Н.АРИУНТУЯА
ariun@mininginsight.mn
Энэхүү графикаас Уншигч та Монголын уул уурхайн өсөлт, бууралт энэ салбарт хөдөлмөр эрхэлдэг эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж ирснийг харж байна. Уул уурхайн салбар өсөлттэй жилүүдэд эмэгтэйчүүдийн ажлын байр нэмэгдэж, харин буурсан жилүүдэд илүүтэй цомхотголд өртөж иржээ.
2010-2012 он бол Монголын уул уурхайн салбар хамгийн өндөр өсөлт үзүүлсэн жилүүд. 2013 оноос эхлэлтэй дэлхийн эрдсийн захын уналтын улмаас уул уурхайн өндөр өсөлтийн эрч саарсаар дараа дараагийн жилүүдэд гүн хямарсан билээ. Тэр дундаа нүүрсний салбарын гялалзсан үзүүлэлт эрчимтэй унасаар томоохон экспортлогч уурхайнууд үйл ажиллагаагаа дөнгөж эхлүүлж асан 2009 оны түвшинд хүрсэн удаатай. Уналт 2016 он дуустал үргэлжилсэн. Үндсэндээ 2014-2016 он бол уул уурхайн салбар зогсонги байдалд орсон он жилүүд юм. Харин 2017 оноос зах зээл сэргэхийн хэрээр уул уурхайн салбар ч өсөж эхэлсэн ба 2019 онд хамгийн өндөр өсөлт үзүүлж байлаа. Гэвч 2020 онд Ковид 19 цар тахлын улмаас уул уурхайн салбар эргээд буурав. Энэхүү арван жилийн мөчлөгт уул уурхайн салбар өсөхдөө эмэгтэйчүүдэд эергээр, унахдаа харин сөргөөр нөлөөлж ирсэн хачирхалтай гэхүйц үзүүлэлт таны өмнө байна. 2014 оны уул уурхайн салбарын уналтын жилд өмнөх онтой нь харьцуулахад уул уурхайн салбарт ажлын байр 17.8 хувиар буурчээ. Үүнээс эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 13.6 хувиар буурсан бол эмэгтэйчүүдийнх 36 хувиар буурсан байна.
2020 оны цар тахлын жилд уул уурхайн салбарын ажлын байр 13 хувиар буурсан бөгөөд эрэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлт 7.4 хувиар, эмэгтэйчүүдийнх 34 хувиар буурчээ. Харин уул уурхай өсөлттэй жилүүдэд эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн ажлын байрны өсөлт эн тэнцүү, зарим тохиолдолд эмэгтэйчүүдийн ажлын байр илүү өсөлттэй гарсан байна. 2013 онд өмнөх онтой нь харьцуулахад эмэгтэйчүүдийн ажлын байр 49 хувиар, эрэгтэйчүүдийнх 48 хувиар өссөн бол 2019 оны өсөлтийн жилд эрэгтэйчүүдийн ажлын байр 2752-оор буурч, эмэгтэйчүүдийн ажлын байр 2465- аар нэмэгджээ. Ялангуяа 2019 онд эрэгтэйчүүдийн ажлын байр буурч, эмэгтэйчүүдийнх нэмэгдсэн тунчиг сонирхолтой үзүүлэлт харагдаж байна. 2019 оны өсөлтийн жилд 11607 эмэгтэй уул уурхайн салбарт ажиллаж байсан нь өнгөрсөн 10 жилийн түүхэнд хамгийн олон тооны эмэгтэй уул уурхайн салбарт ажилласан жил болж үлджээ. Эдгээр тоо баримтыг “Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” Монгол Улсын тайлангийн суурь судалгаанаас эшлэв. Уул уурхайн өсөлт, бууралт салбарт хөдөлмөр эрхлэгч эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буй нь уг тайланд дурдагдсан олон баримтаас онцолж авсан ганц л жишээ болно.
