2023 онд Монголоос 35 сая тонн коксжих нүүрс Хятад имортлох магадлалтай

Э.ОДЖАРГАЛ
od@mininginsight.mn

“Монгол нүүрс” ассоциацийн Гүйцэтгэх захирал Ж.Золжаргал БНХАУ-ын Тайюань хотноо (2023.03.29-30)болсон Коксжих нүүрсний олон улсын чуулганд оролцож Монголын нүүрсний талаар илтгэл тавьсан юм. Энэхүү чуулган дээр хэлэлцсэн асуудал, дэлхийн коксжих нүүрсний зах зээлийн төлөв, тэр дундаа Хятадын эрэлт хэрэгцээ, импорт, мөн Монголын нийлүүлэлтийн боломжийн талаар “Монгол нүүрс” ассоциациас "Коксжих нүүрсний зах зээлийн төлөв 2023" сэдвээр мэдээлэл (2023.04.07)хийв. Өнгөрсөн жил Хятад улс 64 сая тонн коксжих нүүрс импортолсон бол энэ жил 70 сая тонн давах магадлалтай бөгөөд Монголоос гадна Орос, Австрали, АНУ, Канад гол нийлүүлэгчид болж буйг Ж.Золжаргал мэдээлэлдээ онцолж байлаа. 

Хятадын эдийн засгийн өсөлт 5 хувь байна

Энэ жил Хятадын эдийн засгийн өсөлт 5 хувь байх төлөвтэй. Тус улс дотоодын эдийн засгийн өсөлтийг хангах зорилтоор 3.8 их наяд юань буюу 600 тэрбум ам.долларын тусгай зээл гаргахаар төлөвлөжээ. Тус улс дэд бүтцийг бодлогоор дэмжиж буйтай холбоотой энэ чиглэлийн хөрөнгө оруулалт өсөх хандлагатай байна. Өөрөөр хэлбэл Засгийн газрын бодлого, дэд бүтцийн томоохон төслүүдийн дэмжлэгтэйгээр Хятадын эдийн засгийн өсөлт тогтвортой байна гэсэн үг. Энэ нь Зүүн Өмнөд Азийн эдийн засгийн өсөлт эергээр нөлөөлнө. Улмаар ган, кокс, коксжих нүүрсний эрэлт нэмэгдэх төсөөлөлтэй байна. Хятадын эдийн засгийн өсөлт нь нүүрс-кокс-гангийн үйлдвэрлэлд эергээр нөлөөлдөг харилцан хамаарлыг дараах графикт харуулжээ.


Өнгөрсөн онд Хятад 920 сая тонн ган хэрэглэжээ

2020 онд Хятад улс 1.065 тэрбум тонн, өнгөрсөн жил 1.018 тэрбум тонн ган үйлдвэрлэсэн нь түүхэн дээд үзүүлэлтэд тооцогдсон. Харин ойрын жилүүдэд тус улсын гангийн үйлдвэрлэл ингэж өсөх төлөвгүй байна. Өнгөрсөн онд Хятад 920 сая тонн ган хэрэглэжээ. Тус улсын хувьд гангийн нөөцөө бүрдүүлэхэд анхаарсан тул эрэлт нэмэгдсэнтэй холбоотой төмрийн хүдрийн үнэ өссөн. Гэхдээ энэ хандлага нь богино хугацааных, үнэ эргээд буурч тогтворжино гэж шинжээчид харж байна. 


2023 онд Хятадын нүүрсний нийт олборлолт 4.6 тэрбум тонн хүрнэ

2021-2022 онд Хятадын нүүрс олборлох хүчин чадал 683 сая тонноор нэмэгдсэнээс 574 сая тонн эрчим хүчний нүүрс, 108 сая тонн коксжих нүүрсний аж. Мөн хугацаанд эсрэгээрээ 82 сая тонн (48 сая тонн эрчим хүчний нүүрс, 34 сая тонн коксжих нүүрс) хүчин чадал бүхий хуучирсан, бага оврын үйлдвэрлэлийг хаасан байна. 

Нүүрсний зах зээлийн судалгааны Fenwei-ийн тооцоолсноор, энэ онд Хятад нүүрсний олборлолтын хүчин чадлыг 242 сая тонноор нэмэгдүүлнэ. Үүний 204 сая тонн эрчим хүчний нүүрс, 38 сая тонн коксжих нүүрс юм. Ингэхдээ 30 сая тонн буюу 19 сая тонн эрчим хүчний нүүрс, 11 сая тонн коксжих нүүрсний хүчин чадлыг танана.

