Г.БААТАР
Гангийн эрэлт сул байгаатай холбоотой төмрийн хүдрийн үнэ сүүлийн 3 сарын доод үзүүлэлтэд хүрч буурчээ. Даляны түүхий эдийн бирж дээр төмрийн хүдрийн фьючерс үнэ 115.35 ам.доллар байна. Хятадын Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооноос дотооддоо үнийг зориудаар өсгөхгүй байхад анхаарч төмрийн хүдрийн зах зээлд тавих хяналтаа чангатгах болсноо (2023.04.04)мэдэгдсэн.
Өнгөрсөн онд дэлхийн төмрийн хүдрийн эрэлтийн 57 хувийг Хятад дангаар эзэлсэн. Нүүрстөрөгчийн ялгаруулалтыг бууруулахын тулд 2030 он гэхэд Хятад гангийн үйлдвэрлэлээ дээд цэгт хүргэх зорилт тавьж байгаа тул эрэлт буурна гэж олон улсын шинжээчид үзэж байна. Сүүлийн 60 гаруй жилийн хугацаанд анх удаа Хятадын хүн амын тоо буурснаа 2020 онд зарласан. Энэ нь тус улсын барилгын салбартай холбоотой гангийн эрэлт буурах хандлагыг дэмжинэ гэсэн таамгийг Fitch дэвшүүлжээ. Урт хугацаандаа 2032 он гэхэд төмрийн хүдрийн үнэ 50 ам.доллар/тонн болж буурна гэж Fitch таамаглаж байна.
2028 он хүртэл дэлхийн төмрийн хүдрийн нийлүүлэлт жилд 3.1 хувиар өсөх төлөвтэй байна. Rio Tinto, BHP, Fortescue, Mineral Resources Limited, Atlas Iron зэрэг компаниуд шинэ төслүүдээ үргэлжлүүлэх юм. Ирэх таван жилд Бразил улс төмрийн хүдрийн экспортоо жилд 6 орчим хувиар нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Гвинейн Засгийн газар 150 сая тонн олборлох хүчин чадалтай Simandou уурхайн бүтээн байгуулалтыг сэргээсэн.