Рио Тинто группийн Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм энэ оны сүүлчээр залгамжлагчаа томилсны дараа албаа өгнө гэж тус компаниас (2025.05.22) мэдээллээ. Одоо шинэ Гүйцэтгэх захирлын сонгон шалгаруулалт явагдаж байна.
Тэгвэл түүний залгамжлагчаар тодрох хүмүүсийн дунд одоогийн Арилжаа, бизнес хөгжлийг хариуцсан захирал Б.Болд, Төмрийн хүдрийн группийн Гүйцэтгэх захирал Саймон Тротт нар багтаж буй.
Якоб Стаусхолм нь 2020 онд Рио Тинто-ийн удирдлагаар томилогдсон юм. Рио Тинто групп Пилбара муж дахь төмрийн хүдрийн талбайд тэсэлгээ хийж байх үедээ Австралийн уугуул иргэдийн ариун газар хэмээн үздэг 46,000 жилийн түүхтэй соёлын үнэт өвийг сүйтгэсэн асуудлаар огцорсон Жан Себастьян Жакаас Гүйцэтгэх захирлын албан тушаалыг хүлээн авсан.
Түүний хувьд 5 жил энэ албыг хашсаны дараа хүлээлгэн өгөх гэж байна. Өмнөх Гүйцэтгэх захирлууд 6 жил хашиж байсан тул Якоб Стаусхолмын огцрох мэдэгдэл гэнэтийнх байсныг шинжээчид онцолжээ. Тэрээр Гүйцэтгэх захирлаар ажиллах хугацаандаа Монголын алт, зэсийн Оюутолгойн гүний уурхайн төслийг урагшлуулж, нээлтийн үйл ажиллагаанд биечлэн оролцсон билээ. Түүнчлэн, Жуукан хавцлын асуудалтай холбоотой Австралийн уугуул иргэдийн маргаан, Хятадын Chinalco-той хамтарсан төмрийн хүдрийн Симандоу төслөөс үүдэлтэй хурцадмал байдлыг эерэг болгохоор анхаарч ажилласан.