БНХАУ: Төмөр замын урт 200 мянган км хүрнэ

Э.МИШЭЭЛ

БНХАУ өнгөрсөн жилийн байдлаар 155 мянга гаруй км төмөр замтай гэж тооцож байсан. Үүгээр дэлхийн хоёр дахь том төмөр замын сүлжээнд нэрлэгддэг. Тус улсын төмөр замын сүлжээг төрийн өмчит "Хятадын Төмөр Замын Корпорац" хариуцан ажилладаг бөгөөд 18 товчоогоор дамжуулан удирдан зохион байгуулдаг.

Нийт төмөр замын сүлжээг 2025 онд 170 мянган км, 2035 онд 200 мянган км болгон хүчин чадлыг нэмэх зорилго тавин ажиллаж байна. Уг 2035 оны зорилгод хүрсэн тохиолдолд 2012 онтой харьцуулахад 2 дахин өссөн үзүүлэлтэд хүрнэ.
Мөн өндөр хурдны төмөр зам 2022 онд 42 мянган км байсан бол 2035 он гэхэд 70 мянган км болгон нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Хятадын төмөр зам үндсэн найман хэвтээ, найман босоо, нийт 16 шугамтай юм.

БНХАУ Монгол Улстай төмөр замаар Эрээн хот боомтоор холбогддог ба 9 дүгээр сарын байдлаар төмөр замын газрын зургаа шинэчилжээ. Шинэчилсэн газрын зурагт Рашаан, Хатавч, Сэхэ гэсэн боомтоор манай улстай холбогдох боломжтой байна.