Барловорлд Монголиа: Уул уурхайг бүрэн автоматжуулах технологи нэвтрүүллээ

“Cat® MineStar™ Technology” воркшопыг Caterpillar-ийн дэмжлэгтэйгээр “Барловорлд Монголиа” ХХК амжилттай (2025.05.07-09) зохион байгууллаа. Энэхүү арга хэмжээгээр технологийн мэргэжилтнүүд цугларч уул уурхайн аюулгүй байдал, бүтээмж, тогтвортой байдлыг дэмждэг инновац, дэвшилтэт технологийн арга туршлагууд, шийдлүүдээ хуваалцлаа. Энэ жилийн воркшоп нь Caterpillar компаниас Cat® MineStar™ технологи хариуцсан 10 гаруй бүсийн төлөөлөгчид Монголд анх удаа хүрэлцэн ирснээрээ онцлог болжээ. Олон улсын зочин төлөөлөгчид “Барловорлд Монголиа” компанийн 30 орчим мэргэжилтэнд бүрэн автоматжуулсан технологийг нэвтрүүлэх туршлагаас хуваалцсан байна. Тус воркшопыг зохион байгуулах болсон шалтгаан, уг технологийг нэвтрүүлэх давуу талын талаар “Барловорлд Монголиа” ХХК-ийн мэргэжилтнүүдтэй Майнинг Инсайтын Э.Мишээл ярилцлаа.

КАТЕРПИЛЛАРЫН ТЕХНОЛОГИ, ШИЙДЛИЙН БАГ МОНГОЛД АНХ УДАА ИРЖ ТУРШЛАГА ХУВААЛЦСАН НЬ ОНЦЛОГ ҮЙЛ ЯВДАЛ БОЛЛОО

Технологи, дижитал шийдлийн газрын захирал Х.Уянга

Энэ жилийн воркшопын онцлог юу байв?

Бид дэлхийн уул уурхайн автоматжуулалтын хөгжлөөс хол хоцроогүй. Хагас автоматжуулалтын технологиудыг Монголдоо нэвтрүүлэн нутагшуулснаас хойш 13 дахь жилдээ манай компани амжилттай ажиллаж байна. Одоо бүрэн автоматжуулсан техникүүдийг эх орондоо нэвтрүүлэхээр Катерпилларын технологийн багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь хүлээн авч өөрсдийн зүгээс бэлтгэх ажлуудыг хэлэлцлээ. Воркшопоор тодотгосон Cat® MineStar™ технологи нь уул уурхайн ашигт ажиллагааны Fleet, Terrain, Detect, Command, тоног төхөөрөмжийн эвдрэл гэмтлээс сэргийлсэн Health гэсэн 5 төрлийн технологийн шийдэл юм. “Барловорлд Монголиа” компаниас Cat брэндийн техник худалдаж авсан тохиолдолд уг автоматжуулалтын технологиудыг худалдан авах давуу талтай. Уудам, алслагдсан газар нутагтай манай улсад бүрэн автоматжуулалтын технологийг нэвтрүүлэхэд сүлжээний өргөтгөл хийхээс эхлээд уурхайн процесс, хэрэглэгчдээ сургаж бэлтгэх зэрэг олон төрлийн өөрчлөлт, хөгжүүлэлтийн ажлуудыг давхар хэрэгжүүлэх хэрэгтэй болдог. Энэ хүрээнд Катерпилларын технологийн багийг бүрэн бүрэлдэхүүнээр нь Монголдоо урьсан. Дэлхийн уул уурхайн салбартаа тэргүүлэгч тоног төхөөрөмжийн үйлдвэрлэгч Катерпилларын чадварлаг мэргэжилтнүүд бидэнтэй туршлага хуваалцахаар зорин ирнэ гэдэг ховор үйл явдал. Тиймдээ ч бид өндөр ач холбогдол өгч зохион байгууллаа. Гараа сайн бол бариа сайн гэдэг утгаараа олон жилийн туршлагатай Катерпилларын мэргэжилтнүүдтэй хамтрах сайн эхлэл энэ жилийн воркшопоор тавигдлаа.

