Монголд зэсийн хайгуулын төслүүд хэрэгжүүлдэг, Торонтогийн хөрөнгийн биржид бүртгэлтэй Ион Энержи-тэй хамтран литийн хайгуул явуулах гэж буй компани бол “Аранжин Ресурсес Лимитед” юм. Тус компани 2017 онд байгуулагдсан хэдий ч 10 жилийн өмнө Монголд амжилттай хайгуул хийсэн туршлагатай хөрөнгө оруулагч удирддаг. Монгол дахь төслүүдийнх нь талаар “Аранжин Ресурсес Лимитед” компанийн Санхүү хариуцсан захирал Жереми Сауттай Б.Төгсбилиг ярилцлаа.
Арван жилийн өмнө Монголд хайгуулын ажил амжилттай хийж, хэд хэдэн орд илрүүлсэн компани энэ цаг үед дахин ирж хайгуулын төсөл эхлүүлж байна. Та бүхэн арван жилийн өмнөх ба одоогийн Монгол Улсын өөрчлөлт, тэр дундаа хайгуулын ажил явуулах бизнесийн орчинд ямар ялгаа олж харж байгаа нь сонирхолтой байна?
Өнгөрсөн жилүүдтэй харьцуулахад Монгол Улсын одоогийн Засгийн газар бизнесийн хамгийн сайн орчин бүрдүүлсэн гэж би хувьдаа боддог. Энэ нь ч бидний Монголд үргэлжлүүлэн хөрөнгө оруулах болсон томоохон шалтгаан. Та бүхний мэдэж байгаачлан “Аранжин Ресурсес Лимитед” компанийн баг бүрэлдэхүүн “Степ Голд” ХХК болон “Ион Энержи Лимитед” ХХК-тай холбоотой ажилладаг. Тэгэхээр Монголд хайгуулын ажлыг шат ахиулж, цаашлаад олборлолт явуулахаар гурван компани ажиллаж байгаа гэж хэлж болно. Одоогийн Ерөнхийлөгч болон Засгийн газрын бүрэлдэхүүн, Ерөнхий сайд, өнгөрсөн 5 жилд эрх барьсан Засгийн газрууд сүүлийн хэдэн жил гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжиж, хариуцлагатай, хүчирхэг уул уурхай хөгжүүлж байна гэж харж байгаа. Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”- гийн хооронд саяхан Оюутолгойн гэрээг шинэчилж, харилцан ойлголцолд хүрсэн нь ихээхэн ач холбогдолтой байсан гэж бодож байна.
Өнөөгийн байдлаар “Аранжин Ресурсес Лимитед” компани Монголд ашигт малтмалын ямар төрлийн хэчнээн тусгай зөвшөөрөл эзэмшиж байна вэ?
Үндсэндээ бид хоёр төсөл хэрэгжүүлж байгаа. Эхнийх нь Шарга төсөл. Үүнд бид голчлон анхаарлаа хандуулж байна. Үүнээс гадна Баянхонгор аймгийн Баян-Өндөр сумд Баян Өндөр төсөл хэрэгжүүлж байгаа ч Говь-Алтайн бүсэд хэрэгжүүлж буй Шарга төсөл яг одоогоор анхаарлын төвд байгаа. Хоёр төсөлд холбогдох хэд хэдэн тусгай зөвшөөрөл бий. Түүнчлэн бид өөр бусад төсөл хэрэгжүүлэхээр идэвхтэй хайж байгаа. 4-5 төсөл хэрэгжүүлбэл үр ашигтай гэж харж байгаа юм. Төрөлжсөн хөрөнгөтэй байх нь зүйтэй гэж би боддог. Учир нь хайгуул эрсдэлтэй. Төсөл бүр амжилттай болдоггүй. Төсөл бүр эдийн засгийн хувьд үр ашигтай байдаггүй. Сайн гэрээ, орд байж болох ч уурхайн эдийн засгийн үр ашиг илүү чухал. Эрэлт болон олборлолт явуулж болох эсэхийг нь тооцох хэрэгтэй болдог. Дэлхийн хамгийн том зарим орд газарт ч олборлолт явуулах боломжгүй байдаг. Тухайн ордын байрлаж буй өндөрлөг, өргөн, гүн, хүдрийн агуулга нь ашиглаж болохуйц бус гэсэн үг. Шарга төсөл нь геологийн хувьд гадаргын, гүехэн бүсэд байрладаг төдийгүй эдийн засгийн өгөөжийн хувьд маш ирээдүйтэй, өндөр агууламжтай. Тиймээс бид 2-3 төсөл дээр ажиллах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд гурав дахь төсөл болох Баруун тал төслийг саяхан зарласан. Үүнд тусгай зөвшөөрөл авахаар ажиллаж байна. Түүнчлэн Засгийн газар тендер зарлаж, худалдах сонирхолтой байвал бидний сонирхож буй бусад төсөл ч бий. Баруун тал төслийн хувьд тусгай зөвшөөрөл авч амжаагүй байгаа талаар бид нээлттэй мэдэгдсэн. Энэ хувилбарыг үргэлжлүүлэн судалж байна.