Дээрх судалгаа нь Монголын уул уурхайн салбар дахь жендэрийн суурь мэдээллийг 10 жилийн үзүүлэлтээр (2010-2020) нэгтгэн боловсруулснаараа ихээхэн үнэ цэнтэй юм. Тайлангийн мэдээллээс цааш үргэлжлүүлбэл, 10 жилийн хугацаанд салбарт ажиллаж буй эмэгтэйчүүдэд тооны хувьд ахиц дэвшил огтоос гарсангүй. Монголын уул уурхайн салбарт 2020 оны байдлаар 49,018 хүн ажиллаж байна. Үүний 15.6 хувь буюу 7,644 нь эмэгтэйчүүд. 2010-2020 оны хоорондох 10 жилд уул уурхайн салбарт ажиллагсдын тоо 47 хувиар нэмэгдсэн бол эмэгтэй ажиллагсдын тоо эсрэгээрээ 7 хувиар буурчээ. Түүнчлэн боловсрол, мэргэжлийн хувьд эмэгтэйчүүд харьцангуй давуу талтай байгаа ч компани болон салбарын төрийн байгууллагуудын удирдах албан тушаал буюу шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн эзлэх хувь бага, харин захиргааны гүйцэтгэх, туслах болон үйлчилгээний ажилд эмэгтэйчүүдийн хувийн жин илүү байна. Үндсэндээ ажиллах хүчний тогтолцоо дээд түвшиндээ эрэгтэйчүүдээр дүүрэн байна. Уул уурхайн салбарт ажиллагсдын хүйсийн тэнцвэрийг авч үзэхэд бүхий л ажил мэргэжлийн бүлэгт эрэгтэйчүүд давамгайлж байна. Цалин хөлсний тухайд ч эмэгтэйчүүдийн ахиц дэвшил мөн л идэвхгүй. ҮСГ-аас гаргадаг ажил мэргэжлийн үндсэн ангиллын дагуу 10 ажлын байран дээр эмэгтэйчүүд нэгээс бусад дээр нь эрэгтэйчүүдээс бага цалин авч байна. Эдгээр нь өмнө төдий л сөхөж гаргаж байгаагүй тоонууд юм. Илэрхий баримтыг лавшруулан харахад харин сэтгэл гонсойм. Эмэгтэйчүүдийн нийгэм, эдийн засаг, соёлын амьдралд оруулж буй хувь нэмэр, ажил үүргийн хуваарь ихээхэн өөрчлөгдөн хувьссан цаг үед бид амьдарч байна. Гэвч та бүхний харж байгаачлан Монголын уул уурхайн салбарт хүйсийн тэгш бус байдал давамгай, эмэгтэйчүүдийн үүрэг, оролцоо ихээхэн сул байна.
Уул уурхайн салбарын хөгжлийн хандлага, нийлүүлэлтийн сүлжээ салбар дахь эмэгтэйчүүдэд хэрхэн нөлөөлж буйг үнэлсэн “Эмэгтэйчүүд ба уул уурхайн ирээдүй” жендэрийн суурь судалгааг дэлхийн 9 оронд хийж нэгтгэсэн байна. Уг тайлангийн нэгтгэлд Монгол Улс багтсан бөгөөд Монголын тайланг НҮБХХ-ийн Байгаль орчны засаглал хөтөлбөрийн хүрээнд Монголын тогтвортой хөгжил, нийгмийн хариуцлагын зөвлөл (ТНЗ)- ийн Удирдах зөвлөлийн дарга О.Батболд боловсруулсан юм. Дээрх судалгаанд Монголоос гадна Аргентин, Австрали, Бразил, Канад, Гана, Перу, Өмнөд Африк, Швед улс багтжээ.