Олон улсын мэргэжилтнүүд уурхай дээр очиж үнэлгээ хийсэн нь ямар учиртай вэ?

Бүрэн автоматжуулсан технологийг эх орондоо амжилттай нэвтрүүлэхэд юуны түрүүнд уурхай дээр очиж судлах нь зайлшгүй. Учир нь манай хамтран ажилладаг уурхайнууд өөр өөрийн онцлогтой. Мэдээж уурхай эрхлэгч компаниудад тулгардаг асуудлууд, түүнд тохирох технологийн шийдлүүд нь ч өөр байх нь тодорхой. Тиймээс тухайн нөхцөлд ямар технологийг нэвтрүүлбэл илүү тохиромжтой, үүний тулд юунд анхаарах, бэлтгэл ажлуудыг хэрхэн хангах гэх зэрэг асуудлыг газар дээр нь очиж төлөөлөгч нартай ярилцлаа. Энэ үйл явдлаар Монголд бүрэн автоматжуулсан уурхай бий болох эхлэл тавигдсан гэж ойлгож болно.

“БАРЛОВОРЛД МОНГОЛИА” НЬ ТЕХНОЛОГИЙН ШИЙДЭЛ, НИЙЛҮҮЛЭЛТЭЭР БҮС НУТАГТАА ТЭРГҮҮЛДЭГ

Худалдаа ба түрээсийн газрын захирал Э.Энхдэлгэр

Катерпиллар нь дэлхийн уул уурхай, барилгын салбарт техник, тоног төхөөрөмжөөр тэргүүлдэг нь юутай холбоотой вэ?

Катерпиллар нь тоног төхөөрөмжийн инженерчлэл, үйлдвэрлэл, дистрибьютерийн чиглэлээр дэлхийн тэргүүлэгч брэнд. Үүний гол шалтгаан бол сүүлийн 100 жилийн туршид техник, технологийн хөгжүүлэлтдээ тасралтгүй сайжруулалт хийж байгаатай холбоотой. Тус компани зөвхөн судалгаа, шинжилгээний ажилд өдөрт 3 сая ам.доллар зарцуулдаг. Ийм хэмжээний хөрөнгө оруулалт судалгаа, сайжруулалтад хийж байгаа нь дэлхийд тэргүүлэгч компани болоход чухал нөлөө үзүүлсэн биз ээ.

2024 он дотоодын тоног төхөөрөмжийн зах зээл, танай компанийн хувьд ямар байсан бэ?

Өнгөрсөн жил Монголын уул уурхайн тоног төхөөрөмжийн зах зээл өмнөх бүх үеэс илүү өндөр өсөлтийг үзүүллээ. Бид өөрсдийн зах зээлийг 2012 онтой харьцуулж ярьдаг. Тухайн онд Монгол Улсын ДНБ 16.7 хувь өсөж, эрдэс баялгийн салбар үсрэнгүй тэлсэн. Өнөөгийн байдлаар “Барловорлд Монголиа” компани дотоодын тоног төхөөрөмжийн зах зээлийн 30 орчим хувийг эзэлж байна.

Уурхайн аль шат, мөчлөгийн техник, хэрэгслүүдийг Барловорлд илүүтэй нийлүүлдэг вэ?

Катерпилларын техникийг худалдан авна гэдэг урт хугацааны хөрөнгө оруулалт юм. Тиймээс богино хугацааны төсөлд орох нь ховор. Багадаа 5 жилийн настай уул уурхайн төсөлд ТЭЗҮ-ийн түвшнээс хамаарч хамтарч ажилладаг. Учир нь төслийн хөрөнгө оруулалтын томоохон зардлыг техник, тоног төхөөрөмж эзэлдэгтэй холбоотой. Тиймээс ТЭЗҮ-ийн тооцоог боловсруулж байх үеэс өртөг зардал, үр өгөөж талаас нь манай компани хамтардаг. Зардал мөнгөний тооцооллоос гадна Катерпилларын өргөн хүрээний бараа бүтээгдэхүүн, тоног төхөөрөмж, технологийн шийдлийг санал болгодог гэсэн үг. Ингэхдээ дор хаяж 5-6 уул уурхайд зориулсан систем, шийдэлд харьцуулсан судалгаа хийж тухайн төслийн техник талаас нь ТЭЗҮ ийн үр ашигтай байдлыг тооцоолж өгдөг.