Зэс, алт, лити зэрэг тренд металлуудын нөөцийн чиглэлээр хайгуул явуулах учир шалтгаан юу байв?
Цэнэг хураагуурын үйлдвэрлэлд хэрэглэгддэг металлууд ирээдүй болж байгааг зах зээл харуулж байна. Тэр дундаа зэс бол цэнэг хураагуурын үйлдвэрлэлд хамгийн хэрэгтэй металл. Иймд зэсийн зах зээлд эрэлт, нийлүүлэлтийн тэнцвэр ихээр алдагдаж байгаа юм. Тиймээс дан ганц цэнэг хураагуурын зах зээлээс гадна эрэлт, нийлүүлэлт талаасаа зэс ихээхэн ирээдүйтэй гэж бодож байна. “Рио Тинто” ч мөн Оюутолгойн хэлэлцээг шинэчилсэн шалтгаан үүнтэй холбоотой байх. Ямар чухал гэдгийг ойлгож байна. Нийлүүлэлт талаас нь харахад БНХАУ-д зэсийн нөөц бараг л үгүй. Гэтэл зэс боловсруулах үйлдвэрлэлийн дийлэнх хүчин чадал тус улсад байдаг. Иймд Хятадад зэс хэрэгтэй. Энэ ч үүднээсээ БНХАУ-тай хиллэдэг нь Монгол Улсын давуу болон сул тал гэж хэлж болох байх. Хөрш зэргэлдээ оршиход амаргүй улс ч гэлээ БНХАУ-д хэрэгтэй зүйлийг нь нийлүүлж чадвал эдийн засгийн маш их боломж авчирна. Энэ нь зэс. Лити ч гэсэн үүнтэй адил. Лити нь эрэлт, нийлүүлэлтийн их өөр динамиктай. Зэсээс ялгаатай нь Хятад улс литийн маш их нөөцтэй. Гэхдээ литийн зохистой төрлийг олох хэрэгтэй. Энэ тал дээр Монгол Улсад давуу тал бий гэж би хувьдаа бодож байна. Тиймээс ч БНХАУ-ын хажууд байрлаж буй нь давуу тал. БНХАУ зэстэй ижил бодлогыг литид баримталж байна. Гэхдээ БНХАУ-ын бизнесийн загварыг харвал нийлүүлэлтийн сүлжээний дийлэнх үнэ цэнийг дотооддоо үлдээх зорилгоор боловсруулах хүчин чадлыг хэт давуулж тогтоодог. Гэсэн ч тэдний гартаа оруулж чадахгүй зүйл нь тэд газарзүйн байдал, чулуулгаа өөрчилж чадахгүй. Монголд гайхалтай металлууд бий. Тэр нь маш чухал. Миний бодлоор алт тийм ч чухал биш. Гэхдээ ОХУ өнөөдөр Украин руу довтолсны дараа алтны үнэ 50 ам.доллароор нэмэгдлээ. Цэнэг хураагуурын металлаас ялгаатай нь алт бол хөрөнгө хуримтлуулах хэрэгсэл. Гэхдээ бид Монгол Улсын алтны зах зээлд томоохон тоглогч болохоор тодорхой хугацаанд ажиллаж байна. Монголд алтны хэд хэдэн гайхалтай төсөл бий. Алтны нэг давуу тал нь гадагш тээвэрлэх шаардлагагүй. Алтны экспорт гэж үгүй. Шууд төв банкинд тушаачихдаг. Цэнэг хураагуурын металл, зэсийн хувьд тэс өөр.
БНХАУ-ын Бүс ба Зам санаачилгын гол зорилго болон тус улстай хил залгаа оршдог, мөн зэс, литийн маш их нөөцтэй байгаа нь үнэхээр анхаарал татмаар. Энэ боломжийг бид олж харж, ашиглахаар шийдсэн. Түүнчлэн Монгол никелийн нөөцтэй байж магадгүй байгаа. Зэс, лити, никель зэрэг нь бүгд цахилгаан автомашины цэнэг хураагуурын үйлдвэрлэлд маш чухал түүхий эд.
Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийг хэлэлцэж байна. Энэхүү хуулийн төсөлд Монгол Улс анх удаагаа критикал эрдсийг тусгаж байгаа.Энэ талаар таны байр суурийг сонсмоор байна?
Хуулийн төслийн талаар надад тийм ч сайн мэдээлэл алга. Гэхдээ Монгол Улс нь бүхий л критикал эрдсийн ихээхэн нөөцтэй. Хөрөнгө оруулалт зөвөөр татаж, дэмжих бодлогын орчин бүрдүүлэх чиглэлд Монгол Улсын Засгийн газар үргэлжлүүлэн ажиллах хэрэгтэй. Хариуцлагатай, байгальд ээлтэй уул уурхайг хөгжүүлэх нь маш чухал. Тусгай зөвшөөрөл олголт болон татварын орчны тэнцвэрийг олох чухал. Хэрэв хэт их татвар ногдуулж, роялти өндөр байвал хүмүүс ирэхгүй. Тиймээс бодлогоо зөв тогтоож, хөрөнгө оруулалтыг дэмжих тэнцвэрийг хангах нь чухал. Түүнчлэн уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтыг илүү ихээр дэмжих хэрэгтэй. Монгол Улсын уул уурхайн салбарт хөрөнгө оруулахдаа бид түншээ гэж хардаг. Өөрөөр хэлбэл бид өөрсдийгөө гадныхан гэж хардаггүй. Түншүүд гэж боддог. “Степ Голд” бол Монгол компани. Нийт ажилчдын 99% нь монголчууд. Энд байнга оршин суудаггүй хүмүүсийн хувьд Монголд шилдэг туршлагуудыг суулгаж, бидний хийж буй ажилд түнш болж ажилладаг. Критикал эрдсийн хувьд Монгол Улс хөрөнгө оруулалтын зөв орчныг бий болгохоос гадна монголчуудад ашиг хүртээх нь маш чухал.
Хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл бүхий ямар төслүүдийг “Аранжин Ресурсес Лимитед” компани хэрэгжүүлж байна вэ? Хэр ирээдүйтэй төслүүд вэ? Зах зээлийн боломж, потенциалын талаар үзэл бодлоо хуваалцана уу?
Бид гурван төсөлд анхаарлаа хандуулж байгаа. Зэсийн Шарга төслийг ихээхэн ирээдүйтэй гэж одоогоор харж байна. Дараагаар нь Баянхонгор аймаг дахь Баян Өндөр төсөл. Түүнчлэн саяхан бид “Ион Энержи”-тэй хамтарсан компани байгуулж буйгаа мэдэгдсэн. “Ион Энержи”-гийн литийн ордод зэсийн агууламж байгааг олж тогтоосон. Түншлэл байгуулснаар манай зэсийн ордуудад тэд хайгуул хийж, тэдний литийн ордуудад бид зэсийн хайгуул явуулах юм. Заримдаа энэ хоёр металл хамт орших тохиолдол бий. “Ион Энержи”- гийн Баавгай-Уул төсөлд зэс, никелийн агууламж илэрсэн тул бид их өндөр хүлээлттэй байгаа. Энэ жилийн хувьд бид Шарга болон “Ион Энержи”-гийн Баавгай-Уул төслийн зэсийн хайгуулын ажлын өрөмдлөгийг идэвхтэй явуулах үүднээс хөрөнгө татахад голцуу анхаарна. Баянхонгор аймагт байгаа зэс, алтны Баян-Өндөр төсөл ч мөн урагшилна гэж найдаж байна. Энэ жилийн хувьд шинээр нэмэгдэж буй төслүүдэд 3-5 сая ам.доллар босгохоор төлөвлөсөн. Энэ төрлийн бизнесийг хөгжүүлэхэд их хугацаа шаардагддаг. Хайгуулын ажлыг аажуу тайван явуулах хэрэгтэй. Хөрөнгө мөнгө бэлэн байх шаардлагатайгаас гадна хайгуулын зардлыг хэрхэн юунд ашиглахаа тооцож, зөв урсгалаар хэрэгжүүлэн үр ашгийг нь хамгийн өндөр байлгахад анхаарч байж амжилттай болно. Тиймээс бидний хийх зүйл их энгийн. Энэ жилийн хувьд өрөмдлөг, хөрөнгө босгох ажилд анхаарч, үр дүнгээс нь хамаарч дараагийн алхмаа тооцно. Бид их өөдрөг хүлээлттэй байгаа. Тэр дундаа Шарга төсөл болон Баавгай-Уулын зэсийн агууламж эерэг үр дүн харуулж байна. Энэ эрчээрээ ажиллавал хувьцааны ханш ч өсөж, хүмүүс төслөөс үр ашиг харж эхэлнэ. Ингэснээр хөрөнгө оруулалт эргэн нэмэгдэнэ. “Аранжин”, “Ион Энержи” хоёул ирэх 3-5 жилд томоохон компаниуд болно гэж бид төсөөлж байгаа. Гэхдээ энэ хоёр бол хайгуулд төвлөрсөн компаниуд. Иймд өрөмдлөгөөс аль болох өндөр үнэ цэн бүтээхээр ажиллах болно.
