Майнинг Инсайт сэтгүүл нь олон улсын хурал чуулганы хэвлэл мэдээллийн түншлэлээ өргөжүүлэн Дэлхийн нөөцийн чуулганы (World resources forum) албан ёсны түншээр ажиллах боллоо. Энэхүү түншлэлийн хүрээнд Mining Insight сэтгүүлээс онлайнаар чуулганд оролцох 10 эрхийг олгоно.
2023 оны Дэлхийн нөөцийн чуулган есдүгээр сарын 4-6-нд Швейцарын Женев хотноо нээгдэх юм. Чуулган Женев болон цахим гэсэн хэлбэрээр явагдана.
Дэлхийн нөөцийн чуулган “Rethinking Value–Resources For Planetary Wellbeing” сэдвийг онцолно. Сэдвийн хүрээнд НҮБ-ын салбар байгууллагуудын төлөөлөл, судлаачид, бизнес эрхлэгчид, ТББ-ууд, тогтвортой байдлын мэргэжилтнүүд 500 гаруй илтгэл, хэлэлцүүлэг өрнүүлнэ. Тухайлбал, хүртээмжтэй байдлыг нэмэгдүүлэхэд ашигт малтмалын олборлолтоос нөхөн сэргээх хүртэлх үйл ажиллагаа, тойргийн эдийн засаг, хог хаягдлын менежмент, тогтвортой хэрэглээ ба амьдралын хэв маяг, эрчим хүч, бүтээн байгуулалт зэрэг өргөн хүрээг хамарна.
Энэ жилийн чуулганд Швейцар, Япон, Хятад, Коста Рика, Австрали, Бельги, Гана зэрэг 140 орны 1500 гаруй төлөөлөл оролцохоор бүртгүүлжээ.
World resources forum association нь байгалийн нөөцийг шударга, тогтвортой ашиглах, мэдлэгийг дээшлүүлэх, шийдлийг хамтран бий болгох, олон талт хамтын ажиллагааг идэвхжүүлэх зорилттой. 2009 оноос хойш Дэлхийн нөөцийн чуулганыг Япон, Швейцар, Хятад, Коста Рика, Австрали, Бельги, Финланд, Перу, Гана улсад зохион байгуулжээ.