Энэ удаагийн воркшопын онцлог юу вэ?

Энэ удаагийн технологийн воркшоп нь Монголд төдийгүй бүс нутагт яригдах хэмжээний үйл явдал боллоо. “Барловорлд Монголиа” компани технологийн шийдэл, нийлүүлэлтээр бүс нутагтаа тэргүүлдэг. Өөрөөр хэлбэл Монголын уул уурхайн салбар нь технологийн хэрэглээ, нэвтрүүлэлт, ашиглалтаараа бүс нутагтаа тэргүүнд эгнэж байна. Тэр утгаараа Катерпилларын Cat® MineStarTM технологи, шийдлийн баг анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ Монголд цуглаж воркшоп хийлээ. Өөр бүс нутгуудад цогцоор нь бус, зарим нэг шийдэл нэвтрүүлж ашигладаг учраас цөөн тооны мэргэжилтнүүд очдог. Харин Монголын хувьд бүх шийдлийг нэгэн зэрэг нэвтрүүлэх боломжтой. Тиймээс Cat® MineStarTM технологи, шийдлийн мэргэжилтнүүд багаараа манай улсад хүрэлцэн ирж энэ жилийн воркшопт оролцлоо. Катерпилларын технологи, инновацийн үндсэн 5 төрлийн багц шийдлийг хэсэгчилж хэрэгжүүлж болдог онцлогтой. Эдгээр 5 багц шийдэл дотроо мөн хуваагддаг бөгөөд хэсэг тус бүрийг тухайн тоног төхөөрөмжид, уурхайд нэвтрүүлэх боломжтой юм. Мэдээж шийдлүүдийг нэмэх тусам үр ашиг өсдөг. Харин шийдлүүдийг цогцоор хэрэгжүүлж чадвал бүрэн автоматажсан уурхай болж хөгжинө. Үүгээрээ Катерпилларын шийдэл маш уян хатан. Зорилго, нөхцөл байдлаас хамаарч тухайн техник, тоног төхөөрөмжийн үр ашигтай байдлыг дээшлүүлэх боломжтой. Ингэхдээ зөвхөн Монголын геологи, уул уурхайд таарсан технологийн шийдлийг санал болгодог нь Катерпилларын давуу тал юм.

CAT® MINESTARTM ТЕХНОЛОГИ НЬ УУРХАЙН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ХАМГИЙН ӨНДӨР ҮР АШИГТАЙГААР УДИРДАНА

Борлуулалтын дараах үйлчилгээ, сэлбэг, засвар үйлчилгээний худалдаа хариуцсан менежер Д.Ариунбаяр

Аюулгүй байдал, үр ашгийг нэмэгдүүлсэн ямар шийдлүүдийг Cat® MineStar™ технологи өөртөө багтаасан бэ? Монголд нэвтрээд буй технологиудын талаар танилцуулна уу?