Хөрөнгө, санхүүжилт босгохтой холбоотой ямар бэрхшээлүүд тулгарч байна вэ? Ер нь хайгуулын ажил дээрээ хэр хэмжээний хөрөнгө босгоод байгаа вэ? Компанийн зүгээс хайгуулын ажилд зарцуулах санхүүжилтийг босгох төлөвлөгөөний тухайд юу хэлэх вэ?
Энэ жилийн хувьд Аранжинд 3-5 сая ам.доллар босгохоор төлөвлөсөн. “Ион Энержи”-д ч мөн ижил дүнтэй санхүүжилт татах болов уу. Түүхий эдийн үнэ болон бусад олон хүчин зүйлээс хамаарна. Гэхдээ макро орчин маш сайн байгаа. Зэсийн үнээс гадна лити, алтны үнэ ч мөн өндөр байна. Ерөнхийдөө таваарын зах зээл өсөлттэй байгаа нь сайн хэрэг.Бид зах зээлд өөрсдийгөө таниулах хэрэгтэй байгаа. Бүтээгдэхүүнээ нууцаар зарна гэж байхгүй шүү дээ. Зөвөөр таниулах их чухал. Энэ ч үүднээс маркетинг болон хөрөнгө босгох ажлуудыг идэвхтэй урагшлуулж байна. Өрөмдлөгийн үр дүн гарч эхэлснээр үнэ цэн бүтээх боломжтой. Хоёр компанид хөрөнгө босгох ажлыг 2022 оны эхний хагаст төлөвлөсөн. Умард Америк болон Европоос ихэнх хөрөнгөө аль хэдийн босгочихсон. Гэхдээ цаашид Монголын зах зээлд хоёр компанийнхаа хувьцаа эзэмшигчдийн тоог нэмэхээр сонирхож байна.
Одоогоор хэчнээн өрөм тавьсан бэ? Орон нутгийн удирдлагууд болон нутгийн иргэдтэй харилцааны тал дээр асуудал, бэрхшээл гарч байна уу?
Өнгөрсөн оны намар бид 2000 метрт өрөмдлөг хийсэн. Говь-Алтай аймгийн удирдлагууд бидэнд ихээхэн дэмжлэг үзүүлсэн. Цаашид үргэлжлүүлэн хамтран ажиллах болно. Байнгын харилцаа холбоотой, ил тод байж, гэнэт аливаа асуудал үүсдэггүй байх нь их чухал. Одоогоор их сайн байгаа. Цаашид Баянхонгор аймагт ч мөн үүнтэй адилаар хамтран ажиллахаар төлөвлөж байна.
“Ион Энержи”-тэй хамтарсан компани байгуулах хэлэлцээр ямар шатандаа үргэлжилж байгаа вэ?
Одоогоор дөнгөж эхний шатандаа яваа. Хэдхэн долоо хоногийн өмнө л зарласан. Гэхдээ хоёр компанийн менежментийн багуудын зарим гишүүд хоёуланд нь давхар ажилладаг. Ах, дүү компаниуд гэдэг нь гэрээ байгуулах нэг шалтгаан. Учир нь талууд цаашдын төлөвлөгөөг харилцан сайтар ойлгож байгаа тул тус бүрийн орд газруудад өргөн хүрээний хайгуулын ажил явуулж, үр ашигтай хөрөнгө босгохоор хамтран ажиллаж байна. Цаашлаад эдгээр төслүүдэд олборлолт хийнэ гэж найдаж байгаа. “Степ Голд” компанийн хувьд олборлолт явуулж, бүтээгдэхүүн гаргасан гэдгээрээ гаднын олон компаниас ялгарч чадсан. Монголд үйл ажиллагаа явуулсан гаднын санхүүжилттэй компаниуд амжилттай алт олборлосон тохиолдол ховор. Бид үүнийг хийж чадсан тул ойрын дунд хугацаандаа үүнтэй ижил үнэ цэн бүтээхээр зорьж байна.
