Энэ онд дэлхийн зах зээл дээр эрчим хүчний нүүрсний үнэ 200 орчим ам.долларт тогтворжих төлөвтэй байна. Австралийн Ньюкасл боомт дахь эрчим хүчний нүүрсний үнэ энэ онд дунджаар 175-212 ам.долларт хэлбэлзэнэ гэсэн таамаглалыг салбарын шинжээчид дэвшүүлжээ. Гэхдээ 2022 оны дээд амжилтын ханштай харьцуулбал өнөөдөр 50 гаруй хувиар буурсан үнэ юм.
Сүүлийн арван жилд эрчим хүчний нүүрсний дундаж үнэ 86 ам.доллар байсан бол өнгөрсөн жилийн эхээр өрнөсөн Орос, Украйны дайны улмаас тухайн жилийн есдүгээр сар гэхэд эрчим хүчний нүүрс 440 ам.долларт хүрч дээд амжилт тогтоосон.
Энэ онд дэлхийн нүүрсний экспорт 4.4 хувиар, импорт 5 хувиар өснө гэж Argus таамаглажээ. Хятадын нүүрсний импорт 11 хувиар нэмэгдүүлэх, гурван жил дараалан буурсан Австралийн нүүрсний экспорт 9.4 хувиар өсөх төсөөлөлтэй байна.
Тэгвэл эрчим хүчний нүүрсний үнэд одоо Европын холбоо төдийлөн нөлөөлөхгүй гэж Дэлхийн нүүрсний ассоциацийн (WCA) дарга, Өмнөд Африкийн “Thungela Resources” компанийн Гүйцэтгэх захирал Жули Ндлову үзжээ. Тэрээр, эрчим хүчний өсөлт, эрэлт хэрэгцээ буй Хятад, Энэтхэг цаашид дэлхийн эрчим хүчний нүүрсний худалдааг тодорхойлно гэжээ.
Австралийн Westpac-ийн энэ сард гаргасан таамаглалаар, он дуустал Ньюкасл дахь эрчим хүчний нүүрсний үнэ 193 ам. долларт хэлбэлзэнэ гэсэн бол тус улсын эдийн засагчид энэ жилийн суурь үнийг 212 ам.доллароор тооцоолж байна. Харин Citi-ийн төлөвөөр дундаж үнэ 175 ам.долларт буурна. Австралийн нийлүүлэлт 7.8 хувиар, Индонезийн экспорт 2.4 хувиар өснө гэсэн тооцоолол байна.