Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалтын албан ёсны нээлт өнөөдөр (2023.06.27)эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал, хатагтай Памела Кок-Хамилтон, АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч Хосе В.Фернандес нар оролцож буй.
Мөн “Marubeni ASEAN” компани, Сенегал улсын “GAINDE 2000”, БНХАУ-ын “HICOOL”, Зимбабве улсын “ZimTrade”, Руанда улсын “LED Solutions and Green Energy” зэрэг компанийн удирдах түвшний төлөөлөгчид хүрэлцэн иржээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Олон улсын худалдааны төвтэй хамтран зохион байгуулж байгаа Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт өчигдөр (2023.06.26) Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын бизнесийн салбар хуралдаанаар эхэлсэн юм.
Салбар хуралдааны нээлтэд Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, НҮБ-ын Орлогч Ерөнхий нарийн бичгийн дарга бөгөөд НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Рабаб Фатима, Олон улсын худалдааны төвийн Гүйцэтгэх захирал Памела Кок Хамилтон, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Худалдааны дэд сайд Бүнтөнг Дуангсаван, НҮБ-ын Суурийн төлөөлөгч Тапан Мишра нар оролцож үг хэллээ.
Чуулга уулзалтын хүрээнд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын үндэсний зохицуулагчдын уулзалтыг НҮБ-ын Нэн буурай хөгжилтэй, далайд гарцгүй хөгжиж буй болон арлын жижиг орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй бөгөөд нийт 23 далайд гарцгүй хөгжиж буй орны үндэсний зохицуулагчид тус уулзалтад оролцож, тэдэнд тулгарч буй бэрхшээл, цар тахлын дараах эдийн засгийн сэргэлтийн талаар ярилцаж, цаашид Руанда Улсад 2024 оны зургаадугаар сард болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудлаарх НҮБ-ын 3 дугаар бага хурал дуу хоолойгоо нэгтгэн хүргэнэ.
Чуулга уулзалтын хүрээнд зохион байгуулсан хэлэлцүүлэг, бизнес уулзалтуудаас гарсан үр дүнг нэгтгэн 2023 оны сүүлээр эхлүүлэх Үндэсний экспортын стратегид тусгахаар төлөвлөжээ.