Зах зээлийн шинжээчид “Ион Энержи” компанийг литийн төсөлд түлхүү анхаарна гэсэн хүлээлттэй байна. Литийн орд газар, нөөц бололцоог та яаж харж байгаа нь сонирхолтой байна?
“Ион Энержи” литид төвлөрч, “Аранжин” зэсийн хайгуул хийж байгаа. Хоёр компани хамтран ажилласнаар нэг нэгнийхээ орд газруудад лити болон зэсийн хайгуулыг зэрэг явуулах боломж бүрдэж буй юм. Ингэснээр хайгуулын зардлыг хэмнэх боломжтой.
Монголд ирээд 10 гаруй жил болж байгаа таны хувьд зах зээлийн цаашдын төлөвт ямар хүлээлттэй байгаа вэ? Геологи хайгуулын салбарт сүүлийн 10 жилд ихээхэн дэвшил гарсан. Зах зээлийн одоогийн байдал, Монгол Улсын уул уурхайн цаашдын боломж бололцоог хэрхэн харж байна?
Би ихээхэн өөдрөг хүлээлттэй байгаа. Засгийн газар дэмжлэг үзүүлж, нээлттэй хамтран ажиллаж байна. Засгийн газрын бүрэлдэхүүн ч нэгэн ижил байр суурьтай байгаа гэж хувьдаа боддог. Эрх барьж буй нам болон сөрөг хүчин хоёул хөгжлийн суурийг бат бэх тогтоох тал дээр нэгдмэл байгаа харагддаг. Оюутолгойн гэрээ, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, стратегийн ордууд дээр явуулж буй бодлого зэргээс үүнийг харж болно. Эдгээр нь миний харж байсан хамгийн сайн дэмжлэг. Монгол Улсыг цаашид амжилттай хөгжиж дэвшинэ гэж би хувьдаа боддог. ОХУ болон БНХАУ-аар хүрээлүүлсэн энэ орчинд амжилтад хүрэх боломжоо Монгол Улс өөрсдөө бий болгож, импортоос хамааралтай байгаад байж болохгүй. Үүнийг тэнцвэржүүлэхийн тулд экспортод суурьтай хүчирхэг эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. Алтанд суурилсан хүчирхэг эдийн засаг шаардлагатай. Өнөөдрийн жишээнээс алт яагаад чухал вэ гэдгийг харж болно. Дэлхий дахинд геополитикийн эрсдэл, өндөр инфляцийн орчин бий болоод байна. Монгол Улс хэзээ нэг өдөр технологид суурилсан хүчирхэг улс болж болно. Ингэхийн тулд дэлхийн хаана ч байхгүй геологийн хосгүй бүтцээ ашиглаж, уул уурхайн салбарын орлогыг эргэлтэд оруулж, ардчилсан байдлаар дэмжих хэрэгтэй. Дан ганц уурхайд олборлолт явуулах бус дэд бүтэц хэрэгтэй. Оюутолгой, Эрдэнэс Тавантолгойд цахилгаан станц хэрэгтэй. Авто зам, төмөр зам ч тэдгээрийг дагаад бий болно. Одоо аль хэдийн хэрэгжээд явж байна. Түүнчлэн нар, салхины эх үүсвэртэй сэргээгдэх эрчим хүч хэрэгтэй. Боловсруулах үйлдвэрийг мөн хөгжүүлэх хэрэгцээ бий. Монгол Улс алт боловсруулах үйлдвэртэй байх нь зүйтэй санагддаг. Одоогоор нүүрсний дийлэнхийг түүхийгээр экспортолдог. Угааж боловсруулаад экспортлох хэрэгтэй. Зэс боловсруулах үйлдвэр ч мөн байх хэрэгтэй.