2019 он хүртэл шинээр нэмэгдсэн ба ашиглалтаас гарсан уурхайнуудын хүчин чадал ойролцоо байсан бол 2019 оноос хойш түлхүү шинээр нэмэгджээ. 2023 онд Хятадын нүүрсний нийт олборлолт 4.6 тэрбум тонн хүрэхээс эрчим хүчний нүүрс 3.7 тэрбум тонн, коксжих нүүрс 900 мянган тонн тонн. Хэдийгээр тус улс нүүрс олборлолтын хэмжээ, үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлж байгаа ч дотоодын эрэлтээ хангаж чадахгүй тул импорт өснө гэж шинжээчид тайлбарлажээ. 

Хятад 77 сая тонн коксжих нүүрс импортлохоос 35 сая орчим тонныг Монголоос авах магадлалтай

2023 онд Монгол Улс 40 гаруй сая тонн нүүрс экспортлох зорилттой ч Хятадын импортоос хамаарна гэж Fenwei-ийн шинжээчид үзэж байна. Тэгвэл Хятадын коксжих нүүрсний салбарт тэргүүлэх үйлдвэрлэгч Risun компани нь энэ жил Хятад нийт 77 сая тонн коксжих нүүрс импортлох ба Монголоос 35 сая орчим тонныг авах таамаг дэвшүүлжээ. Царт тахлын дараа логистик аажмаар хэвийн байдалдаа орж байгаа тул Монголын нүүрс тогтвортой Хятадын хойд бүс нутаг руу нийлүүлэгдэж байна. Baowu групп харж буйгаар, өнгөрсөн онд үер, ажиллах хүчний хомсдол нь Австралийн нүүрсний олборлолтыг хязгаарлах гол хүчин зүйлс болсон. Энэ жил Австралийн нүүрсний олборлолт 4-10 сая тонноор нэмэгдэх төлөвтэй. Квийнсланд дахь уул уурхайн өндөр татвар нь нүүрсний салбарын хөрөнгө оруулалтыг хязгаарлаж байгаа тул урт хугацаандаа Австралийн гол үйлдвэрлэгч бүс нутгийн нүүрсний олборлолт нэмэгдэхгүй. Австралийн нийлүүлэлт дорвитой нэмэгдэхгүй гэсэн хүлээлт байна. 
Тайюань хотноо болсон Коксжих нүүрсний олон улсын чуулганд ОХУ-аас нүүрсний нийлүүлэлтийн талаар тусгайлсан танилцуулга хийгдээгүй байна. Ерөнхийдөө Оросын нүүрсний нийлүүлэлт өсөж байгаа. Гэхдээ чанарын тухайд Хятадын Шаньси мужийн нүүрстэй холиход тохиромжгүй. Оросын нүүрс хүхэр, үнс бага ч CSR нь муу. Монголын коксжих нүүрсний эрэлт өндөр. Үнийн хувьд тогтвортой байх магадлалтай гэж тэрээр дүгнэжээ.  

Монголын нүүрсний зах зээлтэй өрсөлдөх чадвар сул, чанарын хувьд Монголын угаасан нүүрс давуу талтайг “Монгол нүүрс” ассоциацийн Ж.Золжаргал захирал тайлбарлахдаа “Монголын угаасан коксжих нүүрсийг Шаньсигийн нүүрстэй холих нь өндөр үр ашигтай” гэв. 

Оны эхний хоёр сарын байдлаар Хятад нийтдээ 13.11 сая тонн коксжих нүүрс импортолжээ. Мөн хугацаанд Монгол 6.458 сая тонн хэмжээгээр Хятадын коксжих нүүрсний импортын 49 хувийг эзэлж байна. Орос 4.359 сая тонн буюу 33 хувиар удаалж буй. 2023 онд Монголын нүүрсний нийлүүлэлт 12 сая тонн, Австрали 10 сая тонн, харин Оросын нүүрс 3 сая орчим тонноор нэмэгдэх прогнозыг Fenwei-ээс гаргажээ. 

Хятад нүүрсний чанарт тавих шаардлагаа сулруулжээ

Хятад улс агаарын бохирдлыг бууруулах бодлогын хүрээнд хуучирсан үйлдвэрүүдийн хаах, мөн бохирдол ихтэй нүүрсний үйлдвэрлэлд хатуу шаардлага мөрдөж байгаа билээ. Харин цар тахлын хөл хориотой жилүүдэд тус улс нүүрсний хомсдолын улмаас дунд, өндөр хүхэртэй нүүрсний импортыг уян хатан зохицуулж, мөн үнс, хүхрийн торгуульгүй болжээ. Түүнчлэн, дотоодын коксын үйлдвэрлэлийн ашгийн түвшин буурсан учир 2023 онд өртөг бууруулах зорилт тавьжээ. Уг зорилтод хүрэх гол аргуудын нэг нь Монгол, Оросын нүүрсийг хямд үнээр импортлох зэрэг таницуулга, мэдээллийг “Монгол нүүрс” ассоциациас хийлээ.