ЮНЕСКО-гийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний их баяр наадмаар “Монголд зочлох жил”-ийн хүрээнд "Welcome to Mongolia” уриан дор Монголын Эдийн засгийн чуулган Төрийн ордонд (2023.07.09)эхэллээ. Чуулганыг Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ нээж үг хэлэв.
Өнөөдрийн чуулганаар Монгол Улсын тогтвортой хөгжлийн бодлого, Хөдөлмөрийн зах зээл, Цахим шилжилт ба цахим эдийн засаг, Худалдааны боломж – Эдийн засгийн чөлөөт бүс, Монголын эдийн засаг ба тогтвортой хөгжил Шинэ үйлдвэрлэл – Хүнсний үйлдвэр, Хөдөө аж ахуйн хөрөнгө оруулалт, Шинэ боломж - Аялал жуулчлал зэрэг сэдвээр хуралдана. Мөн Монгол Улсад төрийн ил тод, хариуцлагатай байдлыг сайжруулахад иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо, Монгол Улсын авлигатай тэмцэх жил сэдвээр хэлэлцүүлэг өрнөнө.
2 дахь өдрийн буюу маргаашийн чуулганы хүндэт зочин илтгэгчээр #Рио_Тинто группын ТУЗ-ийн Дарга Доминик Бартон оролцох юм. Түүнчлэн Хөрөнгө оруулалтын орчин, Ашигт малтмалын салбар, сайжруулах орон зай, Шинэ эрчим хүчний эх үүсвэр - Нар, Салхи, Устөрөгч, Ирээдүйн хөгжил – Газрын_ховор_элемент, Зэс, Уран, Бүс нутгийн хамтын ажиллагааны боломж - Далайд гарцгүй орон, Монгол Улс дэлхийн тавцанд - авлигатай тэмцэх индексийг сайжруулах нь гэсэн сэдвүүдийг онцлон хэлэлцэнэ.
Энэхүү чуулганд гадаад, дотоодын 1700 орчим зочин төлөөлөгч оролцож байна.
Монголын Эдийн засгийн чуулган 2010 оноос зохион байгуулагдаж байна. Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагуудын өндөр, дээд түвшний төлөөллийг цуглуулан, нээлттэй хэлэлцүүлгийг жил бүр хоёр өдрийн турш өрнүүлдэг уламжлалтай.
Энэ жилийн арга хэмжээ Ковид-19 цар тахлын дараах Монгол улсын эдийн засгийн хурдацтай өсөлтийг онцолно. 2022 онд Монголын эдийн засаг таамаглаж байсан 4 хувиас өндөр өсөлтийг үзүүлсэн ба 2023, 2024 онд мөн өндөр өсөлт үзүүлэх таамаглалтай байна.