Э.ОД
Coal Mongolia 2022 чуулганы хүрээнд “Монголын эрчим хүчний нүүрсний экспортын потенциал ба эрчим хүчний төслүүд” сэдвийн салбар хуралдаан зохион байгуулагдлаа. Тус хурлаар илтгэгчид, дэлхийн хүн амын өсөлттэй холбоотой эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх, үүнийг дагасан нүүрсний эрэлт, худалдаа өсөж буй, мөн Парисын хэлэлцээрээс улбаалж дэлхий нийтийн буруу ойлголт хандлага, түүнчлэн Монголын эрчим хүчний нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулж экспортлох боломжийн талаар тодорхой ярьсан юм.
Салбар хуралдааны хамгийн сонирхолтой, басхүү шинэ санаа болон шийдэл дэвшүүлсэн илтгэлийг “Биг Могул фанд” компанийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнх танилцууллаа. Тэрээр “Эрчим хүчний нүүрс дараагийн 1 тэрбум ам.долларын салбар мөн үү” илтгэлдээ Монгол Улсын нүүрсний нийт нөөцийн 80 орчим хувь нь хүрэн нүүрс эзэлдэг. Арвин нөөц бүхий энэхүү төрлийн нүүрсийг орлого болгох 2 шийдэл байна. Нэгт, гадаад зах зээлд борлуулах буюу шууд экспортлох. Хоёрт, уурхайг түшиглэн цахилгаан станц байгуулж эрчим хүчээ экспортлох. Манай улсын томоохон боомтууд орчмын бүс нутаг хүрэн нүүрсний уурхай олон. Тухайлбал, Ар хашаат боомтын орчим 4, Бичигт боомтын орчим 6, Замын-Үүд боомтын орчим 8, Ханги боомтын орчим 5, Гашуунсухайт боомт орчим 6, Шивээхүрэн боомт орчим 5, Бургастай боомт орчим 5 уурхай байна. Ашиглалтад бэлтгэж буй хүрэн нүүрсний Баянбогд хэмээх томоохон уурхай удахгүй нээгдэнэ. Гашуунсухайт боомтоор Монголын коксжих нүүрсний гол экспорт хийгддэг ч сүүлийн үед “Эрдэнэс Тавантолгой” компани эрчим хүчний нүүрсний гэрээ байгуулж экспорт эхэлнэ гэсэн хүлээлттэй байна.
Ерөнхийдөө уурхайнууд 15 орчим сая тонн хүрэн нүүрс экспортлох чадамж бий бөгөөд энэхүү худалдаанаас жилд 900 орчим сая ам.долларын орлого экспортоос орж ирэх боломжийг онцоллоо. Хоёр дахь шийдэл болох цахилгаан эрчим хүч болгож экспортлох тухайд, жилд 30 сая кВатт цахилгаан БНХАУ-ын зах зээлд нийлүүлэх тооцоо гаргажээ. Ийм шийдлийн талаар өмнө нь олон жил ярьж ирсэн нь үнэн. Гэхдээ монголчууд бид эрчим хүчээ экспортлох Хятадын зах зээлийн бүтцийг дутуу ойлгож байсан гэж “Биг Могул фанд” компанийн Гүйцэтгэх захирал Б.Батмөнх үзэж байна. Өөрөөр хэлбэл, гол зах зээл Хятадын хамгийн том төслүүд төрийн өмчит компани дээр суурилдаг ба нэг цонхны бодлоготой улс. Тэгэхээр монголчууд бид эрчим хүчний нүүрсний аливаа төслүүдээ явуулахын тулд төр-хувийн хэвшил хамтарсан “Супер холдинг” байгуулж, энэ дотроо том 7 төслөө багтаах юм. Харин цахилгаан дамжуулах Монгол, Хятадын хамтарсан компани байгуулж эрчим хүчээ Хятадын зах зээлд экспортлох санал дэвшүүллээ. Ингэж Хятадын талтай ярилцах нь үр дүнтэй гэж харжээ. Тэгэхээр үлэмж нөөцтэй хүрэн нүүрс хэмээх “царцсан” хөрөнгө оруулалтыг амилуулах боломж монголчуудад бүрэн дүүрэн байгааг тэрээр тэмдэглэв.
Хуралын эхэнд, DMT гурппын Төсөл, борлуулалт хариуцсан менежер Т.Маргад “Эрчим хүчний нүүрсний ирээдүй-сорилт ба боломж” илтгэлийг танилцуулсан юм. Тухайн илтгэлд, дэлхийн эрчим хүчний эрэлт болоод нийлүүлэлтийн талаарх дэлхий нийтийн ойлголт буруу, улмаар хөрөнгө оруулагчид эрчим хүчний нүүрснээс зайлсхийж байна. Гэтэл улс орнуудын хүн ам өсөж буйтай холбоотой эрчим хүчний хэрэглээ нэмэгдэх хандлагатай. Тухайлбал 2015-2050 онд дэлхийн хүн амын тал хувийг дараах 9 улс эзэлнэ. Энэ нь Энэтхэг, Нигер, Пакистан, БНАКонго, Этиоп, Танзани, АНУ, Индонез, Уганда гэнэ. Сүүлийн жилүүдэд Ази болон Африкийн орнуудын суурь хэрэглээ өсөж буйтай холбоотой эрчим хүчний хэрэгцээ шаардлага ихээхэн үүсэж байна. Хөгжиж буй улс орнууд “хөгжих” тусам эрчим хүчний эрэлт хэрэгцээ, дагаад эрчим хүчний үйлдвэрлэлүүд дэх ачаалал нэмэгдэж буй аж.
Монгол Улсын эрчим хүчний нүүрсний нөөц болоод экспортод гаргах боломжийн талаар АМГТГ-ын Уул уурхайн хэлтсийн дарга М.Мэндбаяр илтгэлээ. Манай орны эрчим хүчний нүүрсний гол нөөц Төв аймаг 7.8 тэрбум, Өмнөговь аймаг 7.2 тэрбум, Хэнтий аймаг 3.7 тэрбум тонн байна. Зүүн, төв болон говийн бүсийн хойд нутгаар хүрэн нүүрс зонхилдог хойд, баруун, хангай, говийн бүсэд чулуун нүүрсний нөөцтэй. Антрацит нүүрсний нөөцөөр Өмнөговь, Дорноговь баялаг юм. Энэ оны есдүгээр сарын байдлаар нүүрсний салбарт нийт 177 аж ахуйн нэгж ашиглалтын 307 тусгай зөвшөөрөл эзэмшиж буй. Тэр дундаа эрчим хүчний нөөцтэй 146 аж ахуйн нэгжийн ашиглалтын 246 тусгай зөвшөөрөл байна. Сүүлийн жилүүдэд нүүрсний нийт олборлолтод эрчим хүчний нүүрсний хэмжээ өөрчлөгдөөгүй хэвээр бөгөөд дийлэнхийг дотоодод хэрэглэж байгаа юм. Гашуунсухайт, Шивээхүрэн, Замын-Үүд, Булган, Бичигт, Ханги боомтоор бүх төрлийн нүүрс экспортолж байна.
Ийн Монголын эрчим хүчний нүүрсний гол зах зээл дотоодын зах зээл байж ирсэн бол одоо гадаад зах зээлд экспортлох боломж үүсэж байна. Боомтын хүчин чадал, тээвэр логистик бүрдвэл ихээхэн нөөцтэй эрчим хүчний нүүрсийг эдийн засгийн эргэлтэд оруулж, улсын орлогыг нэмэгдүүлэх нэгэн салбар өндийх боломжтой аж.