Cat® MineStarTM –ийн багц таван шийдэл нь илүү дэвшилтэт технологи, өргөн хүрээний ойлголт гэдгийг энэ удаагийн воркшопоор дилер, салбарын мэргэжилтнүүдээ таниуллаа. Энэхүү цогц технологи нь уулын ажлын бүтээл, диспетчерийн хяналт, өрөмдлөгийн үйл ажиллагааг хамгийн өндөр үр ашигтайгаар удирдана. Түүнчлэн, уурхайн аюулгүй ажиллагаа, тоног төхөөрөмжийн “эрүүл мэнд”, найдвартай ажиллагааг хангахад нэн чухал шийдэл юм. Тухайлбал тоног төхөөрөмжийн ойр орчимд хэдэн метрийн зайд бусад тоног төхөөрөмж ажиллаж байгаа, зөрж өнгөрөх мэдээллийг бүртгэх, сохор бүсэд буюу аюултай зайд ойртоход мэдрэх, мөргөлдөхөөс сэргийлэх радарын системүүд ажилладаг. Үүнээс гадна Монголд хэрэгжих боломжтой, хэрэгжүүлээд эхэлсэн нэг шийдэл бол Driver Safety System (DSS) буюу “Аюулгүй жолоодлогын систем” юм. Энэ шийдэл нь операторын нүүрний хөдөлгөөнийг мэдэрч, ядарсан, зүүрмэглэсэн, анхаарал сарнисан тохиолдлыг таньж дохио өгдөг. Тухайн оператор өдөрт ажилласан нийт цагийн хэдэн хувьд нь нойрмоглосон зэрэг мэдээллийг тооцоолдог. Ингэж тоон мэдээлэлд тулгуурласнаар цаг алдалгүй шийдвэр гаргах, уурхайн үйл ажиллагааг сайжруулах боломжтой. Монголын уул уурхайн салбарт сайн оператор эрэлттэй боловч хүний нөөцийн хязгаарлагдмал байдал цаашид ч нэмэгдэх хандлагатай байна. Үүнийг шийдэх, уул уурхайн хөгжлийг дараагийн түвшинд гаргах шийдэл нь алсын зайнаас удирдах, хагас болон бүрэн автоматажсан тоног төхөөрөмжийн Command байх болно. Энэхүү бүрэн автоматжуулсан технологи нь хүнээс шалтгаалах доголдол, сул зогсолт гаргахгүй байх үндсэн шийдлийг агуулдаг.

Монголын уул уурхай болон бусад салбарын худалдан авагчид борлуулалтын дараах ямар төрлийн үйлчилгээг "Барловорлд"-оос түлхүү авч байна вэ?

Монголд 1800 орчим Cat-ын тоног төхөөрөмж ашиглагдаж буйгаас 70 гаруй хувьд нь насжилтын дунд үеийн их засварын хэрэгцээ шаардлага үүссэн. Манай харилцагчид үүнд ач холбогдол өгч бидэнтэй хамтран ажилласаар байна. Засварын, тоног төхөөрөмжийн ашиглалтын зардлыг бууруулахад нэн чухал хүчин зүйлсийн нэг бол аливаа засварыг эвдрэлээс өмнө хийж хэвших, богино болон урт хугацааны төлөвлөлтийг чанартай хийх явдал байдаг. “Барловорлд Монголиа”-гийн агрегат засварын төвд жилдээ 300-400 орчим агрегат эд ангийн бүрэн их засвар хийгдэж байна. Өнөөдөр Багануур, МАК, Оюутолгойн уурхайд Cat® MineStarTM-ын технологийг ашиглаж байна. Дэвшилтэт технологид суурилсан дараагийн шатны нэгэн шийдэл бол Cat® MineStarTM-ийн Health юм. Энэ нь машиныг төлөвлөгөөгүй сул зогсолт, эвдрэл гэмтлээс урьдчилан сэргийлэх зориулалттай систем гэж ойлгож болно. Product Link хиймэл дагуулын технологи болон VIMS системүүдээр дамжуулан эвдрэл гэмтлийн мэдээллийг тооцоолох боломжтой. Уг системийн тусламжтайгаар Улаанбаатарын оффисоос Өмнөговийн уурхайд ажиллаж буй машины хурдыг хэмжих, түлшний үлдэгдлийг хянах, техникийн буруу ашиглалт зэрэг бүхий л мэдээллийг авч болно гэсэн үг. Одоогоор манай улсад ажиллаж буй Cat-н 1000 гаруй машин Product link-тэй холбогдсон. Машины үйл ажиллагааг ингэж хянаснаар ямар засварт орох шаардлагатай гэдгийг тодорхойлж, засварын ажлыг үр ашигтайгаар төлөвлөх, тухайн тоног төхөөрөмжийн насжилтыг уртасгаж, бүтээмжийг өсгөх зэрэг давуу талууд үүсдэг.

Майнинг Инсайт сэтгүүл, Тавдугаар сар 2025