Монгол Улсын хэмжээнд 2023 оны эхний 5 сарын байдлаар 23.1 сая тонн нүүрс экспортолсны 42.9 хувийг “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн экспорт эзэлж байна. Мөн хугацаанд улс болон орон нутгийн төсөвт 1 их наяд төгрөгийн татвар, төлбөр, хураамж төвлөрүүлснээс 727.7 тэрбум төгрөгийн АМНАТ, 288.9 тэрбум төгрөгийн ААНОАТ, бусад төрлийн татварт 44.6 тэрбум төгрөг төлжээ.
ЭТТ-д онцгой дэглэм тогтоохоос өмнөх үеийн хамгийн өндөр борлуулалтыг 2019 онд гүйцэтгэж (15.5 сая тонн) байсан бол 2023 оны эхний 5 сарын хугацаанд нийт 11 сая тонн нүүрс борлуулсан нь өмнөх жилийн дүнтэй дүйцэж буй.
Энэ жил 30 сая тонн нүүрс борлуулах зорилттойг Онцгой бүрэн Эрхт төлөөлөгч Ж.Ганбат танилцуулсан байна. Компанид онцгой дэглэм тогтоох үед урт болон богино хугацаат 4.3 их наяд төгрөгийн өр хуримтлагдсан байсныг үе шаттайгаар бууруулах арга хэмжээ авснаар 1 их наяд төгрөгийг барагдуулж, цаашид тогтмол бууруулах ажлыг зохион байгуулж байгааг тодотгожээ.
Эхний 5 сард Монголын хөрөнгийн биржээр 1.5 сая тонн нүүрс арилжаалснаас 1 сая тонн нүүрсийг цахимаар 126.7 сая ам.доллароор ЭТТ борлуулж 37.7 сая ам.долларын орлого нэмэгдүүлсэн байна. Цахим арилжаанд давхардсан тоогоор БНХАУ-ын 30 гаруй компани оролцож нүүрс худалдан авчээ. Засгийн газрын бодлогоор, энэ онд экспортын нийт нүүрсний 30 хувийг Хөрөнгийн биржээр арилжих зорилттой.
Эх сурвалж: “Эрдэнэс Тавантолгой” ХК