“Оюутолгой” компанийн 2024 оны дөрөвдүгээр улирлын тайлангаа танилцууллаа. Гүний уурхайн бүтээн байгуулалтын нэн чухал хэсэг болох Агааржуулалтын хойд амын нэвтрэлт 1175 м, урд амын нэвтрэлт 1131 м тус тус хүрснээр үндсэн нэвтрэлтийн ажил өндөрлөжээ. Тус бүр 10 метр болон 11 метрийн диаметр бүхий эдгээр агааржуулалтын ам нь дэлхийд хамгийн томд тооцогдож байна.
2024 онд “Оюутолгой” компани нь үндэсний аж ахуйн нэгжүүдтэй хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд нийт 7 их наяд төгрөг дотоодод зарцуулжээ.
Байгаль орчны чиглэлээр, Дархан-Уул аймгийн Шарын гол сумын Хар Ямаатын ам, Хонгор сумын Хургад, Цэхэр, Бага Ноёны амуудад хариуцлагагүй уул уурхайн нөлөөгөөр эвдэрч, олон жил орхигдсон 215.5 га талбайд газрын нөхөн сэргээлт хийсэн байна. Түүнчлэн, Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын Байт ууланд түймэрт өртөж, доройтсон 400 га талбайд ойжуулалт хийж, 1 сая мод тарьжээ. Монголд анх удаа дрон ашиглан мод тарих технологийг туршиж, ойжуулалт, нөхөн сэргээлтийг илүү өргөн хүрээнд хийх боломжтойг баталгаажууллаа. 2023 оны 5 дугаар сард Сэлэнгэ аймгийн Ялбагийн хөндийд нийт 27,000 ширхэг үр агуулсан үрэл дрон ашиглан суулгажээ.
Орон нутгийн тогтвортой хөгжлийн хөрөнгө оруулалтын хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд суманд хүүхдийн тоглоомын талбай, усан оргилуур, ногоон бүс, 300 машины зогсоол, ариун цэврийн байгууламж, гэрэлтүүлгийг цогц шийдсэн 5 га талбай хамарсан Галба цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилт, Ханбогд сумын төвийн 7.96 км хатуу хучилттай авто зам зэрэг бүтээн байгуулалтыг хэрэгжүүлсэн байна.
Оюутолгойн уурхайд батарейгаа сольдог цахилгаан өөрөө буулгагч машины технологийг Rio Tinto групп, Хятадын Эрчим хүчний хөрөнгө оруулалтын корпорац хамтран туршиж эхэлжээ. Хоёр жилийн хугацаанд хэрэгжих энэхүү төсөлд 91 тонн даацтай найман өөрөө буулгагч машин, 800 кВт.цаг хүчин чадал бүхий 13 батарей, автоматажсан батарей солих-цэнэглэх станц ашиглагдана. Эдгээрийг Оюу толгойн уурхайд нөхөн сэргээлт, өнгөн хөрс тээвэрлэх зэрэг үйлдвэрлэлийн бус зорилгоор ашиглах аж.