Гэхдээ суурь болгож авсан сүүлийн жил буюу 2020 он бол цар тахлын онцгой үе. Түүгээр шууд харьцуулалт хийж дүгнэх магадгүй өрөөсгөл. Тиймээс 2020 оноос хойш Монголын уул уурхайн салбарт хүйсийн тэгш оролцоог бүрдүүлэх чиглэлд хандлага хэрхэн өөрчлөгдөж буйг судалж үзүүштэй юм. Дээр дурдсанаас ихээхэн өөр дүр зураг ч гарч мэднэ. Ингэж хэлэхийн учир нь нийгмийн хөгжил, сүүлийн үеийн соёлын хандлага хийгээд цар тахлаас хойш санал болгох болсон уян хатан ажлын цаг, зайнаас ажиллах боломж, Хөдөлмөрийн шинэ хуулийн 14/14 хоногийн зохицуулалт зэрэг гадаад, дотоод хүчин зүйлс уул уурхайн салбарын өнгөрсөн хугацааны түүхийг багагүй өөрчилж байгаа. Энэхүү чиг хандлагын улмаас шинэ ажилтан авахдаа хүйсийн тэнцвэрийг харгалзана гэдгээ нээлттэй зарлаж, тэгш боломж олгох санаачилга гаргаж буй компаниуд зах зухаасаа гарч байна. Жишээ нь, “Оюутолгой” компани шинэ ажилтнуудын 50 хувьд эмэгтэй ажилтан авах зорилт зарлаад багагүй хугацаа өнгөрч байна. Түүнчлэн манай улсад сүүлийн жилүүдэд эмэгтэйчүүд томоохон хэлцэл, компани, бизнес, төслийн бүтээн байгуулалтыг гардан удирдах зэргээр чухал байр сууринд цөөн боловч гарч ирж буй эерэг ахиц дэвшил бий. Тэр тусмаа сүүлийн 3 жилд Монголын уул уурхайн томоохон компаниудын гүйцэтгэх удирдлагын түвшинд эмэгтэйчүүд хүчтэй гарч ирж байна.
Mining Insight сэтгүүлээс гаргасан жагсаалтаар “Оюутолгой” ХХК, “Рио Тинто Монгол”, “Монголын Алт” групп, “Монполимет” групп, “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК, “Ачит-Ихт” ХХК, “МоЭнКо” ХХК, "Бэрэн" групп, “Баялаг Энержи Ресурс” ХХК, “АУМ алт” ХХК зэрэг компанийг эмэгтэйчүүд удирдаж байна. Мөн уул уурхайн компаниудын мэргэжлийн хамгийн том холбоо болох Монголын Уул уурхайн үндэсний ассоциацийг эмэгтэй гүйцэтгэх удирдлага тэргүүлж байгаа. Компанийн ахлах, дээд түвшинд ажиллаж буй эмэгтэйчүүдийг тоочвол жагсаалт нэлээд урт болно. Эмэгтэйчүүдэд урам зориг хайрлаж, эрэгтэйчүүдийг уриалан дуудсан эдгээр жишээ эрчүүдийн салбар хэмээх тогтсон хандлагыг өөрчлөх, биднийг хойш чангааж буй хэвшмэл ойлголтыг залруулахад эерэг өөрчлөлт болж ирнэ гэх найдлага байна. Харин энэхүү нийтлэлд өнгөрсөн хугацааны дийлэнхдээ сөрөг, ахиц дэвшилгүй байгаа мэдээллүүдийг өлгөж авсан нь энэ талаар өмнө төдий л анзаарч байгаагүй уул уурхайн компани, байгууллагуудын хувьд хэвшсэн сөрөг ойлголтоо анзаараад, уламжлалт хандлагаасаа чөлөөлөгдөөсэй гэснийх. Маш дутуу ашиглагдаж буй нийгмийн баялаг болох эмэгтэйчүүдийнхээ хүч, бололцоог илүү гүн хараасай. Гэртээ ч, ажил дээрээ ч эмэгтэйчүүдээ дэмжээсэй, хүйсийн тэгш оролцооны боломжийг идэвхтэй эрэлхийлээсэй, ажлын байран дахь эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаа хамгийн бага түвшинд очоосой гэсэндээ өнгөрсөн 10 жилд суурилсан судалгаанаас цөөн баримтыг онцлон танилцууллаа.
Энэхүү нэгтгэсэн судалгааны үр дүнтэй дараах холбоосоор нэвтэрч танилцаарай.
Нэгтгэсэн тайлан: https://www.igfmining.org/resource/women-and-the-mine-of-the-future-global-report/?fbclid=IwAR21X-G24Ftz9c5b6eXalTkXGbBb900OErH8939_5KlnXgN1WEgTwHER1TE
Улс орнуудын тайлан: https://www.igfmining.org/resource/women-and-themine-of-the-future-country-reports/
Майнинг Инсайт сэтгүүл, №09 (022)