Японы ган үйлдвэрлэгч Nippon Steel корпорац Канадын Teck Resources-ийн өндөр чанарын коксжих нүүрсний хувьцааг эзэмших хүсэлтэй хэвээр байгаа тул талууд хэлэлцээр хийж буйг Nippon Steel-ийн дэд ерөнхийлөгч Такахиро Мори мэдэгджээ. Тэрээр "Glencore-ийн саналын улмаас бид хөрөнгө оруулалтын хэмжээгээ нэмэгдүүлэх шаардлагатай байж магадгүй. Манай компани Teck Resources-ийн нүүрсний хөрөнгийн 15 ба түүнээс дээш хувийг эзэмших сонирхолтой бөгөөд үүнийг бид салбар нэгж болгох боломжтой" хэмээсэн байна.
Энэ оны хоёрдугаар сард Nippon Steel нь Teck Resources-ийн коксжих нүүрсний нэгж болох Elk Valley Resources-ийн 10 хувийг 860 сая ам.доллароор худалдан авах, хувь эзэмшлийг 17.5 хувь хүртэл нэмэгдүүлэх эрхтэйгээр санал тавьжээ.
Харин дөрөвдүгээр сард Teck Resources хувьцаа эзэмшигчдийнхээ зөвшөөрлийг авч чадаагүйн бизнесээ нүүрс болон металлын чиглэлээр хуваах төлөвлөгөөгөө цуцалсан юм. Мөн тус компанийг худалдаж авах Glencore-ийн саналаас ч татгалзсан.
Японы гангийн үйлдвэрлэгчийн хувьд түүхий эдийн үнийн хэлбэлзлээс сэргийлэхийн тулд коксжих нүүрс болон төмрийн хүдрийн уурхайнуудад илүү их хөрөнгө оруулж, хувьцаа худалдаж авахаар төлөвлөж байна.
Одоогоор Nippon Steel жилийн 27 сая тонн коксжих нүүрсний импортынхоо 20 хувийг өөрийн эзэмшлийн уурхайнуудаас хангадаг.