өртөг шингээх боловсруулах үйлдвэрийг хөгжүүлэх зорилт, төрийн бодлого, алсын хараагаа баталсан. Энэ дөрвөн жил бол уул уурхайн салбарын олборлолтоос боловсруулалтын шатанд шилжих үе хэмээн УУХҮЯ тодорхойлж байгаа.
Дотоодод газрын ховор элементийн 4 орд, 80 гаруй илрэл тогтоожээ. Монгол Улсыг 10 тэрбум ам.долларын үнэ цэн бүхий газрын ховор элементийн нөөцтэй гэсэн тойм тооцоог Дэлхийн банк гаргасан байдаг.
Нүүрсээ угаах, төмрийн хүдрээ нойтон хуурай баяжуулах хагас боловсруулалтаар үйлдвэрлэл хязгаарлагдахгүй. Жишээлэхэд Монгол Улс анхны чөлөөт худалдааны гэрээ байгуулсан Японы улстай Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээрийн хүрээнд хамтарсан үйлдвэр байгуулах, эцсийн бүтээгдэхүүнээ Европын орнуудын зах зээлд гаргах Японы худалдааны сувгийг ашиглах боломж бүрэн бий. Монгол Улс газрын ховор элементийн 3 сая тонн нөөцтэй. Манай улсад газрын ховор элементийн хайгуул, олборлолт, эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгааны “Газрын ховор элемент” төслийн нэгж байгуулагдаад хоёр жил болж байна. Уг төслийн мэдээллээр, дотоодод газрын ховор элементийн дөрвөн орд, 80 гаруй илрэл тогтоожээ. Монгол Улсыг 10 тэрбум ам.долларын үнэ цэн бүхий газрын ховор элементийн нөөцтэй гэсэн тойм тооцоог Дэлхийн банк гаргасан байдаг. Чухал ашигт малтмалын нөөцөө эргэлтэд оруулж гадаадын хөрөнгө оруулалтаар хамтарсан үйлдвэр байгуулж, цахилгаан машин, гар утас, сэргээгдэх эрчим хүчний дэд бүтцийн эд анги гэх мэт өндөр технологи шингэсэн, овор багатай, өндөр үнэтэй бүтээгдэхүүнээр экспортоо тэлэх нь жинхэнэ утгаараа алсын хараа юм. Металлын боловсруулалт гэдэг энэ. Ингэж байж Монгол Улс 2050 онд өндөр хөгжилтэй орны эгнээнд элсэх зорилт биелнэ. Дэд бүтцийн сул хөгжлөөс нүүрсний экспорт тасалдаж, Эрдэнэт, Оюутолгойн зэс болон төмрийн хүдэр, алтнаас өөр орлогогүй манай улс дэлхийн зах зээлд өрсөлдөхүйц экспортын дараагийн бүтээгдэхүүнээ тодорхойлох цаг нэгэнт иржээ.