Би ихээхэн өөдрөг хүлээлттэй байгаа. Засгийн газар дэмжлэг үзүүлж, нээлттэй хамтран ажиллаж байна. Засгийн газрын бүрэлдэхүүн ч нэгэн ижил байр суурьтай байгаа гэж хувьдаа боддог. Эрх барьж буй нам болон сөрөг хүчин хоёул хөгжлийн суурийг бат бэх тогтоох тал дээр нэгдмэл байгаа харагддаг. Оюутолгойн гэрээ, Ашигт малтмалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт, стратегийн ордууд дээр явуулж буй бодлого зэргээс үүнийг харж болно. Эдгээр нь миний харж байсан хамгийн сайн дэмжлэг. Монгол Улсыг цаашид амжилттай хөгжиж дэвшинэ гэж би хувьдаа боддог. ОХУ болон БНХАУ-аар хүрээлүүлсэн энэ орчинд амжилтад хүрэх боломжоо Монгол Улс өөрсдөө бий болгож, импортоос хамааралтай байгаад байж болохгүй. Үүнийг тэнцвэржүүлэхийн тулд экспортод суурьтай хүчирхэг эдийн засгийг хөгжүүлэх хэрэгтэй. Алтанд суурилсан хүчирхэг эдийн засаг шаардлагатай. Өнөөдрийн жишээнээс алт яагаад чухал вэ гэдгийг харж болно. Дэлхий дахинд геополитикийн эрсдэл, өндөр инфляцийн орчин бий болоод байна. Монгол Улс хэзээ нэг өдөр технологид суурилсан хүчирхэг улс болж болно. Ингэхийн тулд дэлхийн хаана ч байхгүй геологийн хосгүй бүтцээ ашиглаж, уул уурхайн салбарын орлогыг эргэлтэд оруулж, ардчилсан байдлаар дэмжих хэрэгтэй. Дан ганц уурхайд олборлолт явуулах бус дэд бүтэц хэрэгтэй. Оюутолгой, Эрдэнэс Тавантолгойд цахилгаан станц хэрэгтэй. Авто зам, төмөр зам ч тэдгээрийг дагаад бий болно. Одоо аль хэдийн хэрэгжээд явж байна. Түүнчлэн нар, салхины эх үүсвэртэй сэргээгдэх эрчим хүч хэрэгтэй. Боловсруулах үйлдвэрийг мөн хөгжүүлэх хэрэгцээ бий. Монгол Улс алт боловсруулах үйлдвэртэй байх нь зүйтэй санагддаг. Одоогоор нүүрсний дийлэнхийг түүхийгээр экспортолдог. Угааж боловсруулаад экспортлох хэрэгтэй. Зэс боловсруулах үйлдвэр ч мөн байх хэрэгтэй.
“Аранжин”, “Ион Энержи” хоёул ирэх 3-5 жилд томоохон компаниуд болно гэж бид төсөөлж байгаа.
Зэсийг баяжмалаар нь гаргах бус нэмүү өртөг шингээн экспортлох шаардлагатай санагддаг. Яг одоогоор Монгол Улс нэмүү өртөг багатай бүтээгдэхүүнийг шууд экспортолж байна. Эдгээрийг боловсруулах нь хамгийн логиктой алхам гэж бодож байна. Түүхий эдийг газраас ухаж, тэр чигээр нь чингэлэгт ачиж тээвэрлэх бус нэмүү өртөг шингэсэн, боловсруулсан бүтээгдэхүүн хөгжүүлж, дэд бүтцийг нь бий болгох хэрэгтэй. Монголд аль хэдийн чадварлаг ажиллах хүчин бий болсон. “Оюутолгой” болон манай “Степ Голд” компанийн үлдээж буй нэг өгөөж бол бид хүмүүсийг бэлддэг. Хүмүүсийг чадавхжуулах нь цасан бөмбөлөг өнхрүүлж буй мэт илүү их орлого бий болгож, төдий чинээ илүү олон хүнийг хөгжүүлж, төдий чинээ баялаг бүтээдэг. Энэ нь мөчлөгийн хамгийн том давуу тал. Дэлхийд амжилттай уул уурхай эрхэлж буй орнууд ингэж л хөгжсөн байдаг. Геологи, уул уурхайн суурь үйл ажиллагаанаас цааш дэд бүтэц, нэмүү өртөг шингээсэн үйлдвэрлэл, боловсруулалт хийж байна. “Степ Голд” компани одоогоор түүхий алт олборлож байгаа. Мөнгөний агууламжтай алтан гулдмайг бохир хэлбэрээр нь төв банканд тушаадаг. Үүнийг Монгол Улс цааш Европ эсвэл Япон руу тээвэрлэж, боловсруулдаг. Тиймээс дотооддоо боловсруулах үйлдвэртэй байх нь зүйтэй санагдаж байгаа.